Нэг хэсэгтээ нойрмоглоод байсан хөрөнгийн зах зээл сэргэж, арилжаа нь идэвхжин, “Анд энерги”, “Ай түүлс”, “Монгол базальт” гэх мэт компани шил шилээ даран үнэт цаасаа олон нийтэд худалдаж, дахиад “Ард даатгал”, “Атмор” хөрөнгийн захад хөл тавихаар дуншиж байгаа, бас “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг “амилуулах”-тай холбоотойгоор иргэд чих тавьж эхэлсэн энэ үед буюу өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт брокерийн нэг өдрийн ажлыг сурвалжилхаар зорилоо.
Хөрөнгийн зах зээлд хөл тавих гэж буй хэн бүхний хамгийн түрүүнд уулзаж, үнэт цаасны данс нээлгэх хүн брокер байдаг. Тиймээс “Нэг өдөр”-ийн сурвалжилгаас хөрөнгийн зах зээлийн талаар ойлголт багатай хүн чамгүй мэдлэг, мэдээлэл авна гэж найдаж байна.
Сурвалжилгын маань гол баатар “Бумбат Алтай” брокер, дилер, андеррайтерийн компанийн ахлах брокер Б.Ууганцэцэг. Тэрбээр 2016 онд “Глобал удирдагч” дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр дүүргэжээ. Дараа нь “Мандах бүртгэл” их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна. Түүний анхны ажил нь брокер. “Бумбат Алтай” компанийн гүйцэтгэх захирал Ш.Энхмэнд “Манай Ууганаа хоёрхон жил ажиллаж байгаа ч он удаан ажилласан туршлагатай хүнтэй дүйх чадвартай” гэж магтсан юм.
08.40 цаг. Өглөө долоон цаг хагаст гэрээсээ гарч, “Нисэх”-ийн автобусаар унаа хийн, ажлаа зорьсон Б.Ууганцэцэг Барилгачдын талбайн баруун хойд талд, олны нэрлэдгээр мэргэжлийн хяналтын байртай зэрэглэлдээ байрлалтай “Хот айл” оффисын дөрвөн давхар дахь “Бумбат Алтай” компанийнхаа хаалгыг нээлээ. Бор өнгийн хаалгыг дотогш нь нээн, доор нь цаас ивэв. Тэднийх хаалгаа үргэлж нээлттэй байлгадаг бололтой. Ууганаа компьютероо асаах зууртаа “За ингээд ажил эхэлнэ дээ” гээд инээмсэглэлээ.
08.50 цаг. “Бумбат Алтай” компанийн энэ өдрийн анхны үйлчлүүлэгч орж ирэв. Хүүхдээ тэвэрсэн эхнэр, нөхөр хоёр үнэт цаасны данс нээлгэхээр тэднийхийг зорьжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд 1072 хувьцаа эзэмшихийн тулд үнэт цаасны данс нээлгэх шаардлагатай гэсэн уриалгыг сонсоод ирлээ гэдгээ уламжлав. Ууганаа иргэний үнэмлэхийг авч, тусгай маягт бөглөөд, данс нээсэн гэрээг харилцагчдаа өгч “Ингээд болсон” гэв.
Хүүхэд тэвэрсэн, хөх цамцтай залуу “Ингээд болоо юу” гээд Ууганааг илүү тайлбар хэлэх болов уу гэсэн янзтай ширтлээ. Гол баатар маань “Та ингээд үнэт цаасны данстай болж байна. Данс нээгдэнгүүт “Эрдэнэс Тавантолгой” компаниас эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа таны дансанд бүртгэгдэнэ. Энэ хувьцааг одоохондоо зарж, шилжүүлж, өвлүүлж, бусдад бэлэглэж болохгүй.
Хэрвээ энэ компанийн хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлчихвэл захиран зарцуулах эрх тань нээгдэнэ. Одоо та үнэт цаасны данстай болсон гэсэн үг. Та энэ дансаараа дамжуулаад өөр компанийн хувьцаа худалдан авч болно” гэж тайлбарлалаа.
09.10 цаг. Суурин утас дуугарлаа. Харилцуураа шүүрэн авсан Ууганаа “Сайн байна уу. Бумбат Алтай компани” гээд чих тавин сонсов. Өмнөх өдөр нь данс нээлгэсэн хүн үнэт цаасныхаа гэрээг хаячихаад дахиж авч болох уу гэж лавлажээ. Ууганаа “Харилцагчдын олонх нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг арилжих зорилгоор л үнэт цаасны данс нээлгэдэг. Манайхан хөрөнгийн зах зээлийн мэдлэг муутай шүү дээ.
1072 хувьцаатай холбоотой хөгжилтэй тохиолдол олон бий. “Та нар миний хувьцааг хэдэн төгрөгөөр худалдаад авчих”, “Миний хувьцааг та нар авчихсан байна” гэж зарга хийж ирсэн хүн ч байгаа. Хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй хүмүүс эхлээд хөрөнгийн биржид оччихдог шиг байгаа юм. Тэгээд “Танайх л данс нээх ёстой байж” гэж загнана” хэмээн ярив. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компани дэргэдээ 1072 хувьцааны мэдээллийн төв нээсэн. Иргэдийг тэнд очиж мэдээлэл аваасай гэж хүсдэг” гэв.
Засгийн газрын шийдвэрээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг тарааж, 1072 ширхэг хувьцааг нь төрд эргүүлэн авсан, мөн 2011 онд нийгмийн даатгал хувиараа төлдөг хүмүүсийн эрүүл мэндийн даатгалыг Засгийн газар өмнөөс нь бөглөөд оронд нь есөн ширхэг хувьцааг нь авсан байдаг. Мөн 2016 оны сонгуулийн өмнө иргэдээс 322 ширхэг хувьцааг нь 300 мянган төгрөгөөр худалдаж авсан. Засгийн газарт хувьцаагаа зарж, мөнгө авчихсан хүмүүс түүнийгээ мартчихдаг уу, мэдэн будилдаг уу, брокеруудаас нэхэх нь олонтаа гэнэ лээ.
09.25 цаг. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй орж ирэв. Танил дотно хүмүүс гэдэг нь харваас андашгүй, 40 гаруй насны тэд цэнхэр, ягаан тасалбараа шалгуулахаар зорьж яваа гэнэ. Бас 1072 хувьцааныхаа дансыг нээлгэх гэнэ. Иргэд “1072 хувьцааны данс” гэж ярьж хэвшиж буй нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэт цаасыг иргэдэд эзэмшүүлэх үйл явц нийгмийн үзэгдэл болсныг илтгэх мэт.
Угтаа бол “1072 хувьцааны данс” гэж тусгайлсан данс байхгүй. Үнэт цаасны данс л гэж бий. Үнэт цаасны данстай болчихвол та мөнгөөр “цэнэглээд” хэзээ ч, хэдэн ч компанийн хувьцаа, мөн компани, Засгийн газрын бонд худалдаж авах боломжтой. Ууганаа “Та нар эхлээд Үнэт цаасны хадгаламжийн төв ороод цэнхэр, ягаан тасалбар гэж нэрлэдэг хөрөнгө оруулалтын эрхийн бичгээрээ аль нэг компанийн хувьцааг авсан байна уу, үнэт цаасны данстай байна уу гэдгээ шалгуулчих.
Тэгээд данс нээлгэх шаардлагатай бол буцаад ир. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв манайхаас гараад хойд буланг тойроод байгаа” гэж зөвлөлөө. Энэ зуурт түүнээс өмнө хувьцаагаа арилжсан хоёр харилцагч банкнаас мөнгө авах маягт аваад гарлаа.
Мөнөөх гурав төд удалгүй шуугилдаад ороод ирэв. Хоёр нь аль ч компанид үнэт цаасгүй, нэг нь “Улаанбаатар хивс” компаниас хөрөнгө оруулалтын эрхийн бичгээрээ хувьцаа авсан байжээ. Тэд үнэт цаасны данс нээлгээд, өмнөх харилцагчтай адил “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны талаар мэдээлэл аваад гарч одлоо. Ууганаа “Арилжаа эхлэх дөхөж байна. Хэдэн юм шивэх хэрэгтэй” гээд хажууд сууж буй брокер Б.Батболдод 10.00 цаг болонгуут сануулаарай гэж хэлээд ажилдаа төвлөрлөө.
10.00 цаг. “За эхэлсэн шүү” гэсэн Б.Батболдын сануулгаар Ууганаа өндийлөө. “Одоо ажил ч эхэлнэ дээ” гээд тэрбээр инээмсэглэв. Тухайн өдөр “Бумбат Алтай” компанийн андеррайтераар ажилласан “Хөвсгөл Алтан дуулга” компанийн нэмэлт хувьцааг арилжих захиалга авах сүүлчийн өдөр байсан юм. Ууганаа захиалгуудыг шивж гарлаа. Үүний зэрэгцээ захиалга өгсөн хүмүүсийг мөнгө байршуулсан, эсэхийг утасдаж лавлана.
Ингээд дансандаа мөнгөө хийж амжаагүй бол “Нэг цагаас өмнө мөнгөө байршуулахгүй бол амжихгүй шүү. Та хурдлаарай” гэж сануулав. Арилжааны захиалгыг Монголын хөрөнгийн биржийн “Миллениум Ай Ти” программд шууд шивдэг аж. Шилэн хаалттай, хаалга нь дэлгээтэй тасалгааны цаанаас Ш.Энхмэнд захирал “Тэрний захиалгыг зоосон уу” гэж лавлана. Энэ зуурт Ууганааг хоёр ч удаа өрөөндөө дуудаж, заавар зөвлөгөө өгөв. Гол баатар маань тасралтгүй утас цохиж, нэмэлт хувьцааны захиалгаа нягталлаа. Хажуугаар нь арилжааны программд захиалгаа шивээстэй.
10.40 цаг. Ууганаа ухасхийж босоод, гараад гүйчихлээ. Хэдэн минутын дараа ирээд, ажлаа үргэлжлүүлэв. “Хөвсгөл Алтан дуулга” компанийн нэмж гаргаж буй хувьцаанаас худалдаж авах захиалга өгсөн шинэ харилцагчийнх нь дансыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийнхөн нээж амжаагүй байсан гэнэ. Тэгээд 13.00 цагаас өмнө мөнгийг байршуулж амжихын тулд хадгаламжийн төвийнхнөөс яаралтай данс нээж өгөхийг гуйхаар хурдалсан нь тэр байж.
11.05 цаг. Хоёр харилцагч орж ирлээ. “Хөвсгөл Алтан дуулга” компанийн хувьцаа авахаар захиалга өгсөн эр танил эмэгтэйгээ дагуулж ирсэн байлаа. Мөнөөх эмэгтэйд Ууганаа захиалга өгөхөд яах ёстойг тайлбарлав. 30 сая төгрөгөөр хувьцаа худалдаж авах хүсэлтэй байгаа гэнэ. “Данс руугаа мобайлаар мөнгөө шилжүүлээд байршуулж болох уу” гэж харилцагч эмэгтэй лавлалаа.
“Болно. Та 1.5 хувийн арилжааны шимтгэл төлөх ёстой. 150 мянган төгрөг болно. Шимтгэлээ 30 сая төгрөгөөс суутгаж авах уу, эсвэл та 30 сая 150 мянган төгрөгөөр данс руугаа шилжүүлэх үү” гэж Ууганаа асуултал “Пөөх, ийм өндөр шимтгэлтэй юм уу” гэж дуу алдав. “Энэ бол “Хөвсгөл Алтан дуулга” компани нэмэлт хувьцаа гаргаж байгаатай холбогдуулан тогтоосон шимтгэл.
Манайх үндсэн арилжаанаас хоёр хувийн шимтгэл авдаг” гэж Ууганаа хичээнгүйлэн тайлбарлалаа. Ингээд нэгэн шинэ харилцагчаас захиалга авсан тэр урьдын адил компьютерын товчлуурыг зогсоо зайгүй товшиж, хоёр гар утсаар харилцагчид ээлжлэн ярьж эхэллээ. “Тэр утсаа авахгүй байна” тасралтгүй залгаад байгаарай гэж дэргэдэх брокертоо үүрэг өгнө.
13.00 цаг. Монголын хөрөнгийн биржийн арилжаа хаагдлаа. “Хөвсгөл Алтан дуулга” компанийн нэмэлт хувьцаа худалдан авах бүх захиалгыг тэр “зоож” амжжээ. Ууганаа Монголын хөрөнгийн биржээр дамжуулж арилжаа хийх дилерийн эрхгүй. Монголын хөрөнгийн биржтэй зөвхөн брокерийн хувиар л холбогдоно. Харин шинээр байгуулагдсан Үнэт цаасны биржээр дамжуулж арилжаа хийх дилерийн эрхтэй. Тэрбээр захиалга шивж, хөрөнгө оруулагчдыг дансандаа мөнгөө байршуулсныг лавлах зууртаа “Анд энерги” компанийн 420 мянган төгрөгийн үнэ бүхий хувьцааг арилжжээ. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сард шалгалт өгч, Монголын хөрөнгийн биржээр арилжаа хийх эрхтэй болохоор төлөвлөснөө ярилаа.
13.20 цаг. Эрчимтэй ажлын ард гарсан ахлах брокер Ууганаа хоёр брокертоо “Манай нэг харилцагч хэдэн жилийн өмнө хувьцаагаа зарснаа мартчихаад “Зараагүй” гэж зүтгээд байгаа юм. Маргааш ирнэ гэсэн архив шүүж, материалуудыг бэлд” гэх мэтээр үүрэг даалгавар өгч, ажлыг нь хуваариллаа. Ингээд Ш.Энхмэнд захирлын санаачилгаар хуушуур захиалж өдрийн хоолоо оффистоо идэх болов. Ууганаа “Ихэнхдээ ажлын байрандаа хооллочихдог. Хааяа л гадуур хооллодог. Заримдаа өдрийн хоол ч идэх завгүй, оволзсон ажилтай байдаг” гэлээ. Данс нээлгэх хүмүүс тасралтгүй хөвсөөр байсан бол одоо хэн ч хаалгаар шагайхгүй ажин түжин болов. Ш.Энхмэнд захирлын хэлснээр цайндаа орсон бололтой.
13.40 цаг. Захиалсан хуушуур ирж, уулзалтын ширээний ард тухалцгаав. Хөрөнгийн зах зээлийн хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулж, салбартаа зам мөрөө үлдээх мөрөөдөлтэй Б.Ууганцэцэг гадаадад суралцахаар бэлтгэж эхэлжээ. Тэрбээр “Хөрөнгийн зах зээлийн талаар миний одоо мэдэж байгаа зүйл бол өчүүхэн. Маш их сурч судалж, тархиа задлах хэрэгтэй.
Хөрөнгө оруулалтын сайн шинжээч болохын тулд маш өргөн мэдлэг шаардлагатай. Тиймээс АНУ, эсвэл Европын аль нэг орны сургуульд сурч, хөрөнгийн зах зээл хөгжсөн газарт яаж ажилладгийг мэдэх нь чухал” гэв. Ш.Энхмэнд захирал АНУ-д гурван жил суралцаад Монголдоо иржээ. Тэрбээр Ууганаагийн гадаадад сурч боловсрол, мэдлэгээ дээшлүүлэх туйлын хүслийг нь маш их дэмжиж зааж зөвлөдөг гэнэ.
14.10 цаг. Амтат хуушуураар хачирласан яриа өндөрлөж, Ууганаа ажлын ширээ рүүгээ явлаа. Ш.Энхмэнд захирал тэр хоёр Монголын хөрөнгийн биржийн арилжааны дүнд бэсрэг шинжилгээ хийв. “Өнөөдөр 90 гаруй сая төгрөгийн арилжаа хийсэн байна. Дажгүй шүү. “Тавантолгой”-н хувьцааны ханш өнөөдөр жаахан өндийчихөө шив дээ” гэх зэрэг яриа тэдний хооронд өрнөлөө. Загасчны морь усгүй гэдэг шиг зарим хүн харилцагчдадаа үйлчлээд өөрөө хоосон байх тохиолдол байдаг. Ууганаа тийм биш. Тэр Монголын хөрөнгийн биржээс хааяа хувьцаа худалдаж авдаг. “Гэхдээ би хэзээ ч харилцагчийнхаа өмнүүр ордоггүй. Хэрэв ингэвэл ёс зүйд нийцэхгүй” гэж тэрбээр ярилаа.
14.40 цаг. Ууганаа үдээс өмнө данс нээлгэх хүсэлтээ өгсөн 10-аад хүний материалыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хүргэж өгөхөөр гарав. Зам зуурт тэрбээр “Манайх Үнэт цаасны хадгаламжийн төвтэй ойрхон болохоор амар, ажил хөнгөвчилдөг” гэсэн. Үнэт цаасны хадгаламжийн төв “Хот айл” оффисын баруун хойно 50 метр орчим зайд хоёр давхар тоосгон байшинд байрладаг.
Тэнд хувьцааны данстай, эсэхээ шалгуулахаар хэдэн хүн дараалжээ. Зарим нь хананд наасан брокер дилерийн компаниудын хаяг байршлыг уншиж, “Ийшээ очиж дансаа нээлгэе. Гэртэй ойрхон. Манай аймагт брокерийн компанийн салбар ажилладаг юм байна” гэхчлэн ярилцана.
Ууганаа материалуудаа өгөөд эргэв. Данс нээлгэх иргэний материалыг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийнхөн Иргэний бүртгэлийн мэдээлэлтэй тулгаж үзээд, ямар нэгэн алдаа зөрчилгүй бол дансыг нь нээдэг аж. Өнөөдөр брокер дилерийн компанид хандсан хүн баримтын ямар нэг зөрчилгүй бол маргааш нь үнэт цаасны данстай болчихдог гэнэ.
Хадгаламжийн төвийн үүдэнд тэндээс үнэт цаасныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авчихаад сайтар ойлгохгүй яваа залуутай Ууганаа таарлаа. “Зоос гоёл” компанийн хувьцаа эзэмшигч байсан түүнд ямар үйл явц өрнөснийг тэрбээр “Зоос гоёл” хаалттай компани болохоосоо өмнө таны ногдол ашгийг жил бүр олгодог байж. Ингээд хаалттай болохдоо танай хувьцааг худалдаж аваад мөнгө байршуулжээ. Танд ногдол ашигтайгаа нийлүүлээд 300 мянган төгрөг байна. Үүнийгээ харилцдаг брокерийн компанидаа хүсэлт гаргаад авах боломжтой” гэж тайлбарлаж өглөө.
Тэндээс ажил руугаа явах замдаа Б.Ууганцэцэг “Хөрөнгийн зах зээлд ажилладаг хүн бүр нэг зүйлийн тухай ярьдаг. Энэ бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа биш. 1072 хувьцаа бол цагийн эрхээр шийдэгдэнэ. Харин “цэнхэр”, “ягаан” тасалбар гэж нэрлэдэг хөрөнгө оруулалт эрхийн бичгээр хувьцаа худалдаж аваад түүнийгээ хайхрахгүй орхисныг шийдвэрлэх хэрэгтэй. Тэр хүмүүс хувьцаатайгаа мэдээд үнэт цаасны данс нээлгээд, эргэлтэд оруулаад, ногдол ашгаа авчихвал хөрөнгийн зах зээл их цэгцэрнэ. Хувьцаатай гэдгээ мэдэхгүй яваа хүмүүсийн ногдол ашиг гэхэд олон тэрбум төгрөг болоод хуримтлагдчихсан байгаа” гэж ярив.
15.00 цаг. Биднийг гадаанаас орж ирэхэд хоёр хүн данс нээлгэж байлаа. Ш.Энхмэнд захирал тэдэнд үйлчилж байв. “Гол баатар” маань яаран ажилдаа оров. Үүнээс хойш дөрөв таван хүн данс нээлгэлээ. Аанай л “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг “амилуулах”-тай холбоотойгоор данс нээлгэж байгаа хүмүүс гэнэ. Ууганаа маань хувьцааны талаар өмнөхийн адил уйгагүй тайлбарлана. Тэгэхдээ илтгэгч аятай их цэгцтэй ярих. “Илтгэгч шиг их цэгцтэй оновчтой ярих юм аа” гэхэд “Хүмүүс харин илтгэгч болооч гээд байдаг” гээд инээлээ. Бас 24 настай залуу бүсгүй шиг биш, их олон жил ажиллачихсан, туршлагатай хүн шиг хэрсүү яриатай юм байна гэвэл инээгээд “Хүмүүс бас л тэгдэг” гэв.
15.40 цаг. Нэгэн эрхэм “Хөвсгөл Алтан дуулга” компанийн хувьцаа захиалахаар орж ирлээ. Хувьцааны захиалга аль хэдийнэ хаагдсаныг Ууганаа дуулгав. Мөнөөх эр уг нь хувьцаа авчихсан бол хэрэгтэй юм сан. Хүмүүс хөдөөний компани гээд нэг их хайхрахгүй байх шиг гэх мэт зүйл ярьж амандаа баахан бувтналаа. Тэгээд үнэт цаасны данс нээлгэе гэв.
Ууганаа бичиг баримтыг нь авч программаас хараад “Та “БиДиСек” компанид үнэт цаасны данстай юм байна. Олон данс нээлгэх шаардлага байхгүй” гэж зөвлөв. Мөнөөх эр “Өө, зүгээр хэрэг болно. Нээчих” гэв. Ингээд дахин нэг данс нээлгээд гарч одсон. Ууганаа “Хүмүүс ингээд энд тэнд очоод данс нээлгээд байдаг юм. “Данстай байна. Хэрэггүй” гэхээр саяын хүн шиг зүгээр гээд дайраад байдаг. Энд тэнд 5000 төгрөг төлөөд данс нээлгэх ямар хэрэг байдаг юм бол” хэмээгээд мөрөө хавчин гайхширсан байдал илтгэв.
16.30 цаг. Тэдний байнгын харилцагч өвгөн орж ирлээ. Тэтгэвэртээ гарсан тэрбээр хөрөнгийн зах зээлд идэвхтэй арилжаа хийгээд удаж байгааг Ууганаа дуулгасан. “Өвгөн өнөө хэд маань байж л байгаа. Харин нэмж хувьцаа авдаг юм бил үү” гэв. Өнөө хэд маань гэж өмнө нь худалдаж авсан хувьцаагаа хэлж байгаа нь бололтой. Ууганаа “Сүү”-гийнх тэгсэн, “Багануур”-ынхан ингэсэн, АПУ-гийн хувьцааны арилжаа иймэрхүү янзтай байгаа гэх мэтээр өвгөнд зах зээлийн мэдээлэл дуулгалаа.
Хөрөнгийн зах зээлтэй холбоотой өчнөөн мэдээлэл сонссон өвгөн хувьцаа худалдаж авах захиалга өгсөнгүй гараад явчихлаа. Монголын хөрөнгийн зах зээл дээр боломжийн ухаалаг хөрөнгө оруулалт хийгээд, хувьцааны ханшийн зөрүүнээс ашиг олчихдог хэдэн ахмад харилцагч байдгийн нэг нь нөгөөх өвгөн гэнэ.
18.00 цаг. “Бумбат Алтай” компаниас хүн тасардаггүй аж. Өглөөнөөс орой болтол 20 гаруй хүн үнэт цаасны данс нээлгэв. Зарим өдөр 100 гаруй данс нээлгэсэн тохиолдол ч байгаа гэнэ лээ. “Гол баатар” маань өглөөнөөс орой болтол зав зайгүй ажиллалаа. Энэ бол ачаалал ихтэй өдөр биш гэнэ. Үүнээс ч их оволзож, зогсоо зайгүй ажиллах үе тохиодог гэсэн. Б.Ууганцэцэг 09.00-21.00 цаг хүртэл ажилладаг тогтсон хэвшилтэй нэгэн аж. Өнөөдөр ч тэрбээр үдшийн бүрий болтол ажиллана. Тэрбээр нягтлах, хянах, шивэх, цэгцлэх ажил нэлээд бий гээд компьютерийнхоо ард төвлөрөв.
Ш.Энхмэнд захирал, түүний удирдлага дор ажилладаг хоёр брокер харихаар явлаа. Тэрбээр шинэхэн брокер байхдаа захирлаасаа үргэлж асууж лавлаж, ажилладаг байжээ. Тиймээс ажлын алдаа гаргаж байгаагүй гэнэ. Тиймээс одоо хоёр брокертоо үргэлж зааж зөвлөдөг гэсэн.
20.10 цаг. Утас дуугарлаа. Ууганаа харилцуур аваад “Манайх худалдаж авахгүй ээ. Энэ хувьцаагаа одоохондоо худалдаж болохгүй. Компани нь хувьцаагаа хөрөнгийн биржид бүртгүүлсний дараа худалдаж болно” гэж тайлбарлалаа. Харилцуурын цаадах хүн “Миний хувьцааг хямдхан авчихаач” гэж гуйсан гэнэ. Ер нь “Бумбат Алтай” компанийн утас байнга дуугарна. Дийлэнх нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг зарж болох уу, хэзээ зарах боломжтой вэ, хувьцааны данс нээлгэх нь ямар ашигтай вэ гэсэн асуулт тавина. Тэр бүрт брокерууд уйгагүй тайлбар хийгээстэй.
20.55 цаг. Бичиг цаасны ажлаа цэгцэлж амжсан Б.Ууганцэцэгийн ажлын цаг дууслаа. Өглөө нээсэн бор хаалганыхаа цаасан эвээсийг авч, хаагаад түгжлээ. Бор хаалгыг өглөө дэлгээд өдөржин хаадаггүй. Хаалга үдшийн бүрий болтол дэлгээтэй байдаг шалтгаан нь Б.Ууганцэцэг.
Түүнийг автобусны буудлаас үдэхээр олны нэрлэдгээр “Ард”-ыг зорилоо. Ажлынх нь завсар зайгаар хөрөнгийн зах зээлийн талаар хөөрөлдсөн бид харин алхах зууртаа бага зэрэг улстөржив. Өглөөнөөс үдшийн бүрий болтол хөрөнгийн зууч хийдэг хөдөлмөрч бүсгүй маань улстөрийн үйл явцад бодитой дүгнэлт хийж байгаа нь тархи нь нэлээд задалсныг гэрчилнэ. Тэрбээр өглөө ирсэн “Нисэх”-ийн автобусандаа суун, гэрийн зүг одлоо.