Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй “Гермес центр” компани энэ оны эхний хагас жилийн тайлангаа гаргажээ. Тус компани эхний хагас жилд 672.7 сая төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Ингэснээр 461.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан аж. Энэ нь нэгж хувьцаанд 5.87 төгрөгийн ашигтай ажилласан гэсэн үг юм.
“Гермес центр” Монголын хөрөнгийн зах зээл дээрх хувьцаа эзэмшигчдэдээ жилд хоёр удаа ногдол ашиг тараадаг цорын ганц компани. Тиймээс хагас жилийн цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараана гэсэн хүлээлт байгаа аж. Тус компани 2017 оны эхний хагас жилд 415.9 саяын ашигтай ажиллаж, үүнийхээ 72 хувь буюу нэгж хувьцаанд 3.81 төгрөгийн ногдол ашиг тарааж байсан удаатай. Эл компанийн хувьцааны ханш энэ он гарснаас хойш долоо орчим хувиар өсөж, 152 төгрөгт хүрээд байна.