1072 мэдээллийн төвд "Эрдэнэс Тавантолгой" ХК 2018 оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Тус компанийн захирал Б.Ганхуяг хэлэхдээ ""Эрдэнэс Тавантолгой" ХК 2010 онд байгуулагдаад, найман жилийн хугацааг үдлээ. Энэ хугацаанд нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулсан. Тэр ч бүү хэл ажилчдынхаа цалинг ч өгч чадахгүйдээ тулж байсан үе бий. Тэгвэл өнөөдөр энэ бүх хүндрэлийн ард гарч, бидний өмнө санхүүгийн маш том боломж, ирээдүй байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК бол Монгол Улсын гурван сая иргэнийг төлөөлсөн компани юм. Энэ үүргээ ч хангалттай биелүүлж байгаа.
Тус компани 2018 оны эхний зургаан сарын байдлаар 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллалаа. Өөрөөр хэлбэл, 2018 оны төлөвлөгөө ёсоор энэ онд 1.26 их наяд төгрөгийн борлуулалт хийх эрхтэй байсан бол эхний хагас жилд ийнхүү 78 хувийг гүйцэтгээд байна. Нөгөө талаар, улсын төсөвт 216.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөөнийхөө 90 орчим хувийг гүйцэтгэж чаджээ.
Хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгаа бөгөөд төлөвлөгөөгөө 110 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс гадна 1072 хувьцааг амь оруулах эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Ингэснээр компанийн үйл ажиллагаа дэлхийн хэмжээнд санхүүгийн чадавхитай болох нь харагдана.
Ашиг орлого ийнхүү өсөхөд нөлөөлсөн зүйл нь зөвхөн нүүрсний үнэ юм байна. Үнийн хоёр аргачлал бий.
Нэгдүгээрт, Чалкотай гэрээ байгуулсан. Он гарснаас хойш хоёр ч удаа үнийг өсгөсөн. Тухайлбал, нэгж үнэ 59.33 ам.доллар байсныг 60.33 ам.доллар болгосон. Мөн гэрээний хүрээн дэх үнийн дөрвөн аргачлалыг 2018 он хүртэл хэрэглэсэн. Харин энэ жил тав дахь индексийг гэрээнд оруулсан. Энэ нь ТББ-уудын үнийг тогтооход тус дөхөм блж байгаа. Дээрээс нь суурь үнийн бодлогын зохицуулалтыг бий болгож чадсан. Суурь үнийг 61 ам.доллараар тогтоосон учир түүхий эдийн үнийн хэлбэлзэл, эдийн засгийн ямар ч нөхцөл байдалд нүүрсний үнэ 61 ам.доллараас буухгүй.
Хоёрдугаарт, Баруун Цанхиас олборлож буй нүүрсний үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоодог. 2018 онд 68 ам.доллар байсан бол 69-70-аас дээш ам.доллар болгон тогтоосон. Ингэснээр 12 сая ам.доллар буюу 30 тэрбум төгрөгийн зөрүү гарсан нь цэвэр ашигт шууд нөлөөлсөн.
2018 онд 4.9 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн бол одоогоор 5.1 сая тонн буюу 51 хувиар давуулан биелүүлсэн. Экспортын хувьд 5.0 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн байсан ч 6.8 сая тонн буюу 64 хувиар давуулан биелүүлсэн.
2014 оноос хойш тасалдаад байсан нөөцийн болон ашиглалтын хайгуулыг бид энэ жил эхлүүлж, нөөцийн хайгуулыг 50 тууш метрт, ашиглалтын хайгуулыг 13 тууш метр гүйцэтгэхээр болж, 27 мянган дээж авч, 12.550 дээжийн хариу гарсан. Дээжийн хариугаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсний нөөц 270 буюу түүнээс дээш хэмжээгээр өссөн. Энэ нь компанийн үнэлгээнд шууд нөлөөлнө.
Компанийн ажилчдын цалинг 21 хувиар, шөнийн нэмэгдлийг 5.0 дахин өсгөсөн. Мөн хөдөлмөр, аюулгүй байдлын нэмэгдлийг 15 хувь болгосон бол Ажилчдын дэмжлэгийн санг 2.0 дахин нэмэгдүүлснээр ажилчдын нийгийн асуудал, амьдрах орчинг сайжруулсан.
Бүтээн байгуулалтын хувьд уурхайн спорт заалаа барьж, хүлээлгэн өгсөн. 2019 онд уурхайн оффис, ажилчдын кэмп, лаборатори байгуулагдана.
1072 хувьцаа мэдээллийн төв нээгдсэнээс хойш 15 орчим мянган хүнд зөвлөгөө мэдээлэл өгсөн. Харамсалтай нь, 393 хүнд л хувьцаа авах, ногдол ашгаа авах эрхийг нээж өгсөн байна. Нийт манай компанид 2.511.000 хувьцаа эзэмшигч байдаг. Түүнээс 623.000 нь л эрхээ нээлгэсэн байгаа нь хангалтгүй байна. Бусад 1.8 сая орчим иргэн эрхээ нээлгэж байж энэ хувьцаа амь орж, урагшаа явах эрх нь үүснэ.