Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төвийн бүсийн зөвлөгөөн Өвөрхангай аймагт (2018.08.09-10) болж байна. Зөвлөгөөнд нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал эмнэлэг, үржлийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болсон 250 гаруй хүн оролцож байгаа юм.
Төвийн бүсийн зөвлөгөөнийг нээж үг хэлсэн УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн, Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Өвөрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир нар тус зөвлөгөөн оролцогчдод үр дүнгээ өгч, үйл ажиллагаанд нь тодорхой ахиц гарна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Зөвлөгөөнөөр салбарын 2018 оны бодлого, зорилт, түүний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮЯ-ны тодорхой асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд танилцуулж, аймгууд хоорондоо тэргүүн туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцаж байгаа юм.
Мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн, жижиг, дунд үйлдвэр гэсэн харилцан уялдаатай, хамтын ажиллагаа шаардсан салбарын цогц үйл ажиллагаа нь хүн амыг эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлчилгээний салбарыг шинэ шатанд гаргах, ажлын байр бий болгох, улмаар монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэж байна.
Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон тус салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд 2018 онд мал аж ахуйн салбарын хоёр суурь хуулийн хэрэгжилтийг хангах таван хуулийн төсөл, Таримал ургамлын үр сортын тухай, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Бэлчээрийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай гэсэн 10 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
Мөн Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний тухай, Худалдааны тухай, Тариалангийн даатгалын тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай гэсэн таван хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Тус салбарт одоогоор “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” зэрэг дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж байна.
2018 онд мал аж ахуйн салбарыг төрөлжүүлэн хэрэгжүүлэх, газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийх, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, хангамж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зэрэг олон зорилтыг өмнөө тавьсан ХХААХҮЯ-ны зорилт эхний найман сарын байдлаар 70 гаруй хувьтай байгааг тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар хэллээ.
Мөн ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд үр, сорт, техникийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр "Газар тариалангийн салбарт 58.4 мянган хүн байнгын, 11.5 мянган хүн түр, 11.5 мянган хүн улирлын чанартай ажлын байранд ажиллаж байна. Үр тарианы 1200, төмс, хүнсний ногооны 370 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж, 35 мянган тариалан эрхэлдэг өрх байна. Нийт 878 мянга га эргэлтийн талбайтайгаас 54 мянга га-д усалгаатай газар тариалан эрхэлдэг. Техник хангамжийн тухайд, 1800 трактор, 1200 комбайн, 4000 орчим ХАА-н чиргүүл, дүүжин машин, 5500 бага, дунд оврын трактор байна. Салбарын хэмжээнд 434 мянган тоннын багтаамжтай элеватор, 182 мянган тоннын багтаамжтай үтрэм, 200 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны зоорь үйл ажиллагаагаа явуулдаг.
2018 оны тухайд таримал ургамлын нэр төрлийг нэмэгдүүлэх, үр сортын шинэчлэл хийхийг дэмжих, үрийн аж ахуйн чадавхийг сайжруулах байгальд ээлтэй усалгааны технологи, услалтын системийг бий болгох, тариалангийн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэ онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа, үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.4 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийх зорилт дэвшүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 27-ны байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийгээд байна.
Аймаг бүрээс ирүүлсэн мэдээдэлд тулгуурлан наймдугаар сарын 20-ноос намрын ургацын баланс гарна. Өнөөдрийн байдлаар ургац боломжийн хэмжээнд байгаа учраас төлөвлөсөн хэмжээний ургацаа хураан, дотоодынхоо хэрэгцээгээ хангана гэж үзэж байна. Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын штабтай хамтран шуурхай ажиллана. Ургац хураалтын хугацаанаас өмнө хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангаж, ургацыг байгаль цаг уурын болзошгүй эрсдэлээс хамгаалан, үтрэм, элеватор, зоориндоо ариутгал хийж, зам, гүүрээ засварлахыг зөвлөж байна.
2019 онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариаланг бие даан хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохионо. Тиймээс “Атар 60” бүтээлч аян өрнүүлж, аяны хүрээнд ойн зурвас татах, тариалангийн талбайг хашаажуулах, үр, сорт, техник, технологийн шинэчлэл хийх зэргээр тодорхой ажлууд хийж байна. Хамгийн сүүлд, үр шинэчлэх чиглэлээр ОХУ-аас 8000 тонн элит үр авч, тариаланчиддаа олгож, 20 гаруй төрлийн 200 орчим техник тоног төхөөрөмжийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр хүлээн аваад байна.
Одоогоор Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн махны хадгалалт борлуулалтын цогцолбор төвийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Уг төвийг 2019-2020 онд байгуулна. Мөн БНПУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр Хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээ төслийг хэрэгжүүлж, ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Сэлэнгэ аймагт 2000 тоннын үрийн агуулахтай 15 мянган тонн багтаамжтай элеватор байгуулахаар ажиллаж байна.
Цаашид “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийг үр дүнтэй зохион байгуулж, 7 аймагт тариалангийн бүс нутгийг тогтоох Засгийн газрын 131-р тогтоолыг хэрэгжилтийг эрчимтэй зохион байгуулж, эрчимжсэн мал аж ахуй-газар тариалан хослуулан хөгжүүлж, тариалангийн үйлдвэрлэлийг төрөлжүүлэх юм" хэмээв.