"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн "1072 хувьцаа мэдээллийн төв" өнөөдөр нээлтээ хийлээ. Хувьцаа эзэмшигч иргэдийг бодит, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах зорилготой тус төв нь 1072 хувьцааны арилжааг эхлүүлэхийн өмнө иргэд, олон нийтийн хувьцааны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын засаг захиргааны анхан шатны бүх нэгжийг (нийслэлийн 152 хороо, улсын 336 сум, баг)-ийг шаардлагатай мэдээллээр тогтмол хангана хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгой ХК нь дүрмээ шинэчилж, хувьцаат компанийн засаглалд бүрэн шилжсэн учир иргэд хувьцаа эзэмшигчдийн зүгээс 1072 хувьцаатай холбоотой олон асуултад хариулт болон тодруулга авах шаардлагатай байгаагаа илэрхийлэх болсныг тус компанийн удирдлага анхааралдаа авчээ. Хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна гэсэн санал хүсэлтийг иргэдийн зүгээс компанийн удирдлагад олонтаа ирүүлэх болсон учир "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн зүгээс хувьцаа эзэмшигчдийг мэдээллээр түргэн шуурхай хангах зорилгоор "1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг албан ёсоор ажиллуулах болсон байна. Төв нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8 гудамж буюу "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хойд байрны 106 тоотод байрлаж байгаа аж.
Дашрамд сануулахад, "Эрдэнэс-Таван толгой” ХК нь энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд хуралдсан "Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ын шийдвэрийн дагуу Хувь нийлүүлэгчдийн хөрөнгө буюу төр, иргэд аж ахуйн нэгжүүдийн хувьцааг компанийн санхүүгийн тайланд тусгах ажлыг нэгэнт хийж баталгаажуулсан байна.