УНТЭ-ийн Бөөрний төвийн их эмч, анагаах ухааны доктор Л.Од-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Бөөр хамгаалах дэлхийн өдрийг “Бөөр ба эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” уриатай тэмдэглэн өнгөрүүллээ. Манай эмэгтэйчүүдэд энэ өвчин хэр тохиолддог вэ?
-Энэ жил Дэлхийн бөөр хамгаалах өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй давхацсан. Тиймээс дэлхийн эмэгтэйчүүдийн бөөрний өвчнийг эмчлэх, жирэмслэхээс өмнө шинжилгээ өгч, эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргүүлж, гарын авлага тараалаа. УНТЭ-ийн Бөөрний төвөөр жилд 40-50 жирэмсэн эмэгтэй үйлчлүүлдэг.
Өнгөрсөн онд манай төвөөр үйлчлүүлсэн эмэгтэйчүүдийн 80 хувь нь бөөр, шээсний замын эрхтэн системийн үрэвсэлтэй байсан. Бусад нь ямар нэгэн суурь эмгэгтэй байснаа жирэмсэн болсон хойноо мэдсэн байдаг. Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл их байгаа бөгөөд үйлчлүүлсэн 42 эмэгтэй ийм өвчтэй байсан. Мөн өнгөрсөн онд манай төвд бөөрний архаг дутагдалтай жирэмсэн 17 эмэгтэй хандсан.
Гуравхан сая хүн амтай улсад энэ нь өндөр тоо. Ийм эмгэгтэй эмэгтэйн хүүхэд нь дутуу төрөх аюултай, цоо эрүүл мэндлэх баталгаа байхгүй. Эхийн бөөрний эмгэг эцсийн шатандаа орох, цаашлаад аминд нь ч халтай. Тиймээс жирэмслэхээ төлөвлөж, үзлэг шинжилгээнд орох хэрэгтэй.
-Жирэмсэн эмэгтэйчүүд ийм асуудалтай, эсэхээ хэрхэн мэдэх вэ?
-Шээсний замын халдвараа эмчлүүлэхгүй явсаар бөөр нь идээлж, эмийн эмчилгээнд ч үр дүн муутай болж, мэс засалд орохоос өөр аргагүйд хүрч байна. Жирэмсэн үедээ халуурах, хавагнах, шээс үнэртэй гарах, өнгө нь өөрчлөгдөх, бие засахдаа зовиурлах, шээсний ерөнхий шинжилгээнд уураг болон цусны эс илрэх, даралт ихсэх зэрэг шинж илэрвэл бөөрний эмчид хандаарай.
-Манай улсад бөөрний өвчний тархалт ямар байна вэ?
-Бөөрний өвчин өсөх хандлагатай байна. Бөөрний архаг дутагдлын эцсийн шатанд орсон хүний тоо нэмэгдэж байгаа. Бөөр орлуулах эмчилгээний ачаалал их. Эмийн эмчилгээ, амьдралын буруу хэвшил, орчны бохирдол зэрэг бөөрний дутагдалд хүргэдэг шалтгаан олширсон. Гемодиализын төвөөр үйлчлүүлж буй өвчтөний 50 хувь нь чихрийн шижинтэй. Тэдний тал хувь нь эмэгтэйчүүд. Энэ нь удамшин чихрийн шижинтэй хүүхэд төрөх том эрсдэл болдог юм.