Монгол Улсын жилийн инфляц өнгөрсөн сарын эцсийн байдлаар 8.1 хувьд хүрлээ. Тэгвэл Улаанбаатар хотын жилийн инфляц 9.3 хувьд хүрч, хоёр оронтой тоо руу дөхөв. Үүнээс нэг сарын өмнө улсын инфляц 6.3 хувьд хүрээд байсан юм. Инфляц буюу өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сарын хугацаанд бараг хоёр хувиар “дэвхэрсэн” нь энэ. Шатахууны үнэ өнгөрсөн намар огцом өссөн, ам.долларын ханш чангарсан, мөн нүүрс, түлээний өртөг нэмэгдсэн. Эдгээр нь инфляц огцом өсөх шалтгаан болсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Монголбанк өнгөрсөн онд инфляцын түвшнийг найман хувиас хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан. Оны эцэст жилийн инфляц есөн хувьд хүрэх магадлалтай байна. Улаанбаатар хотын инфляц хоёр оронтой тоонд хүрэх магадлал тун өндөр. Тэгэхээр Төвбанкны зорилт биелэхгүй нь бололтой. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлд ирэх жил инфляцын түвшнийг мөн л найман хувиас хэтрүүлэхгүй байлгах зорилт тавьсан. Тэгэхээр монголчууд ирэх онд энэ жилийнхтэй адил хэмжээгээр бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг мэдрэх нь.
Энгийнээр хэлбэл, 100 төгрөгөөр худалдаж авдаг барааны тань үнэ энэ онд 109 болж өссөн бол ирэх жил 120-д хүрэх нь байна.
Инфляц жилд 4-6 хувиар өсвөл эдийн засаг эрүүл байна гэсэн онол бий. Үүнээс давбал үнийн өсөлт иргэдийн амьдралд дарамт болж эхэлдэг. Инфляц хоёр оронтой тоо руу дөхөж байгаа нь иргэдийн амьдралд аль хэдийн дарамт болоод эхэлсний илэрхийлэл юм. Манай улсын инфляц зохих түвшнээс 3-4 хувиар хэтэрчихсэн байна. Инфляцын өсөлттэй зэрэгцээд иргэдийн орлого нэмэгдэж байвал амьдралд нь дарамт болох нь бага. Гэвч манай иргэдийн орлого, зарлагаасаа бага учраас инфляцад ихээхэн мэдрэмтгий байдаг. Өөрөөр хэлбэл, инфляц өсөх тусам орлого нь зарлагадаа хүрэхгүй, цаашлаад ядуурдаг гэсэн үг.
Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр энэ оны гуравдугаар улирлын байдлаар манай улсын өрхийн дундаж орлого нэг сая төгрөгт хүрчээ. Энэ дүн бол жилийн өмнөхөөс ес орчим хувиар өссөн үзүүлэлт. Өрхийн орлого инфляцтай ойролцоо хувиар өсжээ. Тэгвэл өрхийн дундаж зарлага дээрх хугацаанд 1.1 сая төгрөгт хүрсэн байна. Уг үзүүлэлт жилийн өмнөхөөс 10.2 хувиар өссөн байна. Товчхондоо, инфляц л өрхийн зардлыг нэмж байгаа. Инфляцаас шалтгаалж өрхийн зардал нэмэгдэхгүй, харин орлого нь өсөж байвал иргэдийн амьдралын чанар дээшилнэ. Өрхийн зардал өндөр хувиар нэмэгдэж байгаа нь инфляцын өсөлт иргэдийн халаасыг “тэмтрээд” эхэлсний шинж. Тэгэхээр инфляцыг бага, харин орлогыг өндөр хувиар өсгөх бодлого хэрэгжүүлбэл монгол хүний амьдралын чанар дээшлэх учиртай. Өндөр инфляцад дөрлүүлсээр байвал хангалуун, сайхан амьдрахад бэрх.
Бэлтгэсэн: Т.Энхбат
Инфляц сүүлийн хоёр сард идэвхжихэд хатуу түлш (нүүрс, мод), шатахуун, махны үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Эдгээр бүтээгдэхүүн Улаанбаатар хотын жилийн инфляцын таван нэгж хувийг дангаар бүрдүүлж байна.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.ТҮМЭНЦЭНГЭЛ: Инфляцыг одоо бага түвшинд барих зорилт нь оновчтой бишМонголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй ярилцлаа.
-Жилийн инфляц улсын хэмжээнд 8.1, Улаанбаатар хотод 9.3 хувьд хүрлээ. Иргэд инфляцын өсөлтийг өндөр гэж үзэж байна. Тэгвэл Монголбанк ямар байр суурьтай байгаа вэ?
-Монголбанкны хувьд инфляцыг дунд хугацаанд найм орчим хувьд тогтворжуулах зорилттой, ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлдэг. Ингэхдээ эдийн засгийн эрэлт талыг голлон анхаарч, инфляцын дарамтгүй бодит өсөлтийг тогтвортой хадгалахад мөнгөний бодлого чиглэдэг юм. Инфляц зарим сард эрэлт, нийлүүлэлтийн гэнэтийн шалтгаанаар дээш, доош хэлбэлзэх тохиолдол бий ч эргээд зорилтот түвшин рүү нь тогтворжуулах бодлого хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Энэ оны хувьд нэг талаас эдийн засаг идэвхжиж буй нь үнийн өсөлтөөр илэрхийлэгдэж байна. Үүнийг ДНБ-ийнхээс гадна өрхийн бодит орлого, импортын хэрэглээний өсөлт зэрэг индикаторт илэрхийлж байгаа. Эдийн засаг сэргэсэнтэй холбоотойгоор эрэлтийн шинж чанартай инфляц нэмэгдсэн ч харьцангуй “даруухан” түвшинд хадгалагдаж байна. Халалтын шинж эдийн засагт илрэх болоогүй гэсэн үг. Харин нөгөө талаас үнийн түвшнийг ингэж өсгөж байгаа гол зүйлс нь гадаад зах зээл, эсвэл улирлын хандлагаасаа зөрсөн нийлүүлэлтийн шинж чанартай бараа бүтээгдэхүүний нөлөө гэж харж байгаа.
-Инфляц өсөхөд ямар бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн бэ. Шатахуун, валютын ханшийн өсөлт инфляцад хэрхэн нөлөөлсөн бол?
-Инфляц өнгөрсөн аравдугаар сард улсын хэмжээнд 6.3, Улаанбаатарт 6.9 хувь байсан. Тэгвэл арваннэгдүгээр сард 8.1, 9.3 хувь болж өслөө. Ийнхүү нэмэгдэхэд хатуу түлш, шатахуун, махны үнийн өсөлт голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, Улаанбаатар хотын инфляцыг тооцоход 370 гаруй бүтээгдэхүүний үнийн өсөлтийг авч үздэг ч зөвхөн дээрх бараа бүтээгдэхүүн инфляцын таван хувийг эзэллээ. Нэгдүгээрт, хатуу түлш буюу хэрэглээний нүүрс, модны хувьд хүйтний улиралд үнэ нь өсөөд, дулааны улиралд эргээд буурдаг улирлын онцлогтой тул инфляцыг удаан хугацаанд өдөөх эрсдэл бага. Хоёрдугаарт, шатахууны үнийн хувьд дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн ханшийн өсөлтийг даган дотоодын бензиний үнэ өссөн. Дэлхийн зах зээл дэх түүхий нефтийн үнэ аравдугаар сарын эхэн үе хүртэл хурдтай өсөж, баррель нь 80 ам.доллар хүрээд байсан. Тэгвэл сүүлийн сар гаруйн хугацаанд буурч, баррель нь 50 ам.доллар боллоо. Энэ сард дотоодод шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулсан нь инфляцыг 0.3 нэгж хувиар бууруулах нөлөөтэй гэж тооцож байгаа. Гуравдугаарт, махны үнэ жил бүр 6-7 дугаар сараас эхлэн он дуустал хямдардаг зүй тогтолтой. Тэгвэл энэ жил наймдугаар сараас хойш эргээд өсөх хандлага ажиглагдаж, намраас хойш инфляц өсөхөд нөлөөллөө. Харин ханшийн өөрчлөлт нь одоогоор инфляцад жинтэй нөлөө үзүүлээгүй байна.
-Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд ирэх онд инфляцын өсөлтийг найман хувь орчимд байлгах зорилт тавьсан. Үүнээс бага түвшинд байлгах эдийн засаг, санхүүгийн нөхцөл байхгүй гэж үзэж байна уу?
-Инфляц зөвхөн тухайн үеийн эдийн засгийн гадаад болон дотоод нөхцөл байдлаас гадна манай орны эрс тэс уур амьсгал, үйлдвэрлэх чадавх, хүн амын орлогын түвшин, хэрэглээ, хандлага гэх мэт суурь онцлогоос хамаардаг. Түүнчлэн макро бодлого, институц, дэд бүтцийн хөгжлийг ч давхар илэрхийлэх зүйл. Өөрөөр хэлбэл, нефтийн үнийн хэлбэлзэл, эсвэл ургац хураалт, импортын бүтээгдэхүүн, монголчуудын хэрэглээний онцлог, төмөр замын тээвэрлэх хүчин чадал, эдийн засгийн өсөлт, төсөв болон мөнгөний бодлого гээд бүх зүйл инфляцад тусгалаа олдог гэсэн үг. Манай улсын инфляц 2007-2016 оны 10 жилийн дунджаар 10 орчим хувьтай байсан. Эдийн засгийн идэвхжил саарч, дефляц руу орж байсан 2016 оныг хамааруулаад тэр шүү дээ. Энэ хугацаанд инфляц 30 хувь давсан сарууд ч байсан бол үнийн түвшний бууралт үргэлжилж, хасах руу орсон үе ч бий. Эндээс Монголын инфляц харьцангуй өндөр бөгөөд савлагаа ихтэй байдаг гэж дүгнэж болно. Өмнө хэлсэнчлэн инфляц нэлээд олон зүйлийн тусгал болдог тул шууд дөрвөн хувьд ч юм уу, бага байлгая гэдэг зорилт тавивал бодитой бус. Энэ нь тийм ч оновчтой бодлого болохгүй. Нэгэнт үнийг өсгөх олон хүчин зүйл байхад зөвхөн мөнгөний бодлогыг хэт чанга байлгах замаар үнийн түвшний өсөлтийг бага байлгана гэвэл бодит эдийн засгийг боомилсон хэрэг болно. Иймээс эхний ээлжинд инфляцыг найман хувьд тогтворжуулах, цаашид дунд хугацаанд шат дараатай буулгах стратеги хэрэгжүүлж байгаа гэж ойлгох хэрэгтэй.
-Инфляцын өсөлтийг сааруулахын тулд Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэдэг вэ?
-Гурван үндсэн зүйлийг нэрлэж болно. Нэгдүгээрт, Засгийн газар төсвийн орлого, зарлагаа оновчтой удирдах нь инфляцын дарамтгүй өсөлтийг бий болгох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд маш чухал. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тогтмол мөрдөх, орлого ихтэй үед хуримтлал үүсгэх хэрэгтэй. Эдийн засгийн “уналтын” үед хуримтлалаа ашиглах нь эдийн засаг болон үнийн тогтвортой байдалд эерэг нөлөөтэй. Хоёрдугаарт, татварын бодлогоор зарим оновчгүй хэрэглээг хязгаарлах, экспортын төрөлжилт болон импортыг орлох салбарыг дэмжих бодлого чухлаар тавигдана. Гуравдугаарт, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх бүтцийн бодлого чухал. Үүнд өмнө ярьсан эдийн засгийн төрөлжилт, импортыг орлох үйлдвэрлэлийн бодлого ч хамаарна. Мэдээж экспортын орлого тогтвортой, импортын хэрэглээ зохистой байх нь эдийн засаг, цаашлаад үнийн тогтвортой байдалд нөлөөлөх нэг суурь хүчин зүйл болно. Мөн зам дэд бүтэц, бүтээмжийг сайжруулах бүтцийн бодлогууд ч тээврийн зардал, үр ашгаар дамжаад үнэд нөлөөтэй.
Бэлтгэсэн: Т.Энх
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
“Иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан”
Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг сурвалжиллаа. “Хоёрхон долоо хоногийн өмнө 4900 төгрөгөөр авсан шүү дээ. Тэр үнээрээ өгчих л дөө” хэмээн худалдагчийг царайчлан зогсох эмэгтэй гурван хүүхэдтэй, өрх толгойлсон ээж аж. Өмнө нь 20 000 төгрөгт тааруулж авсан ямааны ястай мах нь дуусаж, дахин иртэл үнэ нь 5500 болж өсжээ. Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суудаг Б.Оюунбилэг “Долоо, долоо хоногоор л барааны үнэ өсөх боллоо. Би хүүхдүүдээ харахын хажуугаар цагийн ажил хийдэг учир цалин бага. Хүнсний бүтээгдэхүүнээ ихэвчлэн бага хэмжээгээр л худалдаж авдаг. Бөөнөөр нь авах чадалгүй. Нөхөр минь эрт нас барсан, тусалж дэмжих хүнгүй ядаж явахад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь бүр ч дарамттай юм” хэмээн уцаарлангуй хэллээ. Тэрбээр хоёр долоо хоногийн өмнө дээрх үнээр дөрвөн кг мах авсан бол өнөөдөр 3.5 кг-ыг л авч дийлэв. Ингэснээр түүний гэр бүлийн нэг өдрийн хоол хорогдсоныг тэрбээр онцолсон. Айл өрхүүд дан ганц махаар хоол хийхгүй. Төмс, гурил, будаанаас авхуулаад хэрэгцээт бүтээгдэхүүн олон.
Одоогоор “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд нэг кг төмс 1000- 1500, байцай, сонгино, лууван 1200-1500 төгрөгийн үнэтэй байна. Үнэ нь хамгийн их өссөн барааг сүү, будаа “тэргүүлж” байгаа гэхэд болно. 2017 оны мөн үед нэг литр сүү дунджаар 2340 байсан бол өнөөдөр энэ үнэ 400 төгрөгөөр өсөөд буй. Үнийн өсөлтийг худалдагчид шатахуун, юанийн ханштай холбон тайлбарлаж байлаа. “Алтжин бөмбөгөр” худалдааны төвд лангуу түрээслэгч З.Бүрнээ “Би гоймон, будаа зэргийг үйлдвэрийн үнэ дээр нь 50-100 төгрөг нэмж зардаг. Түүнээс илүү нэмэх боломж ч алга. Иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан. Худалдан авах чадвар сайтай иргэд ихэнхдээ таван кг-аар савласан будаа авдаг. Олонх хүн нэг, хоёр кг-аар л будаагаа “зөөж” байна. Ингэх нь ч аргагүй. Урд хөршөөс 66 юаниар авдаг байсан будаа 68-70-д ирж байна. Тиймээс бид хуучин үнээр нь зарж чадахгүй шүү дээ. “Алтан тариа”, “Лапша” зэрэг гоймонг өмнөх жил дандаа таван кг-аар нь борлуулдаг байлаа. Жижиг савлагаатайг авдаг хүн ховор байсан бол энэ жил эсрэг дүр зураг ажиглагдаж байна. Гоймонгийн үнийг ч 50-100 төгрөгөөр нэмсэн. Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор бидний түрээсийн төлбөрийг ч зургаан хувиар нэмлээ. Энэ зардлаа нөхөхийн тулд бөөний үнэ дээр дахин ганц, хоёр зуун төгрөг нэмэхээс өөр аргагүй. Ер нь л иргэдийн амьдрал тартагтаа тулж байна шүү дээ” гэв. Түүнд будаа, гоймон зэргийг нийлүүлдэг “Агь” компанийн борлуулагч Б.Цогзолмаатай утсаар холбогдон, барааныхаа үнийг яагаад нэмсэн талаар тодруулахад “Гурилын үнэ өссөн” хэмээв.
Хүнсний ногоо борлуулагч С.Лхагвасүрэн “Энэ жил ногооны үнэ харьцангуй хямд байна. Өнгөрсөн жил ургац муу байсан тул кг шар манжин 7000 төгрөгийн үнэд хүрсэн. Одоо шар манжин 1500, төмс 1000-тай л байна. Гэвч иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан. 15-20 кг-аар авдаг хүн ховордож, төмсийг цөөнөөр, ширхэглэж авдаг хүн олширсон. Уг нь нэг шуудай төмс 36 000 төгрөг болдог” гэлээ.
Бэлтгэсэн: Г.Баясгалан
БАЙР СУУРЬ
Инфляцын өсөлтийн талаарх байр суурийг нь зарим судлаачаас сонирхлоо.
Тогтвортой ажлын байр, орлогын эх үүсвэр хэрэгтэй
Ж.ДЭЛГЭРСАЙХАН (СЭЗИС-ийн зөвлөх, эдийн засагч):
-Инфляц нь таваар, үйлчилгээний хомсдолоос, эсвэл эдийн засаг өсөж, иргэдийн орлогын хэмжээ нэмэгдсэнээс бий болох үндсэн шалтгаантай. Мөн мөнгөний нийлүүлэлтийн түвшнээс хамаарч болно. Уг нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эдийн засагт тодорхой хэмжээгээр байх ёстой гэж би хувьдаа үздэг. Энэ нь зах зээл эрүүл байгааг харуулж буй хэрэг. Зарим улс оронд инфляцыг өсгөх, дефляц болохоос сэргийлсэн арга хэмжээ авч байдаг нь ч үүнтэй холбоотой.
Гэхдээ бараа, үйлчилгээний үнэ, чанар, иргэдийн бодит орлого хамт өсөх учиртай атал Монголд үнэ өсөөд нөгөө хоёр хүчин зүйл нь нэмэгдэхгүй байна. Энэ нь инфляцыг маш сөрөг зүйл мэтээр харуулаад байгаа юм. Манайд ханшийн өсөлт амьдрал, худалдан авах чадварт нь нөлөөлдөггүй хэсэг байхад дарамтад өртдөг нь хүн амын 40 орчим хувийг бүрдүүлж байгаа болов уу. Өөрөөр хэлбэл, инфляц эдийн засагт байвал зохих үйл явц боловч орлого багатай иргэдэд илүүтэй санхүүгийн дарамт учруулдаг. Тиймээс төрөөс бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг барих, тогтворжуулах гэхээс илүүтэй иргэдэд тогтвортой ажлын байр, орлого олох эх үүсвэрийг нь бий болгож өгөх хэрэгтэй. Ингэж чадвал иргэд үнийн өсөлтийн дарамтад өртөхгүй амьдрах боломж бүрдэх юм.
Үнийн өсөлт нэг оронтой тоонд байгаа нь муу биш
Д.БАТСҮХ (Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын үнийн албаны ахлах шинжээч):
-Инфляц өсөж буй ч нэг оронтой тоонд байгаа нь тийм ч муу биш. Энэ жил бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нийт өрхийн хэрэглээний сагсанд багтах 370 орчим таваарын 47 хувийг импортоор авдаг нь нөлөөлжээ. Учир нь валют болон шатахууны ханш нэмэгдэхэд л импортын барааны үнэ өсчихөж байгаа хэрэг. Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын байдлаар инфляц 8.1 хувьд хүрсний 38.5 хувьд импортын бүтээгдэхүүний үнэ өссөн нь нөлөөлсөн. Нийслэлд 9.3 хувьд хүрсэн инфляцын 31.3 хувийг мөн л импортын бүтээгдүүний үнийн нэмэгдэл эзэлж байгаа юм.
Түүнчлэн манай улсад бараа, бүтээгдэхүүний үнэ улирлын чанартай өсөж, буурдаг. Тухайлбал, махны үнэ буурах үед инфляц бага байдаг ч энэ жил махны нийлүүлэлт хомс байгаа тул жилийн аль ч үед үнэ нь төдийлөн хямдарсангүй. Үүнд ямар нэгэн байдлаар нөлөөлөх, үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авах нь богино хугацаанд үр дүнтэй харагдавч урт хугацаанд өгөөжгүй юм. Бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ олон шалтгааны улмаас алгуур, тогтмол нэмэгдэж байдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Үүний эсрэг албадан зохицуулалт хийх боломжгүй, харин иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл бий болгох, эдийн засгийг тэлэх замаар тэмцэх нь зүйтэй.
Байж боломгүй зүйл мэтээр ойлгох нь өрөөсгөл
Г.БОЛОРМАА (МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш):
-Жил бүр иргэдийн орлого, цалин, тэтгэвэр, тэтгэмж их, бага хэмжээгээр нэмэгддэг. Манай улсын эдийн засаг 2017 оноос хойш тогтвортой тэлсээр байна. Энэ хэрээр иргэдийн худалдан авах чадвар сайжирч, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ч өсдөг. Мөн гадаад хүчин зүйл, улирлын шинж чанар ч өсөлтөд нөлөөлдөг. Харин эл өсөлт жилд хэдэн хувиар нэмэгдэхэд ямар орлоготой хүн, эсвэл өрхөд хэрхэн нөлөөлснийг тооцон, инфляцын иргэдийн амьжиргаанд үзүүлж буй бодит байдлыг дүгнэх хэрэгтэй. Зах зээлийн зарчмаар “явж” буй үнийн өсөлт, эрэлт, нийлүүлэлтийн хэмжээг “барихыг” оролдох, инфляц байж боломгүй зүйл мэтээр нийтэд ойлгуулахыг хичээх нь өрөөсгөл. Зарим улстөрч ямар ч бодлого, тооцоогүйгээр байгууллага, аж ахуйн нэгжийг инфляцын өсөлтөд буруутган иргэд ч зах зээлийн зарчмыг хэн нэгэн тогтоодог мэтээр буруу ойлгодог. Манай улсын эдийн засгийн өнөөгийн байдал, үйлдвэрлэлийн хүчин чадал, иргэдийн амьжиргааны түвшин, худалдан авах чадварт инфляц аюул дагуулах хэмжээнд хүрсэн гэж бодохгүй байна.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Төрийн бодлогоос хамааралтай түвшин
Инфляцын түвшин нь тухайн улсын эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг. Зах зээлийн эдийн засагтай, хөгжингүй бүх улс инфляцын түвшнээ байнга тооцож, хянадаг нь нийгэмд болж буй үйл явцын тусгал, ихэнх тохиолдолд явуулж байгаа төрийн бодлогын хэмжүүр болдогтой холбоотой. Улирч буй онд дэлхийн 196 орныг багтаасан жагсаалт (өнгөрсөн сарын үзүүлэлт)-аас харвал Венесуэлийн инфляц “хар” дээд амжилт тогтоосоор байгаа төдийгүй эхний 11 сард бараа, бүтээгдэхүүний үнэ нь 702 мянган хувиар өсжээ. Өнгөрсөн сард инфляц нь 144.2, жилийнх нь бараг 1 300 000 хувь болсныг Олон улсын валютын сангийн мэдээлэл нотлов. Тус улсын дараа орж буй Суданы инфляц 69, Аргентиных 48, Өмнөд Суданых 41.8, Ираных 39.9 хувь аж. Судан улс зэвсэгт мөргөлдөөнөөс ангижирсан хэдий ч олон улсын байгууллагуудаас авсан өрөндөө “баригджээ”. Аргентин болон бусад улс ч гадаад өрийн улмаас инфляцдаа “дарамтлагдсан” аж. Тэгвэл АНУ-ын хэрэглээний үнэ өнгөрсөн сард өмнөхөөсөө 0.3 хувиар өссөн байна. Мөн Төвбанк нь бодлогын хүүгээ нэмэх шийдвэр гаргасан ч инфляц нь 2.2 хувьтай гарчээ. Тус банк энэ жил ийнхүү дөрвөн ч удаа нэмсэн бодлогын хүү нь ирэх жил ч өссөөр, гурван хувь давна гэж ажиглагчид үзэж байна. Дээрх жагсаалтаас үзвэл манай улсын инфляц 8.1, умард хөршийнх 3.8, өмнөдийнх 2.2 хувьтай байна.
Бэлтгэсэн: З.Амгалан