Монгол Улсын Эрчим хүчний яам болон “Оюу толгой” ХХК хамтран Тавантолгойн цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговь аймгийн зарим сумдаар дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Оюу Толгой компани уул уурхайн үйл ажиллагаандаа шаардлагатай эрчим хүчээ 100 хувь дотоодоос авах суурь тавигдаж байгаа юм. “Оюу толгой” ХХК БНХАУ-аас 100 гаруй МВт-ын цахилгаан эрчим хүчийг импортлон авч байгаа. Энэ нь 160-170 орчим сая доллар. Нийт авч байгаа эрчим хүч нь манай улсын хэрэглээний 20 хувьтай тэнцэнэ. 2019 оноос эхлэн Оюу толгой эрчим хүчний хангамжийн тодорхой хэсгийг Монгол Улс дотооддоо хангаж эхэлнэ. Улмаар 2023 оноос 100 хувь хангадаг болсноор 200 гаруй сая ам.долларыг эх орондоо авч үлдэнэ. Станц баригдсанаар “Рио Тинто” хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ” гэлээ.
Эрчим хүчний энэхүү гэрээг үзэглэсэн нь Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, холбогдох дэд бүтцийг барьж байгуулах УИХ-ын 2018 оны 73 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Монгол Улсын Өмнөд бүсийн эрчим хүчний хангамжийг дотоодын эрчим хүчээр бүрэн хангаж, “Оюу толгой”-н уул уурхайн үйл ажиллагааг урт хугацаанд тогтвортой явуулах, эрчим хүчийг нэмэгдүүлэхэд чухал алхам болж байгаа ажээ.