Хавдар судлалын үндэсний төвийнхөн туяа эмчилгээг шинэ шатанд гаргах зорилгоор шугаман хурдасгуур бүхий хоёр аппаратыг ирэх сард угсран, ашиглаж эхлэх гэнэ. Өндөр энергийн туяаны хурдасгуур ба бичил долгионы шугам зэргээр цацраг туяа үүсгэн, хавдрыг эмчилдэг эл төхөөрөмжийг нэвтрүүлснээр өвчтөнүүд заавал гадаадын аль нэг орныг зорьж, өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх шаардлагагүй болох юм.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн “Монголд анхдагч энэ аппарат нь овор хэмжээ том учраас угсрахад багагүй хугацаа зарцуулна. Мөн эмч, мэргэжилтнүүдээ чадавхжуулах шаардлагатай. Ирэх зургадугаар сараас шинэ технологио эмчилгээнд ашиглахаар зорьж байна” гэсэн юм.
Шинэ технологи нэвтрүүлэх гэж буйтай холбоотойгоор тус төвийнхөн Японы “Хирошима” их сургуулийн удирдлага болон туяа эмчилгээний тасгийнхантай уулзаж, эмч солилцох, хамтарсан судалгаа хийхээр тохиролцжээ.