Манай сонины энэ удаагийн уншигч-сурвалжлагчаар ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох ажиллалаа. Тэрбээр МУИС-ийн дэд профессор, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Б.Түвшинтөгстэй зээлийн хүүг бууруулах болон эдийн засгаа төрөлжүүлэх талаар хөндөн ярилцав.
-Монголбанкныхан зээлийн хүүг бууруулах стратеги батлахаар ажиллаж буй юм билээ. Монголд зээлийн хүүгийн дундаж 18-20 хувь байна. Энэ бол бусад орныхтой харьцуулбал өндөр үзүүлэлт. Зээлийн хүүг бууруулахын тулд ямар алхам хийх хэрэгтэй гэж боддог вэ?
-Зээлийн хүү өндөр байгаа талаар сүүлийн хэдэн жил ярилаа. Ер нь 10 жилийн өмнө зээлийн хүүгийн дундаж 24-25 хувьтай байсан, эл үзүүлэлт буурах үйл явц нэлээн удаан байна. Зээлийн хүү өндөр байгаа нь хоёр үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт, хадгаламжийн хүү өндөр байгаа. Хадгаламжийн хүү өндөр байгаа шалтгаан нь инфляц. Манай эдийн засагт инфляц дунджаар 10 хувь байдаг. Гэсэн хэдий ч маш их хэлбэлздэг. 10 нэгж хувиар өсдөг байхад буцаад төдий хэмжээгээр буурах жишээтэй. Тэгэхээр 0-20 хүртэл хувийн хооронд хэлбэлздэг инфляцтай орон гэсэн үг.
Хүмүүсийн банкинд хадгалуулсан мөнгөний бодит хүү эерэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, инфляцаас өндөр байх ёстой гэсэн үг. Олон улсын вальютын сан Монгол Улсад 1990-2012 он хүртэл 10 гаруй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тэд бодит хүү эерэг буюу Төвбанкны үнэт цаасны хүү инфляцаас давсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан. Тэгэхээр нэг талаар хадгаламжийн хүү өндөр байхыг бодлогоор зөвшөөрчихөж байгаа хэрэг юм. Нөгөөтэйгүүр, өндөр хэмжээний хадгаламжтай хүн манай улсад цөөхөн. Хадгаламжийн төвлөрөл ихтэй орон. Тэгэхээр банкууд мөнгөтэй цөөн хүний хадгаламжийг татахын тулд өндөр хүү амлаж өрсөлддөг. Инфляцаас гадна ийм өрсөлдөөн хадгаламжийн хүүг өсгөж байгаа. Зээлийн хүүд нөлөөлж байгаа хоёр дахь шалтгаан нь банкуудын ашиг.
Хадгаламжийн хүү дээр ерөнхийдөө ашгаа нэмээд зээлийн хүүг тогтоодог. Банкууд өөр өөрийн зах зээлийн сегмент дээр үйл ажиллагаа явуулж байна. Жишээ нь, ХААН банк улс орныг хамарсан олон салбараараа дамжуулж, иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бол Худалдаа хөгжлийн банк, “Голомт” банк гэхэд байгууллагуудад буюу томоохон харилцагчдад чиглэдэг. Энэ мэтээр банкны салбар харилцагчдаа сегментлээд авчихаар шууд өрсөлдөөн тэр бүр үүсэхгүй. Иймээс ашиг нь тодорхой түвшинд тогтворжсон байдаг. Мөн банк өнөөдрийн биш, ирээдүйн ашгаа хардаг учраас эрсдэлээс хамгаалахын тулд зээлийн хүүгээ өндөр тогтоох сонирхолтой. Хадгаламжийн хүүг бууруулж чадахгүй, банкуудын эрсдэлээс хамгаалах сонирхлоос болоод зээлийн хүү өндөр түвшинд тогтворжсон хэрэг.
-Зээлийн хүү өндөр байгаа гол шалтгаан нь хадгаламжийн хүү гэж ойлголоо. Тэгэхээр хадгаламжийн хүүг бууруулах ямар гарц байна вэ?
-Би Монголбанкны зээлийн хүүг бууруулах стратегийг хэлэлцсэн хуралд сууж, ямар зорилт дэвшүүлж байгааг нь сонссон. Хадгаламжийн хүүг бууруулбал зээлийн хүү доошилно гэсэн дүгнэлтийг Монголбанкныхан хэд хэдэн судалгаанд үндэслэж хийсэн байна лээ. Үүнтэй би санал нийлнэ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед төсөв нь өндөр алдагдалтай байсан учраас Засгийн газар их хэмжээний бонд гаргасан. Бондоо арилжихын тулд өндөр хүү амласан. Хадгаламжийнхаас давсан буюу жилийн 18 хувь хүртэл хүү амлаж байлаа. Дараагийн Засгийн газар эмхлэн байгуулагдахтай зэрэгцээд зэс, нүүрс, алтны үнэ дэлхийн зах зээлд өссөн.
Иймээс Засгийн газрын дотоодын зах зээлд бонд гаргах хэрэгцээ багассан. Үүгээр ч барахгүй Сангийн шинэ сайд “Бид дотоодынхоо захад шинэ бонд гаргахгүй” гээд зарлачихлаа. Засгийн газар санхүүжилт татахын тулд дотоодын зах зээлд өндөр хүүтэй бонд гаргахаа больчихоор хадгаламжийн хүү дагаад буурч байна. Сүүлийн хагас жилийн хадгаламжийн хүүгийн динамикийг харвал чамгүй буурсан үзүүлэлт харагдана. Хадгаламжийн хүү буурахад олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч хамгийн том шалтгаан нь Засгийн газар бонд арилжихгүй байгаа явдал гэж боддог. Өмнө нь мөнгөтэй хүмүүст банкинд үргэлжлүүлээд хадгалах уу, Засгийн газрын үнэт цаас худалдаж авах уу гэсэн сонголт байсан. Үнэт цаас гэдэг сонголт нь одоо үгүй болсон гэсэн үг. Өрсөлдөөнгүй болохоор банкуудад өндөр хүүтэй хадгаламж татахгүй байх боломж бүрдсэн. Ингэхээр хадгаламжийн хүү буурч байна.
-Тэгвэл хадгаламжийн хүүг бууруулахад гол анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй юм байна. Макро эдийн засагтай холбоотой асуулт тавья. Эдийн засаг өнгөрсөн жил 5.1 хувиар өссөн. Энэ бол муугүй үзүүлэлт. Уул уурхайн салбарын гурван түүхий эдийн экспортын хэмжээ нэмэгдсэн нь эдийн засгийг өсгөсөн. Гэтэл эдийн засгийн өсөлтийн өгөөж маш цөөн хүнд очиж буй. Багш, эмч, малчид гээд нийгмийн дундаж давхаргынханд наалдахгүй байна. Эдийн засгийн өсөлтийг хүн болгонд хүртээмжтэй, тэгш хуваарилахын тулд ямар зохицуулалт хийх ёстой вэ?
-Уул уурхай давамгайлсан эдийн засагтай орны төрөлхийн зовлон энэ. Уул уурхай өндөр хөгжиж буй орны нөөц нь энэ салбар руугаа урсдаг. Хөдөө аж ахуй, барилга, үйлчилгээ гэх мэт бусад салбараас хамгийн шилдгүүд нь уул уурхай руу урвана. Ингэхээр нөгөө салбаруудынх нь өрсөлдөх чадвар мууддаг. Бусад салбарт ажиллаж буй олон хүн уул уурхайн өгөөжөөс хүртэж чаддаггүй. Уул уурхай давамгайлсан эдийн засагтай улс орон бүрийн зовлон нь энэ. Үүнийг “Голланд өвчин” гэж нэрлэдэг. “Голланд өвчин” тусах, эсэх нь тухайн орны нөхцөл байдлаас хамаардаг.
Сайн бодлоготой ч “Голланд өвчин”-өөс сэргийлэх боломжгүй тохиолдол бас бий. Тэр тохиолдол нь манай улс ч байж магадгүй. Том газар нутагтай, хүн ам нь тархан суурьшсан, ажиллах хүчний тоо цөөн, дэд бүтэц, эрчим хүч, тээврийн хөгжил сул учраас тэр. Эдийн засгаа төрөлжүүлэх бодлого нь оновчтой, оновчгүй болсон жишээ олон бий. Оновчтой болсон тохиолдол нь Чили. Харин оновчгүй, амжилтгүй болсон, яаж ч болдоггүй тохиолдол нь Ботсвана. Бодлого нь зөв, уул уурхайгаас олсон орлогоо хуримтлуулдаг, институц сайтай хэдий ч эдийн засгийн нөхцөл нь тухайн орныг өөр салбараа хөгжүүлэх боломжгүй болгодог. Ингэхээр зөвхөн уул уурхайгаас хамааралтай амьдрахаас өөр аргагүй.
-Гашуунсухайтын боомт руу төмөр зам тавьснаар нүүрсний экспорт 2-3 дахин нэмэгдэнэ. Их хэмжээний орлого олно. Эдийн засагт эерэг дүн авчирна гэдэг. Гэтэл зарцуулалтын бодлогоо орхигдуулаад байна уу гэж бодогддог.
-Энэ бол “Голланд өвчин”-ий илрэл. Нөөцийг уул уурхайн салбар өөр рүүгээ татдаг гэдгийн бэлэн жишээ энэ юм. Төмөр зам барих нь уул уурхайн салбартай л холбоотой хөрөнгө оруулалт. Барих нь ашигтай юу гэвэл тийм. Барихаас өөр аргагүй. Уул уурхай хөгжсөн улс орны төр, засгийн бодлого ямар ч байсан бусад салбараасаа нөөцийг нь татдаг шинж чанартай болчихдог. Эдийн засгийнх нь тогтолцоо нь угаасаа тийш нь чангаадаг гэсэн үг.
-Чили шиг баялгийн сан үүсгээд түүгээрээ бусад салбар руу хөрөнгө оруулдаг хувилбар байх боломжтой юу?
-Чилийн баялгийн сан хөрөнгө оруулалт хийдэггүй. Хуримтлал бий болгодог сан. Тэр сангаас дэд бүтэц, бусад салбарт хөрөнгө оруулдаггүй. Харин сангаасаа Засгийн газартаа багахан хэмжээний татаас өгдөг. Тийм ч учраас чиличүүд баялгийн сангийнхаа томоохон хэсгийг тэтгэврийн сан гэж нэрлэдэг. Ер нь бол үр хүүхдэдээ өвлүүлж байгаа хөрөнгө гэсэн өнцгөөс харж байгуулсан сан. Манайд ийм тогтолцоо аль хэдийнэ бий болсон.
Хуульчилснаар бол манайх хамгийн сайн тогтолцоотой улс. Төсвийн тогтвортой байдал, Ирээдүйн өв сангийн хуулиар бид уул уурхайгаас олсон орлогоо хуримтлуулах эрх зүйн орчин бүрдүүлсэн. Ирээдүйн өв санд хуримтлуулсан хөрөнгөө бид бус, үр хүүхдүүд маань хэрэглэх юм. Харин төсөв хүндэрвэл Тогтворжуулалтын сангаас татаас өгч болно. Манайх уг нь цаасан дээр ийм тогтолцоотой.
-1990-2013 онд манай улсад орсон гадаадын шууд хөрөнгийн 73 нь уул уурхайн салбарт ногджээ. Ажиллах хүчний шингээлт ихтэй боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулахгүй байна. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас бусад салбар руу яаж татах вэ?
-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувь нь уул уурхай руу “явдаг”. Үлдсэн 25 хувь нь ч уул уурхайн салбараас хамаарч байгаа. Энгийнээр тайлбарлавал, солонгос хоолны ресторанууд хаа сайгүй нээгдэх болсон. Энэ бол үйлчилгээний салбарын шууд хөрөнгө оруулалт. Гэхдээ уул уурхайн салбар хөгжиж, хүмүүсийн орлого нэмэгдэж байгаа учраас нээгдэж буй ресторанууд юм. Уурхайнууд зогсож, хүмүүс орлогогүй болбол ийм ресторанууд хаагдана.
-Манай экспортын бүтээгдэхүүний технологийн агууламжийг харахад 97 хувийг нь уул уурхайн хагас боловсруулсан түүхий эд эзэлдэг. Үлдсэн гурав хүрэхгүй хувь нь “Говь”-ийн ноолууран хувцас ч юм уу, нам өндөр технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмүү өртөг шингээх боловсруулах үйлдвэрлэл рүү татмаар санагдаад байдаг юм.
-Эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй гэж олон жил ярьж байна. “Солонгоруулах” гэж сольж, нэрлээд хүртэл ярьж үзлээ. “Голланд өвчин” бол хялбархан давчихдаг зүйл биш. Гэхдээ бид үүнээс айх ёсгүй. Уул уурхай давамгайлаад байгаа учраас эдийн засаг унаж, босоод байна гээд өөр салбар хөгжүүлэхээр хэт улайрвал мөнгөө салхинд хийсгэчихэж магадгүй. Сайншандад аж үйлдвэрийн парк барина гэж нэг хэсэг шуугисан. Их мөнгө зарцуулаад барилаа гэхэд ямар үр ашигтайг нь хэн ч хэлж мэдэхгүй. Яагаад гэвэл хилийн цаана өрсөлдөх үйлдвэрүүд олон бий. Бид юугаараа давуу болчихоод өөрсдөө үйлдвэрлэх гэж байгаа билээ гэдэг нь том асуулт.
“Хэрэв та нар аж үйлдвэрийн парк барихаар мөнгө цацах юм бол алдагдал хүлээнэ. Тийм магадлал маш өндөр” гэж гадаадын нарийн мэргэжлийн хүмүүс, байгууллагууд сануулж байсан. Аз ч юм уу, эз ч юм уу аж үйлдвэрийн парк барих төсөл явсангүй. Ашигтай, ашиггүйг нь сайтар мэдэхгүй байж, эдийн засгийн төрөлжилтөд хэт хөрөнгө оруулбал мөнгө хий дэмий үрж магадгүй гэж боддог.
-МУИС-ийн багш, эдийн засгийн доктор Д.Дуламсүрэн “Эдийн засгаа төрөлжүүлье гэвэл мега төслүүдээ зоригтой хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Засгийн газар уу, эсвэл хувийн хэвшлийнхэн хэрэгжүүлэх үү гэдэг сонголтоо хий” ярьж байсан. Мэдээж таны хэлсэнчлэн урд болон хойд хөршид ган, газрын тос боловсруулах, зэс хайлуулах олон жилийн туршлагатай, өрсөлдөх чадвартай үйлдвэрүүд бий. Тэгэхээр бид уул уурхайн түүхий эд боловсруулах биш, аялал жуулчлал юм уу, өөр салбараа хөгжүүлэх хэрэгтэй юү?
-Харвардын их сургуулийн Өрсөлдөх чадварын төвийн захирал Майкл Портер 2012 онд Монголд ирсэн. Портерын хүрээлэн Монголд судалгаа хийгээд нэг санаа өгсөн. Тэд “Танай улс Австрали шиг уул уурхай давамгайлсан эдийн засагтай байна. Үүнээс жийрхэх хэрэггүй. Уул уурхайг дагасан олон үйлчилгээ байдаг. Үүнийгээ та нар Австрали шиг экспортолж болно” гэж зөвлөж байлаа.
-Тухайлбал, ямар үйлчилгээ экспортолж болох вэ?
-Тэд агаараас газрын зураг авдаг “Геомон” компани Казахстанд очиж үйлчилгээгээ үзүүлсэн жишээг онцолж байсан. Уул уурхайд ийм давуу тал бий. Хүний нөөц, чадавх нь байна. Чадвартай мэргэшсэн ажилтнуудаа ч экспортолж болно.
-Та уул уурхайн салбараа илүү дэмжээд, тэндээс орж ирсэн орлогоо зөв хуваарилах хэрэгтэй гэсэн үзэл бодолтой хүн юм. Үүнтэй санал зөрж байна. Би аж үйлдвэрийн салбараа яаж хөгжүүлэх вэ гэдэгт илүү анхаарах хэрэгтэй гэж боддог.
-Бид уул уурхайн шууд нөлөөг түрүүлж боддог. “Оюутолгой” гэхээр тэнд ажиллаж байгаа 10 мянган хүнийг бодох жишээтэй. Томоор яривал, уул уурхай дотоодын нийт бүтээгдэхүүний 18-20 хувийг эзэлдэг. Гэтэл бид дам нөлөөг нь мартдаг. Өөрөөр хэлбэл, “Оюутолгой” компанийн хэрэглэж буй тээвэр, барилга, үйлчилгээг мартдаг гэсэн үг. Ийм дам нөлөөг дутуу тооцдог. Бид уурхайн дам нөлөөг судалж байна. Тухайлбал, уул уурхайн болон түүнийг дагасан үйлчилгээ нийлээд дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг эзэлж байгаа нь харагдлаа. Уул уурхайг дэмжих, сайжруулах зүйл олон бий. Стратегийг нь тодорхой болгох ёстой.
Хайгуулын лицензийг үе шаттай олгох бодлого хаана байна вэ. Нэг дор бүгдийг нээж өгч болохгүй. Яаж үе шаттай олгох вэ, тэр стратегийг хэн, ямар үндэслэлээр гаргах вэ гээд тодорхой болгох асуудал их бий. Өөрөөр хэлбэл, нарийвчлан судлах, хөтөлбөрүүдийг батлах, бодлогыг нь тодорхой болгох, хэрэгжүүлэх, чанаржуулах зэрэг ажил уул уурхайн салбарт асар их байдаг. Аж үйлдвэрийн томоохон төсөл хэрэгжүүлэхдээ болгоомжтой байх ёстой гэж үздэг нь үнэн. Улсаас том хөрөнгө оруулалт шаардана. Зөв хөрөнгө оруулалт гэдэгт хэн баталгаа өгөх вэ гэдэг нь маш асуудалтай. Дээр дурдсан аж үйлдвэрийн парк барих хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярьж байх үед манай улсад ирсэн гадаадын зарим мэргэжилтэн “Уучлаарай, Альяскийг хар” гэж зөвлөж байлаа. Альяск бол АНУ-ын нефтиэс маш их хамааралтай муж улс.
Дэд бүтцээ хөгжүүлэх ёстой гээд хэдэн тэрбум ам.долларын өртөгтэй гүүр барьчихаж л дээ. Тэр гүүрээр нь өдөрт нэг л машин зорчдог гэсэн. Үүнээс үүдэж “Bridge nowhere” буюу “Хаашаа ч явдаггүй гүүр” гэсэн хэллэг гарсан. Ийм хаашаа ч аваачдаггүй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээс болгоомжлох ёстой. Бид ийм зүйл хүсэх учиргүй. Аж үйлдвэр хөгжүүлэх нь улсаас төсөв гаргаж, бие дааж хийдэг ажил биш, хувийн хэвшлийнхэнд боломж олгох ёстой. Хувийн хэвшлийнхэн эрэлхийлээд ашигтайг нь батлаад, нотлоод барьчихсан цагт төр дэд бүтцээр дэмжих ёстой.
Төр аж үйлдвэрлэлд дэд бүтцийг нь хангах байдлаар оролцохоос биш, ашигтай учраас гээд барьж аваад байдаг нь надад ойлгомжгүй санагддаг. Эдийн засгийн өсөлтийг хангах, хөгжлийг бий болгох гаргалгаа бол уг нь тодорхой л баймаар. Уул уурхай угаасаа манай эдийн засгийн томоохон салбар. Үүнийгээ дэмж. Дэд бүтцээр хангаж өгвөл эдийн засаг өснө. Түүнчлэн хувийн салбарт өндөр ач холбогдол өгөх ёстой. Хувийн хэвшлийнхний эрэлхийллийг дэмжиж, дэд бүтцээр нь хангах учиртай. Тэгж байж уул уурхайн салбарын өгөөж, ард иргэдийн амьжиргаанд тусна. Түүнээс биш сан үүсгээд тарааж өгөх, өгөөж нь тодорхойгүй үйлдвэр байгуулан ажлын байраар хүчээр хангах нь тогтвортой тогтолцоо биш.
-Төсөл, хөтөлбөрүүдийг концессоор хэрэгжүүлэх хувилбарын тухайд юу хэлэх вэ?
-Концесс бол энэ асуудлыг шийдэхгүй. Эцсийн дүндээ хариуцлагыг төр авч үлдэж байгаа учраас тэр. Хөгжлийн банкны загвар бол харин зүйтэй санагддаг. Томоохон төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх гэхээр арилжааны банкууд өөрийн хөрөнгөндөө хязгаарлагдаад чаддаггүй. Тиймээс Хөгжлийн банктай байх нь зөв. Хувийн хэвшлийнхэн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр эрсдэл үүрлээ гэхэд томоохон санхүүжилт хэрэг болно. Хөгжлийн банк их хэмжээний, харьцангуй хямд санхүүжилт босгож өгөх гүүр болох боломжтой. Хувийн хэвшлийнхэн эрсдэлээ үүрээд төсөл хэрэгжүүлэх гэж байвал төр ийм замаар дэмжих ёстой юм.
-Монгол Улс гурван саяхан хүн амтай, байгалийн маш их нөөцтэй. Хөдөлмөрийн багтаамж ихтэй буюу олон хүний хүчээр бүтээгдэхүүн гаргадаг аж үйлдвэр хөгжүүлбэл өрсөлдөх чадвар сул болно. Тиймээс гадаадад байгаа ажиллах хүчээ татах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж боддог уу?
-Энэ бол манай хувьд их амархан шийдэх асуудал юм байна гэж бодогдсон. 2011 онд эдийн засаг 17 хувиар өсөж, тэсрэлт болоход гадаадад амьдарч байсан олон хүн эх орондоо ажиллахаар ирсэн. Зөвхөн уул уурхайд биш, техник, технологийн салбарт ажиллаж байсан найзууд маань хүртэл ирж байлаа. Тухайн үед Монгол хөгжих, сайхан амьдрах потенциалтай харагдаж байсан учраас тэд ирсэн. Эдийн засаг хямрангуут хүмүүст харагдсан бололцоо нь хумигдсан. Ингээд тэд буцаад явцгаасан. Макро эдийн засаг сэргэх юм бол гадаадад байгаа монголчууд ирэх сонирхол ихтэй нь харагддаг. Түүнээс биш “Зөгийн үүр” мэтийн тусгайлсан бодлогод би итгэдэггүй.
-Төсөвтэй холбоотой санаа зовж явдаг зүйлээ асуучихъя. Зээлийн хүүд манай Засгийн газар банкуудад их наяд гаруй төгрөг төлж байна. Үүнийг аваад хаячихвал манай төсөв тийм үрэлгэн биш бололтой. Зээлийн хүүгийн төлбөрийг багасгах санаа оноо байна уу?
-Энэ бол өнөөдөр үүссэн асуудал биш. Үе үеийн УИХ, Засгийн газрын хэрэгжүүлж ирсэн бодлогын царай нь энэ. Бодлого боловсруулагчид ирээдүйгээ бодохгүй хэт зарлагатай бодлого явуулдаг, үүнээс гарсан алдагдлыг нь үнэт цаас гаргаж өр тавьж ирснээс ийм байдалд хүрсэн. Тиймээс банкууд Засгийн газрын үнэт цааснаас нэг их наяд төгрөгийн хүү авч байгаа учраас “новшнууд” гэж хэлж болохгүй. Ирээдүйгээ хардаггүй бодлого боловсруулагчид өнөөдрийн төсвийг ийм байдалд оруулсан.
-Тэгэхээр бодлого тодорхойлогч нарт судалгаанд суурилсан шийдвэр гаргахыг зөвлөдөг институт дутагдалтай байна гэж ойлгож болох уу?
-Хамгийн их дутагдаж байгаа зүйл бол энэ. Дээрээс нь бодлого боловсруулагчдын мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг ажил хэрэг болгох эрмэлзэл чухал. Улстөрчдөд дахиж сонгогдохоо бодоод мөнгө тараагаад баймаар санагдаад байгаа нь мэдээж. Мөнгө тараах хувилбараа тийм ч сан, ийм ч хөтөлбөр гэж гоё нэртэйгээр гаргана. Ямар ч гоё хөтөлбөр ардаа зардалтай. Хаа нэг газраас татаас авч таарна. Түүнийг санхүүжүүлэхээр тавьсан өрийг нь ирээдүйд бидний хүүхдүүд төлөх ёстой болж байна. Иргэд ч улсыг нь өрөнд оруулаад мөнгө тараагаад байхад баярлаад сууж боломгүй. Бид нийгмээрээ суралцаж, алдаж, онож яваа юм уу даа.