МАН-ын залуу гишүүд нам дотор нь үүсээд буй зөрчил төрийн үйл ажиллагааг тасалдахад хүргэж байна хэмээн үзэж “Намаа цэгцлэх хөдөлгөөн”-ийг үүсгэжээ. Үүгээрээ тэд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон намын Хяналтын ерөнхий хороонд гурван заалт бүхий шаардлага хүргүүлж буйгаа өнөөдөр мэдэгдэв.
Уг шаардлагад намын дотоод хагарал, зөрчилдөөнийг нам дотроо эв зүйгээр шийдвэрлэх, Олон нийтийг бухимдуулж буй ЖДҮХС-гийн зээл болон бусад асуудлууд нь намын гишүүд болон иргэдийн дургүйцлийг ихээр хүргэж, намын нэр хүндийг унагаж байна хэмээн онцоллоо. Тиймээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар намын эв нэгдлийг хангаж, намын өдөр тутмын ажлыг ёс зүйн өндөр түвшинд удирдан чиглүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, мөн намын гишүүд болон дэмжигчдийн хандивын мөнгийг пиар хийхэд зарцуулж намын дүрмийг зөрчсөн гэх үндэслэлээр албан тушаалаасаа огцор хэмээн мэдэгджээ. Мөн УИХ, Засгийн газрын түвшинд үүсээд буй хагарлыг олон нийтэд ташаа хэлбэрээр цаашид түгээхгүй байхыг МАН-ын залуу гишүүд анхааруулжээ. Шаардлагын хариуг 24 цагийн дотор ирүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.
Г.Тэмүүлэн