У.Хүрэлсүхийн Засгийн газар хэн нэгэн хөрөнгө оруулагчид найдах биш, Тавантолгойн ордын хувьцааг дэлхийн зах зээлд борлуулж, “мөнгө босгох” төлөвлөгөө гаргалаа. Шинэ төлөвлөгөөг боловсруулах гол дүрд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, түүний баг тоглов. Ингээд зургадугаар сарын 29-нд УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө амжиж Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол батлуулж чадсан.
Тавантолгойг хөдөлгөх санал санаачилгыг улстөрчид анхаарлын төвөөсөө гаргана гэж байхгүй. Шинэ төлөвлөгөөний наадах цаадахыг бодит нөхцөл, Монголын улс төрийн “утаа униартай” уялдуулан шинжихэд улстөржилтийн бай болоод өнгөрөх магадлал тун өндөр санж. МАН-ынхан УИХ-д 65 суудал авч, үнэмлэхүй олонхоороо засаг барьж буй. Гэхдээ тэдний дундаас ч зөрүүтэй байр суурь гарч, маргаж мэтгэлцэх нь дамжиггүй.
УИХ-ын тогтоолын 1.1-д “Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1.2 дахь дэд заалтын б, в-д заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан, шаардлагатай хөрөнгө оруулалт татсаны үндсэн дээр Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх” гэж заажээ.
“Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан” гэснийг сайтар анзаараарай. Тавантолгойн ордын дөрвөн лицензийг одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшиж байгаа. Тогтоолд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 30 хувийг гэж заагаагүй байгаа биз.
...ЖОРК стандартаар тайлан бичихэд дор хаяж жилийн хугацаа шаардана. Товчхондоо хөрөнгө оруулагчдад танилцуулах “цаас” жилийн дараа бэлэн болно гэсэн үг. Энэ хугацаа бол УИХ-ын дараагийн сонгуулийг тойрсон улстөржилт уугиж эхлэх цаг юм. Ингээд стратегийн ордыг оффшорт бүртгүүлэх нь гэсэн шалтгаар Тавантолгойд хөрөнгө оруулалт татах дахин нэг төлөвлөгөө нурах вий. Оффшортойгоо орооцолдоод унах магадлал тун өндөр гэдэгтэй хэн ч маргахгүй биз...
Лондон, эсвэл Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа арилжихын тулд тухайн компанийг Англи-Саксоны хуулийн системтэй газарт бүртгүүлэхийг шаарддаг. Англи-Саксоны хууль эрх зүйн тогтолцоо нь хөрөнгө оруулагчийн эрх ашгийг сайтар хамгаалдаг, аливаа маргааныг шударгаар шийдвэрлэдэг учраас ингэдэг хэрэг. Эрсдэлээс болгоомжилсон хөрөнгө оруулагчид Англи-Саксоны хууль эрх зүйн тогтолцоотой газарт бүртгэлтэй компанийн хувьцааг худалдан авахыг ч найдвартай гэж үздэг.
“Mongolian mining corporation” компани Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжихын тулд Английн оффшор бүсэд бүртгүүлсэн. “Оюутолгой”-н толгой компани “Туркойз хилл ресурс” ч оффшор бүсэд бүртгэлтэй. Тэгэхээр Тавантолгойн ордыг гадаадын хөрөнгийн биржид гаргахын тулд оффшор бүсэд бүртгүүлэхээс өөр аргагүй байж мэднэ. Тэгж байж хүсээд байгаа 2-6 тэрбум ам.долларын хөрөнгөө татах учиртай.
Тавантолгойн ордод гадаадаас хөрөнгө оруулалт татах бэлтгэл ажил “Эрдэнэс Тавантолгой”-г “Эрдэнэс Монгол” компанийн харьяанаас гаргах үйл явцаар үргэлжлэхийг эх сурвалж дуулгалаа. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой”-г Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдэлд аваачих нь. Гадаадын хөрөнгийн биржид бүртгүүлэхийн тулд “Багануур”, “Шивээ-Овоо” гэх мэт үр ашиггүй, ажлыг нь сайжруулахын тулд их хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай компанийг эзэмшдэг “Эрдэнэс Монгол”-оос салгах шаардлагатай гэж үзсэн аж. Ингэхгүй бол тэнхээ нь муудсан “найзууд” нь “шавар хаах” гэнэ. Энэ бол шинэ төлөвлөгөөний нэг хэсэг.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан бодлогынхоо цаад санаа, арга замыг тодорхой тайлбарлаагүй. УИХ-аар батлуулсан тогтоолын цаадахыг уншиж ямар төлөвлөгөө гаргасныг тодруулахыг хичээе. Магадгүй баримжаатай таамаг байх болов уу. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эзэмшилд шилжүүлнэ. Өөрөөр хэлбэл, эл компанийн удирдлага менежментийн бодлогыг салбарын яам барина гэсэн үг.
Цаашлаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн тайланг ЖОРК стандартын дагуу гаргах учиртай. Өөрөөр хэлбэл, ордын нүүрсний нөөц, ашиглах техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг багтаасан нүсэр тайлан бэлтгэх шаардлага бий. Олон улсын хөрөнгө оруулагчид ийм л тайлан уншиж байж хөрөнгө оруулах шийдвэр гаргадаг жишигтэй. Мөн хөрөнгө оруулах төслүүдээ бэлтгэнэ.
Тогтоолын 1.2-т “Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх”, 1.4-т “Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станц болон нүүрс химийн үйлдвэрийг Тавантолгойн ордыг түшиглэн барих талаар шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх”, 1.5-д “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээтэй уялдуулан өмнийн говийн бүтээн байгуулалтад шаардагдах усан хангамжийн найдвартай эх үүсвэрийг хангах ажлын хүрээнд гадаргын болон гүний усыг байгаль, экологийн тэнцвэрийг алдагдуулахгүйгээр зохистой ашиглах боломжийг судлан холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх” гэж заасан. Энэ бол босгосон хөрөнгөөрөө хэрэгжүүлэх төслүүд. Бараг арав орчим төслийн судалгаа хийсний эцэст хөрөнгө оруулагчдын өмнө барих “цаастай” болно.
Ингээд хөрөнгө оруулагчдад танилцуулгаа хийж эхэлнэ. Тогтоолын төсөлд бичсэнээр бол Тавантолгойн ордыг ашиглах шинэ төлөвлөгөөний “замын зураг” ийм байна. Гэхдээ шинэ төлөвлөгөө улстөрчид, иргэдийн үзэл бодлын зөрүүтэй байр суурь, эсэргүүцлийг тэсэж давах, эсэх нь эргэлзээтэй. Монголчууд “Эрдэнэс Тавантолгой”-г татваргүй бүсэд бүртгүүлэхийг зөвшөөрөх үү, оффшортой тэмцэгч Ерөнхийлөгч Х.Баттулга ямар байр суурьтай байх бол гэх мэт тээг саад бий болно.
Оффшор гэдгийг монголчууд хууль бус мөнгө, муу муухайгийн үүр уурхай гэж ойлгодог болсон шүү дээ. Ер нь энэ төлөвлөгөө гараанаасаа л эсэргүүцэлтэй тулгарах болов уу. “Эрдэнэс Монгол”-оос “Эрдэнэс Тавантолгой”-г салгахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынхан зөвшөөрөхгүй байгаа гэсэн “бор шувуу” нисэж эхлээд байна. Гадаадын хөрөнгийн биржид хувьцааг нь гаргасны дараа иргэдэд тараасан 1072 хувьцааг хэрхэн амилуулах вэ гэсэн асуулт бас хариулт нэхнэ.
ЖОРК стандартаар тайлан бичихэд дор хаяж жилийн хугацаа шаардана. Товчхондоо хөрөнгө оруулагчдад танилцуулах “цаас” жилийн дараа бэлэн болно гэсэн үг. Энэ хугацаа бол УИХ-ын дараагийн сонгуулийг тойрсон улстөржилт уугиж эхлэх цаг юм. Ингээд стратегийн ордыг оффшорт бүртгүүлэх нь гэсэн шалтгаар Тавантолгойд хөрөнгө оруулалт татах дахин нэг төлөвлөгөө нурах вий. Оффшортойгоо орооцолдоод унах магадлал тун өндөр гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
Ингэж дүгнэсэн нь учиртай. Гадаадын хөрөнгө оруулалт татаж, Тавантолгойг үр өгөөжтэй ашиглах гурав дахь том төлөвлөгөө энэ юм. Сүүлийн найман жилд гурван том төлөвлөгөө баталж буй нь Монголын төрийн бодлого ямаршуухан тогтворгүй, ороо бусгаа байгааг гэрчилнэ. Анх Сү.Батболдын Засгийн газар стратегийн хөрөнгө оруулагчдыг урьж, Тавантолгойг хамтран ашиглах “замын зураг” гаргасан.
Дэлхийн бодлогод нөлөөлдөг хоёр том хөршийн Тавантолгойн ордыг хамтарч ашиглах ашиг сонирхол зөрчилдсөн. Товчхондоо төслөөс эзэмших хувь оролцоондоо хэн хэнийх нь сэтгэл ханаагүй гэсэн үг. Цаашлаад Тавантолгойг бизнес биш, геополитикийн байр сууриа хамгаалах объект гэж харсан. Тиймээс хөрөнгө оруулалт нь гацсан удаатай. Дараа нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар Монголын үндэсний компани давамгайлсан хөрөнгө оруулагч шалгаруулах тендер зарласныг санаж байгаа биз.
Сонгон шалгаруулалтад үндэсний хөрөнгө оруулалттай “Mongolian mining corporation”, Хятадын “Шинхуа энержи”, Японы “Сүмитомо” компанийн консорциум ялсан. Гэвч Засгийн газрынхаа бодлогыг эрх баригч намаас УИХ-д сонгогдсон гишүүд хүчтэй эсэргүүцсэнээр хоёр дахь том төлөвлөгөө нуран унав. Тавантолгойн ордод хамтран ажиллах гэрээний төсөл Засгийн газар, улмаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдэд ашиггүй гэж тэд үзсэн юм.