УИХ-ын нэр бүхий гишүүд болон төрийн бус байгууллагын төлөөллүүд 2018 оны нэгдүгээр сарын 10-нд болох “МАНАН дэглэмийн эсрэг бүх нийтийн жагсаал”-ын талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Бид сэтгэл хөдлөлөөр ийм зүйл хийгээгүй. Өнөөдрийн нөхцөл байдлыг үнэлж дүгнээд Монголын хөгжилд үүнээс өөр гарц байхгүй гэж үзлээ. 2018 оны 12 дугаар сарын 27-ны жагсаалыг хараад нэг л зүйлийг ойлгосон. Тэнд биднийг дэмжсэндээ эсвэл М.Энхболд гэдэг хүнийг эсэргүүцсэндээ ард түмэн цуглаагүй. 28 жилийн турш бий болсон баялгийн тэгш бус хуваарилалтаас болж ядууралд хүрсэн Монголчуудын тэвчээр алдагдсан учраас босож жагссан юм. Энэ удаад бид Төв талбайд гэр барьж, суулт хийнэ" гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Нэг сарын 10-нд бидний хамгийн том тэмцэл эхэлнэ. Үүнд зориулан бид хууль хүчний байгууллагынхантай уулзаж байгаа. Цагдаа, цэрэг, зэвсэгт хүчний байгууллагууд ард түмнээ хамгаалж, тэдний талд зогсоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа. Би өмнө нь олон жагсаал зохион байгуулж байсан. Энэ үеэр цагдаа, зэвсэгт хүчнийхэн ард түмний эсрэг байсан үе бий. Гэхдээ одоо бол тийм биш. Тэд ард түмнийхээ талд зогсоно. Энэ бол агуу том дэвшил юм шүү. Өнөөдөр жирийн иргэн 2 сая төгрөгийн ч зээл авч чадахгүй байгаа. Гэтэл саяхан МАНАН бүлэглэлийн нэг гишүүн банкнаас барьцаагүйгээр 20 тэрбум төгрөг аваад гарсан байна лээ. Тийм учраас бид энэхүү бүлэглэлтэй хатуу тэмцэх ёстой юм" гэв.
УИХ-ын гишүүн Л.Болд "Өвлийн хувцастай 3000 хүн дахиж ирэн Төв талбайг дүүргэнэ. Энэ удаа талбай дээрээс тараад явахгүй. Гэр барьж улс төрийн суулт хийнэ" гэсэн юм.