Өчигдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай хуралдсан. Уг нь хурлын өмнөх өдөр нь сурвалжлах сэтгүүлчдийн нэрсийг бүртгэж авсан ч оройн 22.00 цагийн орчимд гэнэт хаалттай хуралдахаа зарласан. Ийнхүү Бага хурал болсон ч хэвлэлийнхнийг хаалгаараа оруулсангүй, таг түгжсэн юм.
Хэвлэлийнхэн гадаа -20 градусын хүйтэнд өдөржингөө хүлээсэн ч хаалгаа нээж өгөөгүйгээр барахгүй хэвлэлийн албаараа дамжуулан нэг талыг барьсан мэдээлэл өгч байсныг хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүд эсэргүүцэн МАН-ын Бага хурлын мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэг "МАН өчигдөр хэт нэг талыг барьсан мэдээлэл гаргалаа. Бага хуралд эхлээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж, араас нь УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн. Гэтэл зөвхөн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг л хэвлэлийнхэнд өглөө. Ингэж нэг талыг барьсан мэдээлэл түгээж болохгүй" гэсэн юм.