"Эрдэнэт" үйлдвэрийн 40 жилийн ой тохиож буй энэ үед ажилчид нь цалиндаа сэтгэл дундуур байгаа талаар тус үйлдвэрийн ҮЭ-ийн дарга П.Баттөр бидэнтэй хуваалцлаа. Тэрээр 6000 гаруй ажилчны төлөөлөл болж цалин хөлс нэмэх шаардлага хүргүүлэхээр хэвлэлд мэдэгдэл хийсэн бөгөөд өнөөдөр хурлын дараа бидэнтэй ярилцсан юм.
-Юуны түрүүнд үйлдвэрийнх нь ойн мэнд хүргэе. Монгол Улсын тэргүүний татвар төлөгч, шилдэг байгууллагын ажилчид сэтгэл дундуур байна гэдэг санаанд багтамгүй асуудал юм. Их цалин авдаг биш гэж үү?
-Уг нь их цалин авах ёстой баймаар. Бид хоногт 5,3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хоногт 1,6 тэрбум төгрөгийн татварыг улсад төлж байна. Ганцхан өдөрт шүү. Үүнийг баялаг бүтээгч уурхайчид бий болгодог. Гэтэл өнөөдөр ажилчид нь цалингаа нэмүүлмээр байна гээд инээдтэй ч юм шиг зүйл яриад зогсож байна.
-Та "Эрдэнэт" үйлдвэрт хэр удаан ажиллаж байгаа вэ? Үйлдвэрийн 6000 ажилчин тантай санал нэг байгаа юу?
-Би "Эрдэнэт" үйлдэрийн Үйлдвэрчний эвлэлд 10 гаруй жил ажилласан. Миний ажлын оффис ч тэнд байдаг. ҮЭ-ийн дарга гэхээр харь хөндий хүн гэж ойлгож байгаа бол тийм биш. Ажилчдынхаа цалин нэмүүлэх хүслийг харгалзаж, нийт ажилчдын 50-аас дээш хувийн гарын үсгийг цуглуулсан.
-Цалин бага гэхээр яг хэд гэсэн үг вэ? "Эрдэнэт" үйлдвэрийн дундаж цалин 2.200.000 төгрөг гэж дуулсан. Бусад салбартай харьцуулвал барьцах эрхгүй цалин биш үү?
-Манай үйлдвэрийн ажилчдын доод, дээд цалин хоёр их өндөр болохоор дунджаар гайгүй гараад байдаг. Гэхдээ хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг дунд давхаргын ажилчдын цалин өндөр биш. Гар дээр дунджаар 1800 000 төгрөг авдаг.
-Эмч, багш гээд олон салбарын ажилчид цалингаа нэмүүлэх хүсэлтэй байна. Хүмүүс та нарыг барьцлаа гэх байх. Тиймээс та ямар шалтгааны улмаас цалингаа нэмүүлэх зайлшгүй шаардлагатай байгаагаа жишээ баримт дээр тулгуурлан тайлбарлаж өгөөч?
- Манай үйлдвэр улсад хамгийн өндөр татвар төлдөг. Гэтэл Оюу толгой, Дулааны цахилгаан станцын ажилчдаас бага цалин авдаг. IV цахилгаан станцын ажилчид 2.400.000 төгрөгийн цалин, Оюу толгой 4 сая төгрөг тус тус авч байна. Гадаадын үйлдвэрүүд нийт ашгийнхаа 25 хувийг ажилчдынхаа цалинг тавихад зарцуулдаг. Гэтэл бидний цалинд зориулж 10 хувийг л зарцуулдаг.
-Ажлын хангамж муу байгаад удирдлагууд буруутай гэж үзэж байгаа юм байна. Та эсэргүүцэлтэй тулгарч байна уу?
-Үүрэг гүйцэтгэгч төдий эрх мэдэлтэй Д.Дэлгэрбаяр гэх хүн намайг ажилчдынхаа эрх ашгийн төлөө тэмцсэний дүнд огцруулах тушаал гаргаж байна. Би шүүхэд заргалдаж байгаа. Үүрэг гүйцэтгэгч үнэндээ ийм тушаал гаргах эрх байхгүй. Миний тамга тэмдгийг авах гээд сэйфийг минь ухах гэж оролдсон байгаа юм. Ийм том үйлдвэр байж ажилчдаа яагаад хүн шиг хангамжтай байлгаж болдоггүй юм бэ. Угтаа нөөц хөрөнгө бол хангалттай байгаа.
Дундаж статустай ажилчид сэтгэл дундуур байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн дарга нарын хэт тансаглал, тавьсан өрөөс болж байгаа.
- Дарган нарын тансаглал гэхээр нэрийг нь дурдаж болох уу?
-"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн бол 280 сая төгрөгийн машин хөлөглөж, 200 сая төгрөгөөр байрандаа засвар хийн тансагладаг хүн. Санаа нийлсэн хүндээ Land 200 авч өгөх жишээний. Жастын Батхүү олон улсын стандарт банкинд манай уурхайн орд, 6000 ажилчин, тоног төхөөрөмжийг бүгдийг нь барьцаанд тавиад 109 сая ам долларын өрөнд унасан. Баялаг бүтээгчдийг үнэлэх ёстой мөнгөөр тэд өрөө төлөхөөр зэхэж байна. Ер нь "Эрдэнэт" үйлдвэрийн баялгийг эрх тэгш хуваарилахгүй байна гэдгийг үүнээс харж болно.
-Өөр тулгамдаж байгаа асуудал юу байна?
-Одоо бүтцийн өөрчлөлт нэрээр 60 хүнийг халж, намынхаа хүнийг тавих гэж байна. Зүгээр ажлаа хийж явсан хүнийг зангианы өнгөөр нь ялгаад сольж байгаатай ялгаагүй юм. Би ч бас ийм асуудалд орохгүй гэх газаргүй.