Торонтогийн биржид хувьцаагаа арилжаалж буй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгэл хийлгэснээр арилжаа хийх нөхцөл бүрдсэн.
Тэгвэл тус компани өнөөдөр нийтэд танилцуулгаа хийсэн юм. “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК нь 2000 онд байгуулагдсан бөгөөд өндөр агууламж бүхий алт-зэсийн ордуудыг нээн илрүүлэх, хайгуул, төсөл хөгжүүлэлт зэрэг ажлыг гүйцэтгэж иржээ. Тодруулбал Монгол Улсын нийт газар нутгийн хэмжээнд 3000 гаруй орд болон 50 эрдэсжилтийн бүсүүдийг нээж судалсан байна. “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК 2003 онд Монголд эрдсийн хайгуул, төсөл хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах “Эрдэнэ Монгол” охин компаниа байгуулжээ.
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компани нь нийт хувьцааныхаа 2.7 хувь буюу 4 сая ширхэг хувьцааг тус бүрийг нь 640 төгрөгөөр Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгож, нийт 2.56 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх юм. Төвлөрүүлсэн хөрөнгийг хайгуулын өрөмдлөг, нөөцийн тооцоолол, техникийн судалгаа хийж гүйцэтгэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
“Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” компанийн Ерөнхийлөгч Петер Акерли ярихдаа, “Манай компани давхар бүртгэл хийж, арилжаа хийснээр Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг нэг шатаар ахиулан, уул уурхайн компаниудын ил тод байдал, сайн засаглалын шинэ жишгийг тогтооно. Мөн “Эрдэнэ Монгол” компанийн хувьд монгол хувьцаа эзэмшигчдийнхээ тоог нэмэгдүүлж, урт хугацааны туршид үнэ цэнийг бий болгохыг зорьж байна” хэмээн онцлов.
“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үндсэн андеррайтераар "Би Ди Сек ҮЦК" ХК, туслах андеррайтераар "Голомт капитал ҮЦК" ХХК ажиллаж байгаа аж.
Тус үнэт цаасны анхдагч зах зээлийн худалдан авах захиалгыг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар энэ сарын 14-ний өдрийн 15 цаг хүртэл хүлээн авах юм байна.