МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Хурлыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Б.Мөнхжаргал нар даргалж байгаа бөгөөд хурлыг эхлүүлж намын дарга У.Хүрэлсүх үг хэлж, дараагаар нь Хяналтын Ерөнхий Хороо (ХЕХ) нь мэдээлэл хийх юм байна.
Намын даргын илтгэл ерөнхийдөө хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхнийх нь энэ онд хийж бүтээсэн ажлаа тайлагнаж, хоёр дахь хэсэгт шударга ёсны талаар илтгэл тавьж байна. Тэрбээр "Ардын нам олигархиудынх биш, ардын нам л байх ёстой. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсэж байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын толгойд гарч хууль бус зүйл хийж, Манан бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс намд байна. Ийм байж болохгүй. Энэ миний хүслээс гадна ард түмний маань хүсэл. Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна, энэ бол хойч ирээдүйд маань хортой. Үүнийг таслан зогсооно. 2016 онд морьдохын хазгай болсон. Намын дарга Ерөнхий сайд болох байсан, болоогүй. Дараа нь 2017 оны сонгуульд ялагдсан" хэмээн онцоллоо.
Мөн "М.Энхболд дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Төрийн албыг зарсан үгүйг нь мэдэхгүй, гэвч завдсан нь үнэн. Миний зүрх сэтгэлд анд нөхрөө гэсэн сэтгэл байна. Гэвч би шударга ёс, улс эх орон, төрийнхөө төлөө тэмцэхээс өөр аргагүй. Гурван хүнийг хариуцлагаа хүлээ гэсний төлөө Засгийн газрыг огцруулахаар завдсан. Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн 27 гишүүн бүгд муу хүмүүс биш ээ. Тэдэнд ч мөн шалтгаан байснаа хэлсэн. Гэхдээ намынхаа даргын байгуулсан Засгийг огцруулах гээд явдаг нь зөв үү. Энэ бол амин хувиа бодсон арчаагүй үйлдэл юм.
Өнөөдөр би М.Энхболд даргыг их хурлын даргын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөөсэй гэж хүсэж байна. Шударга ёсыг тогтоож, нам доторх шударга ёс энэ бүхнийг цогцлоон байгуулахгүй бол хөлөг маань живэх нь ээ. Энэ хатуу үгийг зүрх сэтгэлээ эмтлэн байж хэллээ. Намынхаа 200 гаруй гишүүн болоод Монголынхоо гурван сая хүнд итгэл найдвар, шударга ёсыг харуулсан бага хурал болно гэдэгт итгэж байна" гэлээ.
Шударга ёсыг тогтоож, нам доторх шударга ёс энэ бүхнийг цогцлоон байгуулахгүй бол хөлөг маань живэх нь ээ