Алтны татварыг хөнгөлсөн хуулийн хугацааг сунгах санаачилга энэ намар олон нийтийн анхаарлын төвд байх нь тодорхой боллоо. Алтны нөөц ашигласны төлбөрийг хоёр дахин бууруулах, өсөн нэмэгдэх татварыг нь таван жилийн хугацаанд тэглэх хуулийн төслийг УИХ 2013 онд баталсан удаатай. Уг хуулийн үйлчлэл энэ оны эцэст дуусна.
Тиймээс хугацааг нь дахин таван жилээр сунгах санаачилгыг Монголбанкныхан гаргажээ. Төвбанкнаас татвар хөнгөлсөн хуулийн хугацааг сунгах саналаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн байна. Салбарын яамнаас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авч эхэлсэн. Чухам малгай хуульд татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх заалт тусгуулахаар санал өгсөн хэрэг.
Уул уурхай хөгжиж, газрын хэвлийн нөөцийг зүй зохистой, эдийн засагтаа үр өгөөжтэй ашиглах сорилт Монгол Улсад тулгараад буй. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад олон мэргэжилтний зөрүүтэй байр суурийг нэгтгэсэн, цаг зарсан өргөн хэлэлцүүлэг болох нь дамжиггүй.
Энэ он дуусахаас өмнө нэмэлт, өөрчлөлт оруулж амжихгүй байж ч магадгүй. Хэрэв он дуусахаас өмнө Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж амжихааргүй бол Монголбанкныхан санаачилгаа УИХ-ын гишүүдээр дамжуулан гүйцэлдүүлэхээр зэхсэнээ ч дуулгав.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын хэн нэгэн гишүүн алтны татварыг хөнгөлөх хугацааг сунгах хуулийн төсөл боловсруулаад өргөн мэдүүлнэ гэсэн үг. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооныхон анх алтны татварыг тэглэх санаачилга гарган “лобби” хийсэн. Тэд татварыг бүрмөсөн тэглэх санал гаргаж байсан ч хоёр дахин бууруулж, өсөн нэмэгдэх татварыг нь тэглүүлж чадсан юм. Харин энэ удаад төвбанкныхан хүчтэй “лобби” хийх бололтой.
Түүхийн шаргал хуудсыг эргэн сөхвөл алтны татварыг хөнгөлөх болсны учир шалтгаан эрхгүй тодорно. Дэлхийн зах зээлд 2006 онд тонн зэсийн ханш 10 мянган ам.долларт шүргэж өссөн. Ингээд манайхан “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашгаас ОХУ-ын эзэмшлийн 49 хувь ногдох өгөөжөөс Монголдоо хэдэн төгрөг үлдээх далд бодолтойгоор гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авах хууль санаачилсан байдаг. УИХ-аар уг хуулийг хэлэлцэх явцад алтнаас гэнэтийн ашгийн татвар авахаар нэмж тусгасан удаатай. Тухайн үед хуулийн төсөл санаачилсан Н.Батбаяр “Би зөвхөн зэсээс гэнэтийн ашгийн татвар авах хууль санаачилсан.
Гэтэл МАН-ынхан алтнаас авна гэсэн санал оруулаад дэмжчихсэн. Тэгээд Монголынхоо эдийн засагт илүү хэдэн ам.доллар үлдээх санаачилга маань алдаа болж хувирсан” гэж тайлбарладаг. Гэнэтийн ашгийн татвар хураадаг болсноор компаниуд алтаа Монголбанкинд тушаахаа больж, нууцаар хил давуулж эхэлсэн. Алт олборлодог компаниудын тоо цөөрөөгүй, тэр бүү хэл гар аргаар олборлогчид хаа сайгүй цөлмөж байхад Төвбанкинд тушаасан алтны хэмжээ буурсаар байлаа. Монголбанк 2005 онд 15.2 тонн алт худалдан авч байсан бол энэ тоо таван жилийн дараа хоёр дахин буурсан. Тодруулбал, 2010 онд 2.1 тонн болж багассан гэсэн үг. Алтаа “авдарлаж” чадахаа больсон Монголын төр алдаагаа ухаарч, 2011 онд “68 хувийн татвар”-ыг цуцлав.
Ингээд алтны нөөц ашигласны төлбөр тав, мөн өсөн нэмэгдэх татвар нь дээд тал нь таван хувь болон эргэж байрандаа орлоо. Гэхдээ өсөн нэмэгдэх татвар нь шатлалтай байсныг дурдах нь зүйтэй. Дэлхийн зах зээлд унци алтны ханш 1300 ам.доллароос давбал тав, 1200-1300 байвал дөрөв, 1100-1200 бол гурван хувийн татвар авч байв. Өөрөөр хэлбэл, “68 хувь”-ийг тэглэснээр алтнаас ийм татвар хурааж эхэлсэн гэсэн үг. Гэвч Монголбанкинд тушаасан алтны хэмжээ төдийлөн өсөхгүй байлаа. Аж ахуйн нэгж, иргэд 2011 онд 3.3, дараа жил нь мөн адил хэмжээний алт тушаасан байдаг. Иймээс л татварыг нь хөнгөлөх санаачилга гарсан түүхтэй.
Алтны татварыг хөнгөлөх “лобби”-г хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд хуулийн хугацааг сунгах тал дээр “Энэ хууль татварын орчин хөнгөлөлттэй байх нь бодит эдийн засагт ямар чухал нөлөөтэйг харуулсан бодит жишээ юм. Бидний хөгжлийг нь шагшин ярих дуртай Сингапур, Хонконг татварын диваажин.
Чөлөөт зах зээлийн нийгэмд татварын хөнгөлөлт гадаадын хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийг идэвхжүүлж байдаг. Алтны татварын бодлого бол үр дүнтэй нь нотлогдсон. 7-8 дахин өндөр үр дүн үзүүлсэн гэж харж байгаа. Тиймээс хөнгөлөлтийн хугацааг дахин сунгах хэрэгтэй. Ямар ч үр дүнгүй байсан бол өөрчлөхөөс яах билээ” гэж байр сууриа илэрхийлэв.
Монголбанк өнгөрсөн жил 20 тонн алт худалдан авсан. Таван жилийн өмнөхтэй харьцуулбал үнэхээр ч тушаасан алтны хэмжээ долоо дахин нэмэгдээд буй нь энэ. Татварыг нь хөнгөлсөн хууль батлагдангуут алт тушаалт хоёр дахин нэмэгдэж, 2013 оны эцэст зургаан тоннд хүрсэн. Дараа жил нь мөн хоёр дахин нэмэгдсэн. Тухайн үеэс хойш тасралтгүй өссөөр 20 тоннд хүрээд байгаа юм (инфографикаас тушаасан алтны хэмжээ хэрхэн нэмэгдсэнийг харна уу).
Нөгөөтэйгүүр алт нь улс орны валютын нөөцийг нэмэгдүүлдэг үнэт металл. Валютын нөөц нь их байх тусам тухайн улсын эдийн засаг тогтворждог жамтай. Монголбанк хэдийчинээ их алт худалдаж авна, Монгол Улсын валютын нөөц төдийчинээ нэмэгдэнэ. Их хэмжээний алт худалдаж авах нь ам.долларын ханшийг тогтворжуулахаас эхлээд эдийн засгийн гинжин хэлхээгээр дамжин иргэдийн амьжиргаанд сайнаар нөлөөлдөг.
Цаашлаад манайх шиг их хэмжээний зээлтэй оронд ирээдүйд өрөө дарах гол нөөц болно. Төвбанкинд тушаасан алт 2012 онд Монгол Улсын валютын нөөцийг 89 сая ам.доллароор нэмэгдүүлж байжээ. Тэгвэл өнгөрсөн жил 787.8 сая ам.доллароор нэмэгдүүлсэн. Манай улс алтнаас сүүлийн зургаан жилд нийт 2.74 тэрбум ам.долларын нөөц бүрдүүлсэн үзүүлэлт бий (валютын нөөцийг жилд хэдэн ам.доллароор нэмэгдүүлснийг инфографикаас харна уу).
Монголбанкны худалдан авсан алт Монголын эдийн засгийг өсгөх, хямралаас гарахад томоохон нөлөө үзүүлж байгаа учраас “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сан”-даа гэсэн аян өрнүүлээд байна. Улмаар худалдан авах алтынхаа хэмжээг жилд 25 тонн хүргэх зорилт тавиад байгаа. Хэрэв татварын хөнгөлөлтийг нь цуцалчихвал алт нууцаар хил давах тохиолдол дахин нэмэгдэж, тушаах хэмжээ нь буурна гэж Төвбанкныхан болгоомжилж буй. Тиймээс татварын хөнгөлөлтийг 2024 он хүртэл үргэлжлүүлэх санаачилгыг дэвшүүлсэн хэрэг.
Одоо ч алт нууцаар хил давсаар байгааг хууль хяналтынхан үгүйсгэдэггүй. Маш нарийн сүлжээнд орчихсон тул илрүүлэхэд хүндрэлтэй байдаг гэдэг. Алт нууцаар хил давах нь ихсэнэ гэсэн болгоомжлол үндэслэлгүй, хоосон хардлага биш аж. Урд хөрш рүү гаргасан алтыг Монголбанкныхаас 10-20 хувийн өндөр үнээр худалдаж авдгийг манайхан олж тогтоожээ. Хятад улс нутаг дэвсгэртээ алт оруулж валютын нөөцөө нэмэгдүүлэх хэтийн бодлоготой учраас “шар металл” хууль бусаар хил давуулсан хүнд хариуцлага тооцохгүй, толгойг нь илээд өнгөрөөдөг гэнэ.
Өндөр үнэд хүрдэг, хариуцлага тооцох эрх зүйн орчин нь сул учраас хэн ч Хятад руу алт давуулж азаа үзэхээс сийхгүй гэсэн үг. Алтаа урд хөршийн “авдар”-т биш, эрдэнэсийн сандаа үлдээхийн тулд татварын хөнгөлөлтийн бодлогоо үргэлжлүүлэхээс өөр арга алга. Хэрэв худалдаа нь буруу гарынханд шилжвэл татвар ч үгүй, алт үгүй хоцрох нь ойлгомжтой.