“Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” компани үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа хоёрдугаар улирлын байдлаар гаргаснаа танилцуулав. Тайланд эхний хагас жилд “Оюутолгой” компанийн 200 000 хүн/цаг тутамд ногдох гэмтэл бэртлийн давтамж 0.19 байсныг тэмдэглэжээ.
Мөн тавдугаар босоо амыг барьж дуусгасан нь агааржуулалтын системд ач холбогдолтойг дурдав. Тэгвэл гурав, дөрөвдүгээр босоо амны газар шорооны ажил үргэлжилж буй аж. Далд уурхайгаас анхны хүдрийн биетийг 2020 оны дунд үеэс олборлон, дараа жилээс нь тогтвортой үйлдвэрлэл эхлүүлэхээр төлөвлөж буй юм.
Хоёрдугаар улиралд “Оюутолгой”-н үйлдвэрлэсэн баяжмал дахь зэс 1.5, алтны үйлдвэрлэл 19 хувиар нэмэгджээ. Боловсруулсан хүдрийн хэмжээ энэ оны эцэст 40 сая тонн хүрэх төлөвтэй аж. “Оюутолгой”-н үйлдвэрлэл 2025 онд ихээхэн нэмэгдэж, дэлхийн гурав дахь том уурхай болох тооцоо бий. Тодруулбал, зэс, алтны үйлдвэрлэл нь 2018-2025 онд 340, 150 хувиар өсөх таамагтай гэнэ.
Тус компани энэ онд 125-155 мянган тонн баяжмал дахь зэс, 240-280 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвтэй байгаа юм. “Оюутолгой”-н ажиллах хүч хоёрдугаар улиралд 15 000-д хүрсэн бөгөөд тэдний 93 хувийг монголчууд бүрдүүлж буй гэнэ. Энэ хугацаанд тус компанийн орлого 341.7 сая ам.долларт хүрсэн нь жилийн өмнөхөөс 67.7 хувиар илүү үзүүлэлт болжээ.