Нийслэлийн бүх дүүрэгт өнөөдөр буюу 3-р сарын 1-нээс эхлэн 2, 4, 9 сартай хүүхдүүдэд уушгины хатгалгаа үүсгэгч пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг хийж эхэллээ. Уг ажлын санхүүжилтад Эрүүл мэндийн сайдын багцаас 1 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа аж.
Бага насны хүүхдүүд уушгины хатгаа өвчнөөр өвчлөх, хүндрэх эрсдэл өндөр байдаг бөгөөд уг өвчний эсрэг вакциныг үе шаттайгаар улс орон даяар нэвтрүүлж байна. Өнөөдрөөс Нийслэлийн 9 дүүрэгт уг вакциныг хийж эхэлжээ.
Өнгөрсөн жилүүдэд энэхүү вакциныг өвчлөл өндөртэй, Нийслэлийн агаарын бохирдол ихтэй гурван дүүрэгт нэвтрүүлж байсан юм. Дараа жилээс орон нутагт хийж эхэлнэ. 2016-2017 онд энэхүү вакциныг тариулсан хүүхдийн дунд хатгааны өвчлөл 40 хувиар буурсан үзүүлэлттэй байна.