Дэлхийн хэмжээнд 1980 оныг байдлыг 2017 онтой харьцуулахад чихрийн шижин эмгэгтэй хүмүүсийн тоо 108 саяас 422 сая болж нэмэгдсэн байна. Энэ тоо 2040 он гэхэд 600 саяд хүрнэ хэмээн тооцоологдсон ба чихрийн шижин эмгэгийн нийт тохиолдлын 90 хувийг “Чихрийн шижин хэв шинж 2” эзэлдэг юм.
Тэгвэл JCI Central салбар байгууллагаас XXI зууны чимээгүй тахал гэгддэг чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 оноос авч хэрэгжүүлэх “Anti-Diabetes” төслийг баталсан билээ. Тэгвэл уг төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр ШУГТЭ-т болох юм байна. Энэхүү төсөл нь:
- ШУГТЭ-ийн Диабетийн төвөөр үйлчлүүлэгчдийн цусан дахь глюкозыг түргэвчилсэн аргаар тодорхойлох;
- Чихрийн шижин өвчтэй хүмүүст өөрийгөө хянах болон чихрийн шижин эмгэгийн талаарх мэдээлэл агуулсан хяналтын картыг бий болгох;
- ШУГТЭ-ээр үйлчлүүлж буй хүн амд чихрийн шижин эмгэгээс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг өгөх шаардлага хангахуйц сургалтын баазтай болох;
- Чихрийн шижин эмгэг болон эмгэгийн урьдал байдал, эрүүл эсэхийг тодорхойлох ГАС /Глюкозын ачаалалтай сорил/ хийх орчин нөхцөлийг бий болгох тус тус зорилтын дагуу ажиллах юм.
Дашрамд дурдахад, ШУГТЭ-ийн Диабетийн төв нь Улаанбаатар хотын хэмжээнд бүх дүүргийн иргэдэд хүрч үйлчилдэг бөгөөд 2014-2017 онд чихрийн шижин эмгэгийн улмаас ШУГТЭ-ийн Дотоод шүүрлийн булчирхайн үзлэгийн кабинетаар үзүүлсэн 10123 үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлсэн 1478 үйлчлүүлэгч, доод мөч тайрагдсан 144 үйлчлүүлэгчдийн статистик мэдээ гарсан тул JCI Central салбар байгууллага болон ШУГТЭ-ийн Диабетийн төв хамтран “Anti-Diabetes” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.