Өнгөрсөн ням гаригт НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдаж, нийт 21.298 иргэн азтан болсон юм. Үүн дотор 10 сая төгрөгийн 2, таван сая төгрөгийн 26 азтан тодорлоо. Гэвч иргэд мэдээлэл дутуу байгаагаас үүдэн азтан болсон эсэхээ хэрхэн шалгахаа мэдэхгүй байгаа юм. Мөн НӨАТ-д азтан болохын тулд хуурамч бичиг баримт үйлдэх болжээ, НӨАТ-ын сугалаанд 37 удаа азтан болсон хүн бий гэхмэтчилэн олон мэдээлэл цахим орчинд тархаж буй нь иргэдийг төөрөгдүүлж байна. Иймд НӨАТ-ын талаарх нэгдсэн мэдээлэл өгөх үүднээс Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Олон нийттэй харилцах албаны менежер Б.Чинзоригтой ярилцлаа.
-Сугалааны тохирол ямар журмаар явагддаг вэ. Баримтыг хэзээ нь баталгаажуулсан байх ёстой вэ?
-НӨАТ-ын сугалааны тохирол сар бүрийн гурав дахь долоо хоногийн ням гаригт явагддаг. Тухайн сугалаанд оролцохын тулд өмнөх сарын 1-нээс 31-ний хооронд хийгдсэн төлбөрийн баримтыг дараагийн сарын тохирлын өмнөх өдөр 23 цаг 59 минут 59 секундээс өмнө баталгаажуулсан байх ёстой. Жишээлбэл, өнгөрсөн сард 35 сая төлбөрийн баримт хэвлэгдсэнээс 21 саяыг нь баталгаажуулсан байсан.
Харин сугалааны тохирол бөмбөлөг үлээх зарчмаар явагддаг. Тухайлбал, тус бүрдээ 0-9 бөмбөлөг бүхий найман шилэн хорготой сугалааны машин байдаг. Үүн дотроос санамсаргүй түүврийн аргаар явуулдаг. Ямар нэгэн программ шаардагддаггүй гэсэн үг.
-Нэг иргэн 30 гаруй удаа азтан болсон гэдэг мэдээлэл гарснаа үүдэн програмын аргаар сугалаанд хожиж болно гэсэн буруу ойлголт иргэдийн дунд хүчтэй түгэж байна?
-Манай байгууллагын ажилтан 37 удаа азтан болсон гэдэг мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр их явсан. Уг мэдээ ор үндэсгүй, худал мэдээллээр дүүрсэн байсан. Ганц манай байгууллага сугалааны тохирол зохион байгуулдаггүй. ЦЕГ, ШӨХТГ, МХЕГ, Стандарт хэмжил зүйн газраас ажлын хэсэг гарган, хяналт тавьж ажилладаг.
Үүнээс гадна сугалааны зарчимд хөндлөнгийн хүн оролцох боломжгүй. Жишээлбэл, тэр дугаартай бөмбөлөг гарах ёстой гэсэн зүйл байхгүй. Бид анх мэдээлэл гарсны дараа холбогдох албаны байгууллагуудаар шалгуулсан. ЦЕГ-ын Кибер Аюулгүй байдлын газарт ч хандаж шалгалт хийлгүүлэх хүсэлтээ тавьчихсан байгаа. Мөн хэн нэгэн хүн 37 удаа хожсон тохиолдол ч байхгүй. Учир нь 1000 баримтаас нэг азтан тодордог. Харин хүмүүс баримтаа нэхэж аваагүйн улмаас тухайн худалдааны байгууллагын ажилтан баримтуудыг нөхөж бүртгүүлдэг тохиолдол гарч байсан. Тэд сугалаанд хожих магадлал өндөр. Гэхдээ ТЕГ-ын Эрсдлийн удирдлагын газраас тэдэнд хяналт тавьж ажилладаг.
-Сугалааг бөмбөлөг үлээх зарчмаар явуулах нь хэр шударга байдаг вэ. Бөмбөлгийн жингийн харьцаа хэд байдаг вэ?
-Бөмбөлгийн жин дунджаар 2.5 грамм байдаг. Адил жинтэй бөмбөлгүүдийг нэг хоргонд хийдэг. Үүнийг Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгсэл, тохируулгын албаны мэргэжилтэн ирж хэмждэг. Жингийн зөрүү хамгийн ихдээ 0.02-0.04 грамм байдаг.
-Өнгөрсөн ням гаригт таван сая төгрөгийг 26 азтан хожсон. Азтан маань сугалааны мөнгөө хэрхэн авах вэ. Баримт шаардлагатай юу?
-50-200 мянган төгрөг хожсон азтанууд маань ebarimt.mn болон гар утасныхаа аппликейшн рүү ороод хонжвор авах хүсэлтээ гаргадаг. Хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дараа хонжворын мөнгө нь Төрийн сангаас шилжиж ордог. Нэг сая болон түүнээс дээш төгрөг хожсон тохиолдолд азтан өөрийн биеэр и-баримтаас хонжвор авах хүсэлтээ татаж аваад бичиг баримттайгаа цуг авчрах ёстой. Ингэхдээ хонжворын баримтаа хавсаргана.
-Өмнөх сугалааны супер шагналын эзэн тодроогүй тохиолдолд дараагийн супер шагналын сан нэмэгдэх үү?
-Өмнөх сугалааны супер шагналын эзэн тодроогүй бол дараагийнх дээр нь нэмэгдэх зарчмаар явагддаг. 2017 онд Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын сугалааны тохиролд өөрчлөлт оруулсан. 100, 500 мянга, 4 сая, 20 сая, 100 сая төгрөгийн өндөр шагналын сантай байсан бол шинэ журмаар 3 орон тохирсон бол 20 мянга байснаас 50 мянган төгрөг, 4 орон таарсан бол 100 мянга байснаас 200 мянга, 5 орон таарсан бол 1 сая, 6 орон тохирвол 5 сая төгрөг болж нэмэгдсэн. Харин 7 орон таарвал 20 сая байсныг 10 сая төгрөг, 8 орон тохирвол 100 сая байсныг 50 сая төгрөг болгосон.
Өндөр дүнтэй хонжворын сан буурлаа гэхэд бага дүнтэй хонжвор таарсан азтанууд маань нийт хонжворын 80-90 хувийг эзэлдэг учир сан хоёр дахин өссөн гэж хэлэхэд буруудахгүй. Ингэснээр иргэдийн баримтаа баталгаажуулах үйл явц нэмэгдэж, илүү идэвхтэй болсон.
-Хамгийн өндөр дүнтэй супер шагналын сан хэдэн төгрөгт хүрсэн бэ?
-Өмнөх журмаар супер шагналын сан 50 сая төгрөгөөс эхэлдэг байсан. Тэгээд тодрохгүй байсаар 2017 онд нэг удаа 500 сая төгрөгт хүрээд, нэг азтан тодорсон. Харин 2018 оны шинэ журмаар 50 сая төгрөгөөс эхлээд тодроогүй тохиолдолд 25 сая төгрөгөөр нэмэгдэж байгаа.
-НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд ААН илгээхгүй байх тохиолдол их гардаг. ААН-үүдэд төлбөрийн баримт илгээх тодорхой хугацаа байдаг уу?
-Байлгүй яахав. Ерөнхийдөө хоёр шалтгааны улмаас ААН илгээгээгүй гэсэн бичиг гардаг. Нэгдүгээрт, тухайн ААН мэдээллээ огт илгээгээгүй гэсэн үг. Хоёрдугаарт, хэрэглэгч өөрөө сугалааныхаа аль нэг дугаарыг буруу шивж оруулснаас болдог. Тэгэхээр эхний тохиолдолд ААН-үүд 72 цагийн дотор мэдээллийг илгээх ёстой. Хугацаа хэтэрсэн үед баримт баталгаажихгүй байвал ТЕГ-ын 1800-1288 дугаарт мэдээлж болно. Харин магадгүй буруу шивсэн бол тухайн баримтыг устгаад дахин шивэх хэрэгтэй.
-Хэрэв тухайн аж ахуй нэгж баримтаа илгээгээгүй бол ямар нэгэн хариуцлага тооцох уу?
-Хариуцлага тооцох механизм бий. Тэр бол ТЕГ-ын мэдэх хэрэг. Харин бидний зүгээс сугалааны дугаар очихоо больдог. Ингэхээр ямар ч баримт хэвлэгдэхгүй гэсэн үг.
-Баримт бүртгэхгүй удах эсвэл хонжворын мөнгө дансанд орохгүй байх зэрэг асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр ямар алхмуудыг хэрэгжүүлж байна вэ?
-Баримт бүртгэгдэхгүй байгаа нь ААН илгээгээгүй эсвэл үнийн дүн зөрүүтэй гэсэн хоёр л шалтгаантай. Хоёр дахь тохиолдолд шивсэн байгаа баримтан дээрээ дараад дахин давтагдашгүй төлбөрийн дугаарыг оруулахад баримт автоматаар бүртгэгдсэн.
Харин хонжворын мөнгөтэй холбоотой асуудалд дээр хэлсэнчлэн хүсэлтээ баталгаажуулсан өдрөөс хойш хамгийн ихдээ ажлын 20 хоногийн дотор ордог. Хэр хурдан хүсэлтээ гаргана, төдий чинээ хурдан шилжиж орно. Гэхдээ ажлын 7-10 хоногийн дотор оруулдаг байх ажлыг шат дараалалтай хэрэгжүүлж байгаа. Мөн иргэд дансны мэдээллээ буруу оруулснаас үүдэн мөнгө буцаан татагдах тохиолдол цөөнгүй бий. Үүнд овог нэр, регистр, утасны дугаар, мэйл хаяг, дансны дугаар зэрэг ордог. Үүнийгээ сайтар шалгаж, кирилл үсгээр бичих шаардлагатай.
-Иргэд НӨАТ-ын баримтаа гар утаснаасаа шууд уншуулах болон бар кодыг бичиж өгснөөр бүртгэгдэж байгаа. Харин шууд баримтын зургийг утсаараа уншуулахад уншигдахгүй байна гэсэн асуудал их гардаг. Энэ нь ААН-тэй холбоотой юу, эсвэл системийн алдаа юу?
-Бид баримтын QR кодыг таньж суулгах скэнийг суулгасан байгаа. Хэрэв тухайн кодыг уншиж чадахгүй байгаа бол баримт алдаатай хэвлэгдсэн гэсэн үг.
-Иргэний зарлагыг нарийвчлан тооцож байгаа нь өрхийн орлогыг бүртгэж, зарлага нь орлогоосоо давсан тохиолдолд ийм их орлогыг хаанаас олсон бэ гэсэн хяналт гарч ирэхийг үгүйсгэхгүй гэж хардах хүмүүс ч байна. Энэ ч утгаараа худалдан авалтаа тэр бүр нарийвчлан бүртгүүлэхгүй байх шиг. Үүнийг ямар хариу өгөх вэ?
-Энэхүү систем нь хувь хүний орлого, зарлагыг бүртгэж авах систем биш. Тиймээс санаа амар байж болно.
-НӨАТ-ын урамшууллын систем манай улсын эдийн засгийн чухал үзүүлэлтүүдийг агуулж буй. Иргэд ямар бүтээгдэхүүнийг түлхүү худалдаж авч байгааг ч мэдэх боломжтой. Энэ мэдээллийг иргэдэд ил тод болгох боломж бий юу?
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр уг мэдээллийг зөвхөн статистик болон татварын зорилгоор л ашиглана гэж заасан. Тиймээс энэ нь улсын нууцтай холбоотой мэдээлэл юм. Харин сонирхолтой байлгах үүднээс зөвшөөрлийн дагуу сар бүр инфографик гаргадаг.
-НӨАТ-ын хууль манайд шинэ тутам хэрэгжиж, үүний хэрээр технологийн шийдлүүдийг хэрэгжүүлж байна. Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?
-Ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Иргэдэд илүү ойлгомжтой, хялбар болгох үүднээс бэлэн бус гүйлгээнд төлбөрийн баримт хэвлэхгүйгээр, НӨАТ-ын баримтыг карт уншигчнаас автоматаар шивэх шинэ технологи хийгдээд, дуусах шатандаа явж байна. Туршилтын шугамаар “Меркури” зах, “Мобиком” зэрэг газруудад амжилттай явагдаж байгаа. Үүнийг дагаад баримт бүртгэхгүй байх, үнийн дүн зөрүүтэй гэсэн асуудлууд гарахгүй гэж харж байна.
-Сүүлийн үед иргэдийн ямар асуудалтай холбоотой гомдол ирж байгаа вэ?
-Нууц үгээ мартсан бол яах ёстой вэ, бүртгэлээ яаж сэргээх вэ гэсэн асуултууд маш их ирж байгаа. ebarimt.mn-д бүртгэл сэргээх гэсэн хэсэг бий. Тийшээ ороод өөрийнхөө мэйл хаяг, утасны дугаар зэргээрээ ороод сэргээх боломжтой. Эсвэл 131313 дугаар руу асуултын тэмдэг явуулаад нууц үгээ авчихаж болно.
Ерөнхийдөө иргэд и-баримтыг хэрэглэж дадаад сурчихлаа. 2017 оны буцаан олголтыг 2018 оны эхний улиралд буцаан олгосон шүү дээ. Эндээс 650 мянга орчим иргэн буцаалт авах ёстойгоос одоогийн байдлаар 21.000 иргэн буцаалтаа аваагүй, үлдчихээд байгаа. Учир нь дансны мэдээлэл зөрүүтэйгээс болж Монголбанкнаас гүйлгээ буцсан зургаан мянган иргэн бий. Тухайн иргэдтэй холбогдоод, мессеж бичээд бага багаар цөөрч байгаа ч гүйцэт болоогүй байгаа. Мөн и-баримт дээр баримтаа бүртгүүлдэг хэрнээ бүртгэлийн мэдээлэл нь дутуу хүмүүс ч байна. Энэ хүмүүс маань мэдээллээ засаад, дутууг нь гүйцээгээд өгвөл 2017 оны буцаан олголтоо авах боломжтой юм. Иймд өнгөрсөн оны буцаан олголтоо аваагүй 21 мянган иргэнийг хайж байна. Эдгээр хүний аль болох мөнгөө аваасай, мөн давхар мэдээллүүдийг нь засаад авах юмсан л гэж бодож байна.