Монголын хөдөө аж ахуйн биржээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монголын хөдөө аж ахуйн бирж нь ирэх 4 дүгээр сарын дундаас БНХАУ-ын 'Бохай' биржтэй хамтран ноолуурын хил дамнасан арилжааг эхлүүлэх гэж байна. Хил дамнасан арилжааг цахимаар дамжуулна.
Дэлхийн ноолуурын зах зээлийн түүхий эдийг гол бэлтгэн нийлүүлэгч нь Монгол, БНХАУ, Энэтхэг, Иран, Афганистан, ОХУ зэрэг улс байдаг бөгөөд манай улсын хувьд 40 орчим хувийг бэлтгэн нийлүүлдэг. Ноолуурын түүхий эдийн үндсэн шинж чанараараа Монгол, БНХАУ-ын ноолуур хамгийн сайнд тооцогддог байна.
ХААБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Баатар "Ноос ноолуур худалдан авдаг томоохон үйлдвэрлэгчид “Бохай"-н биржээр дамжуулан түүхий эд авахаа мэдэгдчихсэн байгаа. Мөн манай үйлдвэрүүд санаачлагатай ажиллаж чадвал ноолуураа угаагаад, самнаад, нэмүү өртөг шингээгээд экспортлох боломж нээгдэж байна.
Хятадын тал угаасан, бага зэрэг самнасан ноолуур авах сонирхолтой байдаг. Харин манай бодлого бол самнаад утас ээрээд зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй Итали, Япон цаашлаад Европ руу экспортлох боломж гарна гэж найдаж байна. Эхний ээлжинд ноолуур арилжихаар төлөвлөж байгаа. Одоо мэдээллийн технологи, арилжааны журмаа тохиролцох ажлууд хийгдэж байна. Малчид маань ганц өрхөөрөө биш хоршоогоороо буюу аль болох их хэмжээгээр ноолуураа нийлүүлэх хэрэгтэй байна. Шууд биржид хандахын давуу тал нь замдаа ченжүүдээр олон дамжихгүй, эцсийн хэрэглэгчдэд өндөр үнээр өгөх юм.
Энэ жилийн хувьд ноолуурын үнэ өнгөрсөн жилээс бага зэргийн өсөлттэй буюу 100,000 орчим төгрөг байгаа" гэв.