Монголын хөрөнгийн биржид 2008 онд хувьцаагаа гарган, нээлттэй компани болсон “Хөх ган” ангижруулсан төмрийн үйлдвэрийн үйл ажиллагаагаа сэргээхээр төлөвлөж буй аж. Одоогоор хойд хөршөөс түүхий эдээ татан авч буй бөгөөд нэг сар орчмын дараа үйлдвэрийн үйл ажиллагааг дахин эхлүүлэхээр тооцож байгаа гэнэ.
Энэ хүрээнд үйлдвэрийн зарим тоноглолыг автоматжуулах, шинэчлэх, солих ажил хийх юм байна. Тус компани үйлдвэрээ 2009 оны аравдугаар сард ашиглалтад оруулж байсан бөгөөд жилд 40 мянган тонн төмрийн хүдрийн баяжмалыг шууд ангижруулах технологиор боловсруулж, хоёрдугаар шугам нь 30 мянган тонн, 92-98 хувийн агуулгатай шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай.
Уг технологи нь сүүлийн үеийнх бөгөөд тус үйлдвэр нь Монгол Улсын энэ чиглэлийн анхдагч хэмээн тооцогддог аж. Шууд ангижруулсан төмөр нь хаягдал төмөр, ширмийг бүрэн орлох чадвартай, сайн чанартай гангийн түүхий эд болдог юм байна. Зах зээлтэй холбоотойгоор тэд үйлдвэрийнхээ үйл ажиллагааг 2015 онд түр зогсоож байв.
Дээрх биржийн II ангилалд бүртгэлтэй “Хөх ган” компанийн хувьцааны ханш нэг жилийн өмнө 95 төгрөгтэй тэнцэж байсан бол өчигдөр 110 төгрөгтэй дүйж байв. Энэ нь өнгөрсөн оны эхээр нэгж нь 53.5 төгрөгтэй тэнцэж байснаас хоёр дахин өссөн үзүүлэлт юм. “Хөх ган” компанийн 52.5 хувийг “Бэрэн групп” эзэмшиж буй.