“Сүү” компанийнхан нэмж хувьцаа гаргахаар бэлтгэж байгааг гүйцэтгэх захирал Б.Гантулга нь ярьжээ. Тэрбээр “Бид сүү бэлтгэн нийлүүлэгч 2500 малчин, фермер, компанийнхаа ажилчид, бүтээгдэхүүн борлуулагч нараа хувьцаа эзэмшигч болгохоор зорьж байна. Нэмж хувьцаа гаргах ажлын хүрээнд эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн нөхцөлийг анхааралтай ажиглаж байгаа. Энэ ондоо багтаан гаргаж магадгүй” гэсэн байна.
Эднийх Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааны төвлөрөл өндөртэй компаниудын нэг. Тодруулбал, тус компанийн хувьцааны 92.75 хувийг гурван хөрөнгө оруулагч эзэмшдэг юм. Тиймээс нэмэлт хувьцааг гаргаснаар хувьцааны төвлөрөл нь буурна гэж шинжээчид дүгнэж буй. Тус компани 2016 онд нэгж үнэт цаасаа 1000 дахин хувааснаар хувьцааных нь эргэлт сайжирч зах зээл дээр идэвхтэй арилжигддаг болсон.
Түүнчлэн өнгөрсөн оны зургадугаар сард хөрөнгийн зах зээлд жилийн хугацаатай, зургаан тэрбум төгрөгийн “Сүү бонд”-ийг амжилттай арилжиж, хүү болон үндсэн төлбөрөө төлөөд байгаа.