“Хүчээ нэгтгэе” уриатай “Монголын эдийн засгийн чуулган-2018” өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаад нэг жил өнжсөн эдийн засгийн чуулганыг дахин зохион байгуулахдаа Засгийн газар Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд олны анхаарлыг хандуулахаар зорьжээ. Уг чуулганы эхлэл болгон “Хүчээ нэгтгэе” төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлгийг өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулсан.
Энэ үеэр олон тулгуурт эдийн засгийн хөгжил, шударга ёсыг дээдэлсэн, сахилга, хариуцлагатай тогтвортой засаглал, хүн төвтэй нийгмийн бодлого хэрэгжүүлэхээ зарласан юм. Өөрөөр хэлбэл, Гурван тулгуурт хөгжлийн бодлогоо зарласан гэсэн үг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар эдийн засгаа олон тулгууртай болгож хөгжүүлэхийн тулд Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулж байгаагаа дуулгав.
Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд 38 их наяд төгрөгийн хөрөнгө шаардах 113 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх жагсаалт гаргасан гэнэ. Эдгээр төсөл нь 30 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалттай байх босго тавьсан байна. Нийгмийн бодлогын хүрээнд 1.4 их наяд төгрөгийн 19 төсөл хэрэгжүүлэх гэнэ. Засаглалын бодлогын хүрээнд 1.3 их наяд төгрөгийн 17 төсөл хэрэгжүүлэхээр товложээ. Тэгвэл олон тулгуурт эдийн засгийн бодлогын хүрээнд 25.5 их наяд төгрөгийн 77 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан аж.
Гурван чиглэлээс олон тулгуурт эдийн засгийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүд олны анхаарлыг ихээхэн татаж буй. Учир нь манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай болж, түүхий эдийн үнийн мөчлөг даган хямарч, эсвэл сэргэж байгаа билээ. Өрийн дарамтад орсон Засгийн газарт 25.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийж, төсөл хэрэгжүүлэх боломж байхгүй.
Засгийн газар дангаараа бизнесийн төсөл хэрэгжүүлж ажиллах нь ч зохимжгүй явдал. Тиймээс бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж, дотоод, гадаадаас хөрөнгө татах учиртай. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголын эдийн засгийн чуулган-2018”-ыг нээж үг хэлэхдээ “Бид дотооддоо бодлого, эрч хүчээ нэгтгэх цаг болсноор барахгүй бүр оройтчихоод байна” гэж онцолсон юм.
Эдийн засгийн чуулганы “уур амьсгал”-аас үнэхээр оройтсон нь илэрхий байлаа. Энэ удаагийн эдийн засгийн чуулганд хувийн хэвшлийн дуу хоолой бараг сонсогдсонгүй. Хөрөнгө гаргаж, санхүүжилт татаад томоохон төсөл хэрэгжүүлэх чадалтай “М-Си-Эс групп”, МАК, “Таванбогд”, “Номин”, “Очир ундраа” гэх мэт үндэсний компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлууд харагдсангүй.
Манай улсын Засгийн газрын бодлого, хэрэгжүүлэх төслүүдийг сонирхохоор гадаадын компанийн төлөөллүүд эдийн засгийн өмнөх чуулгануудын үеэр танхимын суудлын нэлээдийг эзэлдэг байлаа. Тэгвэл энэ удаа Монголд төлөөлөгчийн газартай олон улсын санхүүгийн байгууллагуудын удирдлагыг эс тооцвол гарын арван хуруунд багтах “шар толгойт” чуулганд саатжээ.
“Мега төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй”, “Санхүүгийн зах зээлээ хөгжүүлье. Ингэхдээ хөрөнгийн зах зээлээ түлхүү хөгжүүлж, хөрөнгө оруулалт татъя”, “Өмч хувьчлалыг хийхдээ хөрөнгийн биржээр дамжуулна”, “Аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд бүтээгдэхүүн бий болгох шаардлагатай”, “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье”, “Баялгийг олон нийтэд хүртээмжтэй байдлаар ашиглая” гэх мэт сүүлийн хэдэн жилд улстөрчид хийгээд эдийн засагчдын амны уншлага болсон улигт үгс энэ чуулганы танхимд бас л сонсогдлоо.
Эдийн засагч Н.Дашзэвэг “Гурван тулгуурт хөгжлийн бодлого хэрэгжүүлэхдээ төслүүдээ эрэмбэлэх хэрэгтэй. Улс орны эдийн засагт ашиггүй, мөнгө үрсэн төсөл хэрэгжүүлэх шаардлагагүй” гэсэн санал хэлсэн. Үүнээс өөр бодитой ажил хэрэгч санал дэвшүүлэх оролцогч чуулганы нэгдсэн хуралдаанд гарсангүй. Чуулганы илтгэлүүдтэй холбоотой асуулт тавих оролцогч ч цөөхөн байлаа. Чуулганд оролцогчид “Эдийн засгийн чуулганы улигт ярианаас хувийн хэвшлийнхэн залхан, оролцохоо больж, урьдахаас улам дордож, давсгүй хоол шиг үлбэгэр унтаа болжээ” гэж дүгнэж байв.
Амны хий байв уу, аль эсвэл бодлого зорилт нь юм уу бүү мэд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “2018-2021 онд 38 их наяд төгрөгийн санхүүжилт татан, Гурван тулгуурт хөгжлийн бодлогоо хэрэгжүүлнэ” гээд чуулганы үеэр хэлчихэв. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Эдийн засгийн чуулган Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг сурталчлах индэр болж хувирлаа. Уг нь эдийн засгийн бодлогын алдаа оноог хэлэлцэж, бодитой баримжаа олж авах ёстой индэр.
Дөрвөн жилд 38 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэг бол худлаа. Хоёр их наяд төгрөгийн санхүүжилт хийж чадвал их юм” гэж Г.Занданшатар сайдын үгэнд хариу барьсан. Тэрбээр “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан хүмүүсээ Монгол Улс хорьчихсон. Хууль, журмын дагуу хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн хүмүүсээ хорьчихсон улсад ямар ч хөрөнгө оруулагч итгэхгүй. Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн хүмүүсээ хорих бодлогогүй гэдгээ зарлах хэрэгтэй” гэж үргэлжлүүлсэн юм.
Хөрөнгө оруулагчид манай улстөрчдийн тогтворгүй, ойворгон зангаас үнэхээр эмээдэг болжээ. Монголд хөрөнгө оруулагчдын дунд судалгаа хийхэд “Улс төрийн бодлогын тогтворгүй байдал хамгийн том эрсдэл болдог” гэж хариулсныг чуулганы үеэр хөндөж байлаа. Баялгийн өгөөжөөс ашиг хүртэх сонирхолтой хөрөнгө оруулагчид Монголыг зорьдог нь нууц биш.
Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхол давамгайлдаг гэсэн үг. Гэтэл уул уурхайн хөрөнгө оруулалтын жишиг болсон Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан хүмүүсээ хорьчихоод байгаа нь нэг гараараа сайн сайхныг амлаж, нөгөөгөөрөө занаж буйтай адил гэдэгтэй олон оролцогч санал нийлж байлаа.
Чуулганы “Монгол Улсын хөгжлийн бодлого ба хөрөнгө оруулалтын хөтөлбөр” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцсон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид “Монгол Улсад нүүрлээд байгаа ядуурал, ажилгүйдлийг буруулахын тулд мега төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй” гэсэн зөвлөмж хэлсэн. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц барих, төмөр зам тавих гэх мэт мега төсөл улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхний ашиг сонирхлоо тогтоох “зодоон”-ы хөлд үрэгдэн гацчихаад байгаа билээ.
Г.Занданшатар сайд “Улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн хувийн сонирхлын нөлөөнөөс улс төрийн албыг ангижруулах шаардлагатай. Тэд эдийн засгийн томоохон төслүүдэд нөлөөлж, үндэсний шударга бизнес эрхлэгчдийн өсөн дэвжих боломж, бололцоог хааж байна. Эрсдэлтэй хэдий ч зайлшгүй хийх ёстой алхам бол эдийн засагт нөлөөлөх шударга бус үйлдлийг таслан зогсоох юм. Төсөв, тендер, төсөл, хөтөлбөрүүдэд шургалсан шударга бусын гарыг тасдаж, шударга бизнесүүдэд бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж олгоно” гэж хэлсэн.
Улс орны эдийн засагт чухал нөлөөтэй төслүүдийг монголчууд өөрсдөө гацаачихаад, “Оюутолгой” гэх мэт “хөдлөөд явчихсан” заримыг нь зогсоохоор улдан чаргууцалдаж байгаа энэ үед олон хүнд ерөөл бат оршиг гэж хэлмээр санагдсан байж магадгүй. Юутай ч Засгийн газар Гурван тулгуурт хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх юм байна. Ингэхийн тулд Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах нь.
Улмаар Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулж, тэр нь ямар төслийг хэрэгжүүлэх, эсвэл хойш нь тавихыг дэнслэх юм байна. Үндэсний хөгжлийн хорооны дэргэд байгуулахаар зэхэж буй чадалтай, чадвартай эрдэмтэн мэргэдээс бүрдсэн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийнхэн Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооныхонд судалгаа, шинжилгээний үнэтэй баримт нийлүүлэх нь гэсэн ойлголтыг эдийн засгийн чуулган оролцогчдодоо өглөө. Вьетнам улс Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байгуулан тогтмол ажиллуулж, эх орныхоо эдийн засагт ач холбогдолтой төслүүд хэрэгжүүлсэн сайн туршлагатай аж.
Уул уурхайн бодлого, чиглэлийг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг салбар хуралдаан Монголын эдийн засгийн чуулганд оролцогчдын анхаарлыг ихээр татдаг. Энэ удаагийн чуулганаар “Хариуцлагатай уул уурхай ба хүртээмжтэй өсөлт” салбар хуралдаан зохион байгууллаа. Хуралдаанд оролцсон “Эрдэнэт үйлдвэр” компанийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Хуулийг мөрдүүлж ажиллахыг л хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх гэнэ” хэмээн маш товчхон тодорхойлов.
Гэхдээ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх эрх зүйн орчин дутмаг байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар онцолж байлаа. Тиймээс уурхай нээхээс хаах хүртэл харилцааг зохицуулах Уул уурхайн тухай хууль боловсруулжээ. Тэгвэл “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат “Хууль, тогтоомж мөрдүүлэх, нийгмийн хариуцлага үүрүүлэх, байгаль орчиндажиллуулах, баялгийг зөв хуваарилах нь хариуцлагатай уул уурхай юм.
Баялгийн орлогоос ядаж 10 хувийг нь орон нутагт хүртээх эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ. Оролцогчдын хүртээмжтэй өсөлтийн тухай яриа “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хөрөнгийн биржид бүртгүүлэх асуудалд төвлөрсөн. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Ирэх есдүгээр сард багтаан хөрөнгийн биржид бүртгүүлэх хэрэгтэй” гэж ятгав.
Харин уул уурхайн инженер, эдийн засагч П.Өлзийнаран “Хувьцааг бүртгүүлэх хэрэггүй. Хүлээх хэрэгтэй” гэж мэтгэв. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү нар тодорхой байр суурь илэрхийлсэнгүй.
Оролцогчид нь залхсан, өмнөхөөсөө дордсон чуулган болсон ч УИХ, Засгийн газар улс орныхоо эдийн засгийг өөд татах зоримог шийдвэр гаргах цаг үе ирснийг сануулав. Дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн дөрвөн жилд хамгийн өндөр (6.1 хувь) өссөн үед эдийн засгийн чуулган боллоо.
Монгол Улс 2016 оны байдлаар хүний хөгжлийн индексээр 188 орноос 92, аз жаргалын индексээр 140 улсаас 136, өрсөлдөх чадварын индексээр 138 орноос 102, ложистикийн гүйцэтгэлийн индексээр 160 орноос 108, амьдралын чанарын индексээр 192 орноос 107, байгаль орчны багц үзүүлэлтээр 140 орноос 111, бизнес эрхлэлтийн үзүүлэлтээр 190 орноос 64 дүгээр байр тус тус эзэлжээ. Эдийн засаг өсөж буй ч бусдын дээр гардаггүй юм гэхэд дор орохгүйн тулд монголчууд асар их хөдөлмөрлөх хэрэгтэйг дээрх үзүүлэлтүүд харуулна.