Арвин ургац авахад хөдөлмөрөөс гадна цаг агаарын таатай нөхцөл чухал. Дэлхийн газар тариалангийн бүс нутгууд, үржил шим бүхий газарт нэг жилд дунджаар 400-500 мм хур тунадас унаж, нэг га талбайгаас 25-30 центнер ургац авдаг гэнэ.
Харин манай улс хуурай, сэрүүвтэр бүс нутагт хамаарах учраас хур тунадасны хэмжээ харьцангуй бага буюу 250-300 мм байж, га-гаас 14 орчим центнер ургац хураадаг. Гантай жилд нэгжийн ургацын хэмжээ үүнээс ч багасдаг. Тухайлбал 2015 онд энэ үзүүлэлт зургаан центнерт хүрч байв. Тэгвэл энэ жил бороо элбэг, дэлгэр зун боллоо. Гэвч хэт их чийг ургацад сөргөөр нөлөөлсөн, мөндөр болон үерт тариалангийн талбай сүйдсэн тухай мэдээ бий. Ургацын төлөв ямар байгааг сонирхлоо.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тариалангийн бүс нутагтай танилцан, ургацын төлвийг тодорхойлох ажлын хэсэг томилжээ. “Хараахан мэдээлэл өгөх боломжгүй, Энэ сарын 20-доор дүн гарна” гэж тус яамныхан хэлэв. Тэднээс урьтаад Монголын үндэсний тариаланчдын холбооныхон тариалангийн гол бүс нутаг, найман аймагт ажиллан, ургацын төлөвтэй танилцаж, ерөнхий таамаг гаргасан байна.
Одоогоор Хөвсгөл аймагт ургацын болц сайн, хэвийн ургаж буй аж. Рашаант, Тариалан сумд нэг га-гаас 18-аас дээш, зарим талбайгаас 30 центнер ургац авах төлөвтэй. Энэ нь улсын хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт. Эрдэнэбулган сумын ургац сайн байгаа ч болц 14-15 хоногоор оройтож байгаа бол Сэлэнгэ аймгийнх жигд сайн гэнэ. Манай улсын нийт ургацын 20 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг Цагааннуур сумын тариаланчид га-гаас 15-16 центнер ургац авахаар ажиллаж байна.
Энэ нь ургац хураалтын улсын дундаж хэмжээнээс хоёр орчим центнерээр илүү дүн юм. Харин Төв аймгийн байдал сайнгүй байна. Жаргалант, Борнуур сумын ургацын гарц улсын дунджаас доогуур түвшинд буй аж. Мөн Эрдэнэсант сумын 600 га газар мөндөрт цохиулж, 300 га талбай үерт урссан таагүй мэдээ байна.
Ерөнхийдөө өндөр уулын бүсэд буудайн болц 14-15 хоногоор оройтож буй гэсэн. Мөн бороо их орсны улмаас хэнз түрүү соёолох нь ихэсчээ. Болц нь гүйцэж буй тариатай зэрэгцэн нялх түрүү цухуйж, талбайг ногоон, шар өнгөөр алаглуулдаг нь хураахад хүндрэл учруулдаг юм байна. Иймээс тариаланчид ургацаа ангилан хураах тоног төхөөрөмжөө сайтар бэлдэх шаардлагатай. Түүнчлэн хөрсний чийг хангалттай байгаа тул хяруу унан, эрт цас орох магадлалтай гэлээ. Иймээс бүхий л нутагт тариалангийн талбайг хяруунаас хамгаалах, талбайн салхи нэвтрэх байдлыг нэмэн, буудайн болцыг гүйцээх арга хэмжээ авахыг анхааруулжээ.
Ургац хураах хүртэл урьдчилсан төлвийг хэрхэн хадгалах, улмаар нэмэгдүүлэх, буудайн болцыг эрчимжүүлэх арга хэмжээ авч буй, эсэхийг Монголын үндэсний тариаланчдын холбооны гүйцэтгэх захирал Ө.Болдсайханаас тодруулахад “Зарим нутагт буудайн ургацын хэмжээ бага, болц оройтож буй. Энэ нь зуны эхэн сард гантай байсантай холбоотой. Зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 10-ны хооронд тариалангийн талбайд ургамал хамгааллын бодис цацдаг.
Энэ үеэр бороо их орж, талбай усанд автсанаас бодис урссан. Мөн борооны улмаас зарим талбай үер, мөндөрт өртсөн, нар бага үзсэн зэргээс шалтгааллаа. Гэсэн ч тариа хураах хүртэл хяруунаас хамгаалах, хураалтын явцад сайн ангилан ялгах хэрэгтэй. Ингэж ажиллаж чадвал энэ намар хураах буудайн хэмжээ зорилтот түвшнээс төдийлөн буурахгүй болов уу. Бид тариалангийн бүхий л нутгаар явж, ургацын явцтай танилцан, шаардлагатай зөвлөгөө өглөө” гэсэн юм.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Дархан Тооромт” компанийн захирал А.Бадмаанямбуу “Бид 780 га талбайд буудай тариалсан, болц хэвийн. Наймдугаар сарын сүүлчээр ургацаа ангилан хураана” гэлээ. Сэлэнгэ аймгийн тариаланч Г.Алтангэрэл “Жил бүр 400 орчим га талбайд буудай тариалдаг. Ургац сайн байгаа. Гэхдээ талбайд хэнз түрүү соёолох нь нэлээд байна. Энэ нь хаягдал их гарч, хураалтын явцыг хүндрүүлж, үтрэмийн ажлыг ихэсгэх төлөвтэй. Тариа хураатал бороо хур орохгүй, дулаахан байвал төлөвлөгөөт ургацаа авах байх” гэв.
Дашрамд дурдахад, энэ жил манай улс 500 000 орчим га талбайд тариалалт хийснээс 350 000 орчим га-д буудай тарьсан. Үүнээс 500 000 гаруй тонн ургац авахаар тооцжээ.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам