Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэд маргааш болох МАН-ын Бага хурлаар намын дарга У.Хүрэлсүхийг намаа цэвэрлэж, нам доторх хагаралаа засна хэмээн итгэж байгаагаа мэдэгдлээ.
МАН-ын үүрийн дарга нар болон намын дэргэдэх ТББ-ын гишүүд "Сүүлийн үед улс төрийн шударга бусын хонгил, МАНАН, олигархиудтай холбоотой олон асуудлууд гарч ирж байна. Иймд бид гурван асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.
Нэгдүгээрт, МАН дотооддоо асуудлаа шийдэх хэрэгтэй. Намын дотоод хагарал бол улс оронд ямар сөрөг үр дагаврууд авчирдгийг бид харлаа. МАН-ын Бага хурал маргааш хуралдах тул дотооддоо асуудлаа ярилцах, төрийн ажлыг гацааж байгаагаа зогсоох хэрэгтэй.
Хоёрдугаарт, МАН-ын удирдлагууд өөрсдийн хувийн эрх ашгаа бодохоос илүү намын болон улс эрх орны эрх ашгийг бодоосой гэж хүсэж байна. МАН-ын залуу гишүүд бид харж байна. Шударга бусын хонгил, МАНАН бүлэглэл нь үнэхээр байдаг юм байна. Мөн гаднын уран сайхны кинон дээрээс л хардаг мафи гэдэг зүйл байдгийг харлаа.
Гуравдугаарт, 60 тэрбумын асуудал. Тухайн үеийн дарга нар ар гэрийнхнээ ажилд томилж, Төрийн албыг чадваргүй, чадамжгүй хүмүүсээр хийлгэж байна. Төрд ажиллаж чадах олон мянган залуу гишүүн МАН-д бий. Эднийхээ үгийг сонсдог болъё. Хий дэмий вакумжаад гишүүдийнхээ үгийг сонсохоо больжээ.
100 жилийн түүхтэй МАН сөнөх нь ээ гэж ярьж байна. Тэгвэл ҮГҮЙ. МАН цэвэрших шатандаа явж байна. 100 байтугай жилийн түүхийг үзнэ. Шударга бус хүмүүс намаас шахагдан гарч, өөрсдийн эрх ашгийн төлөө ажилладаг зүйл үгүй болж байгаа.
Хяналтын ерөнхий хороо дүгнэлтээ гаргаж, шударга бус гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй" гэлээ.