Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны V хуралдаан өнөөдөр боллоо. Тус хурлаар Үндэсний бодлогын хорооны гишүүн, улс төрийн зөвлөлийн гишүүдийг батламжилж, Үндсэн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцлээ. Тухайлбал, Гадаад харилцаа, улстөрийн бодлого хариуцсан дэд даргаар Р.Амаржаргалыг, Санхүү, эдийн засаг, төсвийн бодлого хариуцсан дэд даргаар З.Нарантуяаг, Орон нутаг, намын байгуулалт хариуцсан дэд дарга Б.Пүрэвдорж нарыг тус тус батламжилжээ.
Хуралдааны талаар АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “Үндсэн дүрмийн томоохон өөрчлөлт ороогүй. Хэд хэдэн нэмэлт заалтуудыг өөрчилсөн. Хамгийн гол нь маргаашийн намын IX их хурлын зохион байгуулалтын асуудлыг болон Үзэл баримтлалын төслийг хэлэлцэж баталсан. Мөн өнөөгийн улс төрд тулгамдсан асуудлууд, нийгмийн асуудлууд дээр санал бодлоо солилцох, үүнээс гарсан саналуудыг УИХ-д оруулах зорилготой хуралдсан” гэлээ.