Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирлуудын зөвлөл 130 сая ам.долларын бодлогын зээлийг 3 дугаар сарын 23-нд баталжээ.
Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Уур амьсгалын өөрчлөлтийн мэргэжилтэн Мариа Пиа Анкора мэдээллэхдээ
“Улаанбаатар хотын агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрээд байгаа нь төлөвлөлт дутмаг, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хүрэлцээгүй байсан зэрэгтэй холбоотой. Мөн хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа явдал ч бас нөлөөлсөн. АХБ-ны дэмжлэг нь энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд, мөн цэвэр, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд шаардагдах бодлогын шинэчлэлийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх болно” хэмээн тэмдэглэв.
Агаарын бохирдол иргэдийн, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулахын зэрэгцээ хүндхэн байгаа эдийн засгийн өсөлтөнд дарамт үзүүлж байна.
АХБ-ны ердийн хөрөнгийн энгийн эх үүсвэрээс олгож буй энэхүү бодлогын зээл нь хоёр үе шаттайгаар санхүүжигдэнэ.
Эхний шатны санхүүжилт болох 100 сая ам.долларын хөрөнгийг зээл хүчин төгөлдөр болмогц олгох бол хоёр дахь шатны 30 сая ам.долларын санхүүжилтийг тус хугацаанд хамаарах бодлогын арга хэмжээ хэрэгжиж дуусмагц олгох юм.
Филиппин Улсын Манила хотноо төвтэй АХБ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн интеграцчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулахад чиглэн ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог.