МАН-ын Бага хурлын үеэр УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг болон өөрийн алба ёсны твиттер хаягаараа жиргэсэн жиргээнүүдийг багцлан хүргэж байна. Тэрбээр
- Миний бие МАН-ын даргаар хоёр удаа ажиллахдаа хэн нэгний үгэнд, хэн нэгний ятгалгад орж өөрийнхөө бодлын, өөрийнхөө намын эсрэг үйл ажиллагаа зохион байгуулж байгаагүй гэдгийг хатуу хэлье.
- 2016 онд үнэмлэхүй ялалт авчраад өөрөө Ерөнхий сайд болоогүй нь буруу гэж намын дарга хэллээ. Бүгдээрээ ярилцаад шийдсэн. Харин У.Хүрэлсүх дарга та 2016 онд нэр дэвшээд намдаа нэг суудал авчирсан бол би тэр үед Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх боломжтой байсан.
- Хэнээс ч мөнгө авч албан тушаалд томилоогүй гэдгийг хариуцлагатай хэлье. Одоо үүнийгээ ил тод ярих цаг болсон. МАН-ын байрыг шатаагаад явж байсан Батзандантай нийлж МАНАН байгуулаад явж байгаа хүмүүс та нар шүү.
- 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн МАН, АН багууд нийлээд надруу дайрч эхэлсэн. Сонгуульд өрсөлдөж байхдаа сөрөг хүчиндээ хэлүүлээгүй муу үгээр хэлүүлж, журмын нөхөддөө сийчүүлж байна.
- Намын удирдлага зарим хүмүүсийг алдаа онооны төв болгож, харлуулах, гэр бүл, үр хүүхэд рүү нь дайрч, дэндүү улайран дайрч, маш их мөнгө зарж олон түмэнд буруу зөрүү ойлгуулах ажлыг зохион байгуулалттай хийж байна. Үнэн зөв нь олдоно гэдэгт итгэлтэй байна.
- Энэ танхимд 60 тэрбумын схемээр томилогдсон хүн байна уу. Байхгүй. Хууль хяналтын байгууллага олон удаа шалгаад хэрэгсэхгүй болгосон зүйлээр мөн ч олон удаа улс төр хийлээ дээ. Үүнийгээ одоо дуусгах цаг болсон. Харин бодитой том асуудал гараад ирлээ шүү" хэмээн жиргэсэн байна.
Мөн "Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцлоо гээд намын даргад нэр дэвшилгүй дараагийн хүнд нь тамгыг нь шилжүүлж явсан. Би өөрийн амрыг хараад, хэл амнаас хол байя гэж бодоод УИХ-ын даргын албыг өгөхөд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ өнөөдөр цаг нь биш гэж бодож байна. Парламентад үүсээд байгаа нөхцөл Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юү, манай намын дотоодод үүсээд байгаа асуудал, зохион байгуулалттай гэж хэлж болохоор ЖДҮ-ийн асуудал үүссэн энэ цаг үед хүндрэлээс зугтааж байгаа мэтээр өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Харин өнөөдрийн энэ нөхцөл байдал хуулийн дагуу, ёс журмын дагуу асуудал шийдэгдэж, төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах үед өөр. Өнөөдөр ҮАБЗ дээр зарим нэг асуудал дээр би ганцаардаж байгаа. Үүнийг ч гэсэн бодох ёстой асуудал гэж би боддог" хэмээлээ.