Улаанбаатар хотын төвөөс 45, Жаргалант тосгон буюу Сонгинохайрхан дүүргийн XXI хорооноос 10 орчим километрт орших “Ногоон толгой” гэх газар шинэхэн банзаар хашаа хатгасан багахан суурин бий болжээ. Тэр бол хотын хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлж байгаад өнгөрсөн дөрөвдүгээр сараас төвхнөж буй оршин суугчид.
НИТХ, нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сарын 1 гэхэд хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлдэг иргэдийг зөвшөөрсөн бүс рүү нүүлгэх байсан. Иргэдийн дургүйцэл, дэд бүтцийн ажлын явцаас шалтгаалан хэсэг хугацаанд ажил удааширсан ч одоогоор 89 хувийг нь гаргаад байгаа юм. Таван дүүргийн 619 өрхөд, хоёр дүүргийн гурван цэгт иргэдийн өөрсдийнх нь саналаар хуваарилж газар олгосон. Үүнд Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны “Ногоон толгой”, “Нарийны ам”, Баянзүрх дүүргийн XX хорооны “Арцатын ам” гэх гурван хэсэг ногдож буй.
Малтай иргэдийг гаргах ажлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл ч муугүй байгаа хэмээн дүгнүүлсэн. Гэвч биднийг сурвалжилга хийхээр очиход ихэвчлэн зовлон тоочсон иргэд угтсан юм. Жаргалант тосгоны ойролцоох “Ногоон толгой”-д одоогоор 78 өрх нүүж очжээ. Ихэнх нь хашаагаа хатгасан атал нүүрэн талаа битүүлээгүй байсан нь мал, малын хашаа нь багтахгүй байгаатай холбоотой аж. 60 орчим насны эрэгтэй хашаагаа янзалж байхтай таарч зарим зүйл тодрууллаа.
Эднийх тавдугаар сарын сүүлээр нүүж ирсэн гэнэ. 30 гаруй үхэртэй, хөгшинтэйгөө хоёулхнаа үхрээ маллаж буй. Улсаас өгсөн 0.07 га газарт 30 гаруй үхэртэйгээ шахцалдаж амьдарч буйгаа тэрбээр тоочиж байв. Үнэхээр л үхэр, тугалын хашаа, гэр гээд тэдний хашаан доторх зүйлс үргэлжлээд л хөвөрнө. Ядаж гэр нь жорлонтойгоо хаяа дэрлээд байж байх юм. Тус газарт гурван худаг гаргах ёстой ч одоогоор хоёрыг нь л ашиглалтад оруулжээ. Хоорондоо ч багагүй зайтай юм билээ. Дэд бүтцийн ажил хараахан дуусаагүй, улсын комисс хүлээн авч, бүртгэлжүүлээгүй байгаа тул иргэд дундаас нэг хүнийг худаг ажиллуулж байхаар томилжээ.
Гэсэн ч 09.00-11.00, 16.00-18.00 цагийн хооронд л ажилладаг гэнэ. Хүүхдүүдээрээ дэмнүүлэн мал маллаж байсан эдгээр хүний олонх нь тэтгэврийн хөгшид, эсвэл хөдөлмөр эрхлэх боломжгүй, групп тогтоолгосон иргэд байдаг. Тэд худаг түр онгойх хугацаанд хоол, цайныхаа усыг л авч амждаг гэдгээ дуулгав. Ойр хавьд нь гол, булаг гээд байх зүйлгүй тус газар мал услах ус ховор. Худгийн усанд дугаарлаж, цагт хавчигдан усаа дөнгөн данган зөөж буй тэдэнд мал услах гэдэг ойлголт байхгүй гэнэ. Хааяахан хураа хайрлаж байгаа тэнгэрийн “ааш араншин”-гаас шалтгаалж борооны тогтоол усаар малынхаа голыг норгоно.
“Ногоон толгой”-д бог малтай айл ч бий. Тэдний нэг нь Д.Самдантүндэвийнх. Тэрбээр “Манайх хонь ямаа нийлсэн 30 гаруй богтой. Хотод бог малтай байх хэцүү байсан. Харин энд бол, уул хадтай учраас богд түшигтэй, сайхан байна. Сүүгээ борлуулдаггүй, хотод байдаг ач, зээ нартай тараг бүрээд явуулдаг. Манай эхнэр хотод ажилтай. Өглөө оройд ирж, очоод болоод л байна. Төмөр зам хажуугаар өнгөрдөг. Хотоос 1200 төгрөгөөр явдаг юм билээ.
Эхлээд “Яаж идээшинэ дээ” гэж айж байсан ч төвхнөөд ирэхээр илүү амар гэдгийг ойлгож байна” гэлээ. Харин одоо тэдэнд тулгарч буй асуудлын нэг нь газрын зохион байгуулалт. Хаяа хаяагаа дэрлэн, нийлж буусан тэдгээр айл хоёр гудамж болж өргөжжээ. Хашааны хаалга нь урагшаа, хойшоо харсан байрлалтай. Хойд гудамжны айлууд руу машинтай орж болохооргүйгээр зохицуулчихаж. Учир нь, яг жалганд тулгаад газар олгочихсон тул тэд хашаагаа хатгахаас өөр аргагүй.
Хүйтэн сэрүүний улирал ирж, өвс тэжээлээ татах үед тэдэнд өвсөө оруулах газаргүй, зах нь харагдахгүй урт гудамжийг тойрч орох ганц арга үлдэж буй юм. Энэ ч бүр наад захын асуудал. Үерийн аман дээр газар олгогдсон айлд үүнээс ч илүү зовлон бий. Газрын зургаас харж байгаад л айлынхаа тоонд хуваагаад олгосон газарт нь үерийн ам таарсан хоёр ч айл байна билээ. Дүүргийнхээ газрын албанаас “Үерийн ам таарчихлаа. Өөр газар өгөх боломж бий юү” хэмээн сурагласан ч харьяа дүүргийн захиргаанаас тэднийг тоох хүн олдсонгүй.
Жаргалант тосгоны уугуул иргэдээс малтай өрх олон. Тэд зундаа дуртай газраа нүүж, зусдаг. “Ногоон толгой”-н урд гүү барьж, мал малладаг иргэд ч харагдсан. Тэд “хотоос” айл нүүж очсонд тийм ч таатай хандаагүй нь илт. Түр зогсож зам асуух зуурт л “Манай тосгоны зарим айл одоог хүртэл эрчим хүчинд холбогдоогүй. Гэтэл тэд ирэхдээ л улсын мөнгөөр цахилгаан татуулсан. Нэг үгээр хэлэхэд даварсан хүмүүс. Бэлчээрийн даац хүрэлцэхгүй ядаж байхад дээрээс нь дахиад ийм олон айл гэнэт нүүгээд ирэхээр бидэнд ч таатай биш байна” гэх үг дайгаад амжив. Нүүж очсон малчдаас ч “Уугуул иргэд нь дуртай газраа бууж суун, малаа маллаж, харин бид алгын чинээ газарт, бэлчээр ч үгүй амьдарч байна” хэмээн гомдоллох хүн олон байв.
Мал дагасан иргэдийн орлого олох цөөн боломжийн нэг нь сүүгээ борлуулах. Ойр хавийн айлууддаа 1000-1500 төгрөгөөр зарж, хоногийн хоолондоо нэмэрлэдэг орлого нь тэнд нүүж очсоноос хойш хумигдсан гэхэд болно. Нүүлгэх сурагтай зэрэгцэн сүүний компаниуд зах зээлийн үнээр худалдаж авна гэх “зар” тэднийг баярлуулж байсан ч бодит байдалтай тийм ч нийцсэнгүй. Анх нүүж очиход нь литр сүүг 1000 төгрөгөөр худалдаж авч байсан ч одоо 500-гаар л авдаг болжээ. Өөрөөр хэлбэл тэдний орлого 2-3 дахин буурсан гэсэн үг. Үүнээс гадна сүүний машин нь 4-5 хоног ирэхгүй байх тохиолдол ч бий аж. Мөн хязгаарлалттай холбоотойгоор өдөр бүр 09.00-17.00 цагийн хооронд цахилгаан нь тасарч, худалдаж чадаагүй сүү нь гашилдаг гээд тэдний зовлон ар араасаа хөвөрдөг гэж байсан юм.
Дээрх асуудлуудын талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа, үйлчилгээний мэргэжилтнээс тодруулахад “28 жил хийж чадаагүй ажлыг бид амжилттай хийлээ. Дэд бүтцийн ажил хийж байгаа ч хараахан бүрэн дуусаагүй байна. Гурван байршлын есөн цэгт худаг байгуулахаас долоог нь ажиллуулж эхэлсэн. Улсын комисст хүлээлгэж өгөөгүй байгаа тул иргэдээр түр өөрсдөөр нь хариуцуулж буй. Тиймээс иргэдийн дунд үл ойлголцол гарч байж магадгүй.
Гэхдээ энэ бол түр зуурын асуудал. Худгаа бүрэн гүйцэд байгуулж дуусаад Ус сувгийн удирдах газарт албан ёсоор хүлээлгэж өгсний дараа 24 цаг нээлттэй байлгах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Гурван байршлын газар гурвуулаа төвийн шугам сүлжээнд холбогдсон тул цахилгаан тасрах асуудал гарах ёсгүй. Үүнийг бид цаашид шалгана. Газар зохион байгуулалтгүй байна гэдэг гомдол манайд одоохондоо ирээгүй. Анх иргэдийг нийслэлээс хурдан гаргахын тулд Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар “Өрх бүрт хоёр айлын газар олгоно” гэж зарласан юм билээ.
Мөн дүүргүүд өөрсдийн газар нутгаа хуваарилж, иргэддээ олгож буй учраас газрын асуудлыг харьяа газрын алба нь зохицуулж өгөх үүрэгтэй. Нийслэлийн зүгээс өрх бүрт өөрсдийнх нь байгаа дээр нэмж газар олгож байгаа гэдгийг сайн ойлгоосой гэж хүсэж байна. Бусад иргэн газар авах гэж азаа үзэж байхад тэд малаа маллангаа дэд бүтэц хөгжсөн газарт амьдрах бүрэн боломжтой болж байгаа шүү дээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн XXI хороо руу нийтийн тээвэр явуулахаар шийдвэрлэж байна. Нийслэлийн Захирагчийн ажлын алба хариуцсан ажлаа хийж дуусгаж байгаа тул харьяалагдах дүүргүүдэд хариуцуулж, ажлын хэсэг гаргасан” гэлээ.
Ганц малын шүлхий өвчнөөс болж хэдэн мянга, цаашилбал хэдэн зуун мянган хүний амь нас, эрүүл мэндийг хохироож болох аюулаас иргэдээ аварч буй уг ажлыг буруутгах гэсэнгүй. Зөв шийдэлтэй, сайн ажил. Гагцхүү төрөөс боломж бололцоог нь хангаж, хэдэн мянган хүний амьдралыг өөрчилж буй уг ажлыг цаашид хариуцаж, зохицуулах ёстой дүүргийн засаг захиргаа нь танай, манай гэж ялгалгүй, нутаг заагдсан тэдгээр иргэнийг эргэн харах цаг болжээ.
Бэлтгэсэн. Ж.Уранмандал