“Ардчилсан намын нээлттэй өдөрлөг”-ийг орон даяар 21 аймаг, 330 сум, нийслэлийн 152 хороонд 2018 оны тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны хооронд буюу нэг сарын хугацаанд зохион байгуулна. Үндэсний хэмжээнд зохион байгуулагдах тус аяны хүрээнд өчигдөрБаянгол дүүргийн Ардчилсан намын хорооноос “Жишиг нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Өдөрлөгт УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны Ерөнхийлөгч, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон бусад холбогдох хүмүүс оролцож, илтгэл тавьж, үг хэлсэн юм.
“Жишиг нээлттэй өдөрлөг”-т орон нутаг болон нийслэлийн намын үүрийн дарга, гишүүд, Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны иргэд оролцож, Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсч, санал бодлоо илэрхийллээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “Жишиг нээлттэй өдөрлөг”-т оролцож, хэлсэн үгэндээ сонгуулийн бус цагаар улстөрийн намуудаас анх удаа үндэсний хэмжээний томоохон арга хэмжээг зохион байгуулах гэж байгааг онцолсон юм. Тэрбээр цааш нь “Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын хүрээнд нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөсөн. Улстөрийн намуудын хувьд өнөөдөр анхан шатнаасаа хэт тасарсан, намын бодлого, шийдвэрийн талаар шат, шатандаа өөр ойлголттой байна. Тиймээс ч Ардчилсан намын шинэчлэлийн бодлогын хүрээнд анхан шатны намуудтайгаа нягт уялдаа холбоотой ажиллах, бодлого, шийдвэрээ гаргахдаа нухацтай хандах, алдаа багатай ажиллах нөхцөлийг бий болгох зорилгоор “Нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээг эхлүүлж байна” гэв.
“Жишиг нээлттэй өдөрлөг” 2018 оны тавдугаар сарын 06, 07-нд Төв аймгийн Батсүмбэр суманд үргэлжилнэ.