Татварын буцаан олголтын баримтыг цүнх, халаасандаа хадгалж, гар утас эсвэл, цахим хаягаар нэвтрэн орж, бүртгүүлэх шаардлагагүй болсон талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс мэдээлэв. Өдгөө 1.2 сая хүн НӨАТ-ын буцаан олголтын цахим системд бүртгүүлсний 700 мянга нь идэвхтэй хэрэглэгч аж. Тэдний 500 мянга орчим нь гар утсандаа суулгасан аппликэйшнээсээ баримтаа бүртгүүлдэг гэнэ. Тэгвэл цаасанд үрэлгэн, бүртгүүлэхэд хугацаа шаарддаг эл тогтолцоог халж НӨАТ-ын баримтыг автоматаар бүртгэдэг болжээ.
Хэрэглээнд нэвтрүүлж буй цахим системийн II хувилбар нь төлбөрөө бэлэн бусаар буюу арилжааны банкуудын картаар төлсөн тохиолдолд баримтыг нь автоматаар бүртгэх юм байна. Эл үйлчилгээг авахын тулд иргэд цахим систем дэх хаягаа картын данстайгаа холбоход л болох гэнэ. Баримт бүртгүүлдэг нэг хаягийг хэдэн ч карттай холбох боломжтой аж. Өөрөөр хэлбэл, дундаа нэг хаягтай гэр бүлийн гишүүд тус бүрийнхээ картыг холбож болно.
Энэ тохиолдолд баримтыг нь автоматаар бүртгэж, мөн и-мэйл рүү нь давхар илгээх юм байна. Хэрэв та зарим баримтаа бүртгүүлэх хүсэлгүй байгаа бол худалдагчид хэлж, автоматаар бүртгүүлэх горимыг алгасах боломжтой. Гэхдээ зөвхөн цахим системд бүртгэлтэй мөнгөний машинд картаа уншуулах ёстой гэдгийг анхаарах шаардлагатай гэнэ.
Өдгөө “Худалдаа хөгжлийн”, “Хас”, “Капитал”, “Ариг”, “Чингис хаан”, ХААН болон Төрийн банк карт уншигчаа эл системд холбожээ. Мөн “Мобиком” корпорац баримт автоматаар бүртгэх системийг хэдийнэ хэрэглээндээ нэвтрүүлсэн байна. “Эл системийг ашиглалтад оруулснаар иргэд хялбар аргаар НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх боломж нээгдлээ. Мөн системийн нууцлал, аюулгүй байдал сайжирсан. И-баримт систем зөвхөн бүртгэл хийдэг биш, хүмүүсийн санхүүгийн хөтөч болж байна гэсэн үг” гэж албаны хүмүүс хэлэв.
Бэлтгэсэн: Г.ЦЭЦЭГ