БОАЖЯ-наас 2018 оны 6-р сарын 1-ээс эхлэн Тусгай хамгаалалттай газарт стандартын бус ариун цэврийн байгууламж ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ. Стандартын бус ариун цэврийн байгууламж гэдэг нь өнөөгийн хэрэглэж байгаа модон жорлонгууд гэсэн үг. Ийм ариун цэврийн байгууламжаас татгалзах шийдвэрийг өнгөрсөн оны 4-р сард гаргаж, нийтдээ таван удаагийн зөвлөмж, албан бичгийг Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна.
Энэ шийдвэрийн хүрээнд Монгол нутгийн тусгай хамгаалалттай бүх газар нутагт ариун цэврийн цэврийн байгууламжийг стандарттай болгож, ингэснээр хөрсний бохирдлоос сэргийлэх таатай боломж бүрдэж байна.
Төвлөрсөн дэд бүтэцгүй Богдхан ууландаа нийслэлчүүд аялж амрах зориулалтаар ам болгонд нь шахуу хана дугуйлж, тоосго өрж төвхнөөд авсан нь бохироо дархан газрынхаа хөрсөнд чимээгүйхэн шингээсээр байсан.
Стандартын ариун цэврийн байгууламжтай болсноор хэд хэдэн давуу талтай. Эдгээрээс хамгийн чухал нь хөрсний бохирдлоос сэргийлнэ. Нэг үгээр хэлбэл бохир хөрс усанд нэвчихгүй, дүүрэхээр нь соруулдаг. Ийм стандартын ариун цэврийн байгууламжийн хэд хэдэн шийдэл байдаг.
Тухайлбал:
-Бохир хөрсөнд шингэхээс хамгаалсан доторлогоотой соруулдаг жорлон
-Өтгөн шингэнийг ялгаж салгаж хуурайшуулдаг технологи бас байна. Энэ нь өөрөө байгальд ээлтэй технологи юм.
-Зөөврийн буюу шилжүүлэх ариун цэврийн байгууламж
-Агааржуулагчтай, сайжруулсан ариун цэврийн байгууламж
Эдгээрийн аль нь ч байлаа гэсэн хөрсний бохирдлоос хамгаалах ач холбогдолтой, орчин үеийн шинэлэг шийдэл юм.
БОАЖЯ-аас гаргасан дээрхи шийдвэрийн шаардлагыг хангаагүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах юм байна.