Жил бүр дэлхий дахинд 17 сая хүний тархинд цус харваж, үүнээс 6.5 сая нь нас барж, 26 сая хүн харвалтаас болж тахир дутуу үлдэн хоцордог гэсэн баримт бий. Тархины цус харвалтын шинж тэмдэг дийлэнхдээ ахмадуудад илэрдэг байсан бол сүүлийн жилүүдэд залуус, хүүхдүүдийг ч айлгах болжээ. Энэ нь нийгмийн бухимдал, сэтгэл гутрал, амьдралын буруу хэв маяг, хооллолтоос шууд бусаар хамаардаг болохыг эмч нар хэлж буй.
ДЭМБ-ын жил тутмын статистикийн мэдээгээр өндөр хөгжилтэй орнуудад тархины харвалтын үеийн нас баралт нийт үхлийн шалтгааны дотор 13-15 хувийг эзлэн, зүрх судасны өвчин, хорт хавдрын дараагаар гуравдугаар байранд орсон хэвээр байна. Зөвхөн Европын орнуудад л гэхэд жил бүр 650 мянга орчим хүн харвалтын улмаас нас барж байгаа нь энэхүү эмгэг хэчнээн их эрсдэл дагуулдаг болохыг харуулна. Манай улсад ч сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа тус өвчлөлөөр 10-15 насны хүүхдүүд ч олноор өртөж байгаа нь анхаарах цаг болсныг илтгэнэ. Тухайлбал, манай улсад жил тутам дунджаар 100 мянган хүн амд 290 тохиолдож, үүнээс нас баралт 49-д хүрч байгаа нь харвалтын давтамжаар дэлхийд өндөр өвчлөлтэй орны тоонд хамаарч байгаа юм. Энэ талаар Гуравдугаар төв эмнэлгийн Тархины харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа “Харвалтын улмаас өвчтөний гар, хөл гүнзгий саажиж, хөдөлмөрийн чадвараа бүрэн алддаг төдийгүй оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйн үйл ажиллагаа эрс буурдаг. Тархинд цус харвах үед тархинд хэрэгтэй тэжээл болон хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг цусан хангамж саарч, тасалдана. Тархинд цусан хангамж байхгүй болсон тохиолдолд тархи гэмтэж, хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж, үхэлд хүргэх аюултай. Нас ахих тусам бидний судас улам хатуурч, нарийсан бөглөрөх эрсдэл нэмэгддэг. Харин амьдралын зарим буруу хэвшил болох өөх тостой хоол их идэх, дасгал хөдөлгөөний дутагдалд орох, нийгмийн стресс зэрэг нь залуу насандаа цус харвах эрсдэлд хүргэдэг” гэсэн юм.
Харвалт нийгмийн бухимдал, буруу хооллолтоос үүдэлтэй
Тархины зарим хэсэгт цусан хангамж дутагдсанаас бие махбодын үйл ажиллагаа өөрчлөгдөх, алдагдахыг харвалт гэнэ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай.
Хэрвээ тархины судас аль нэг хэсэгтээ бөглөрвөл цусны урсгал саатаж, тархинд очих хүчилтөрөгч, илч, тэжээл дутагдан тархи гэмтдэг. Судасны бөглөрөл түр зуурын бус удаан хугацаанд үргэлжилбэл тархины эд эс нөхөн сэргэшгүйгээр гэмтдэг аж.
Мөн тархины судас гэмтэж хагарснаас цус алдаж хурах нь харвалтын хамгийн хүнд, үхэлд хүргэх эрсдэл ихтэй хэлбэр гэнэ. Үүний гол эрсдэлт хүчин зүйл нь АДИ юм. Бусад шалтгаанд судасны цүлхэн, гэмтэл, хавдрын улмаас судас шархлах, судасны гажиг (мальформаци), цусны эмгэг зэрэг ордог аж.
Нөгөөтэйгүүр судасны өвчний адилаар харвалтын үндсэн шалтгааны нэгд судасны хатуурал ордог байна. Энэ тохиолдолд артерийн судас нарийсч тархинд очих цусан хангамж буурна.
Судасны нарийслаас үүдэж гэнэт харвах тохиолдол цөөнгүй гэнэ. Энэ нь наснаасаа хамаараад олон шалтгаантай. Тархины судас нарийсахад хүргэж буй нэг гол хүчин зүйл бол тархины судасны хатуурал юм. Судасны хатуурлыг энгийн жишээгээр тайлбарлая.
Өөх тос буюу холестрин гэж тасалгааны температурт царцдаг /ханасан тосны хүчил/ тосыг хэлдэг.
Гэрийн дулаанд аягалаад тавьсан тос ихтэй хоолны тос нь царцаж, аяганы амсарт наалдан улмаар аяганы амсарыг битүү бүрхдэгийг бид мэднэ. Үүний нэгэн адилаар хүний цусанд агуулагдах өөх тос буюу холестрин нь байх ёстой хэмжээнээс ихсэх үед цус өтгөрч, дээрх жишээний нэгэн адилаар судасны дотор хананд бага багаар наалдан хуримтлагдсаар өөхөн товруу /бляшка/ үүсгэнэ.
Ингэснээр судсан дундуурх цус урсах зай нарийсан, судасны гүрвэлзэх хөдөлгөөнийг хорьж судсыг хатууруулдаг. Энэ нь /зөвхөн тархи, зүрх гэхгүй/ тухайн эрхтэнийг цусан хангамжийн дутагдалд оруулах ба улмаар судас бөглөрсөнөөр тархины цус харвалт, зүрхний шигдээс зэрэг хүндрэлүүдийг үүсгэдэг гэнэ.
“Энх Ундарга” мэдрэлийн эмнэлгийн их эмч Л.Долгорын хэлснээр “Нийгмийн бухимдлаас үүдэж тамхи татах нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд цус хомсрох харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог нь тогтоогдсон. Гэр бүлийн гишүүн тамхи татах нь мөн л харвах эрсдлийг нэмэгдүүлдэг. 22 судалгааг хамруулан, мета-анализ хийхэд тамхи таталт нь харвах эрсдлийг хоёр дахин ихэсгэдэг байна. Тамхи таталтыг зогсооход энэ эрсдэл 50 хувиар багасдаг. Ажлын байранд тамхи татахыг хориглоход эрүүл мэндийн болон эдийн засгийн ашигтай. Архи согтууруулах ундаа мөн адил судас нарийсах, цус хомсдох эрсдэлийг бий болгодог” хэмээсэн юм.
Тахир дутуу болох нь харвалтын хожуу илрэх хүндрэл юм
Харвалтын хожуу илрэх хүндрэл, хор уршиг нь тахир дутуу болох явдал юм. Өөрөөр хэлбэл, биеийн аль нэг хэсэг саажиж, булчин суларснаас үйл ажиллагаа нь алдагдана. Энэ тохиолдолд хэл ээдрэх, эсвэл үг хэлж, ярьж чадахгүй /Афази/ болно. Харвалт их хэмжээтэй, хүнд байвал үхэлд хүргэх аюултай байдаг.
Энэ өвчний үед янз бүрийн шинж тэмдэг илрэх боловч тэдгээрээс хамгийн түгээмэл, голлох 5-ыг авч үзэхэд хангалттай юм. Тархинд цус харвах өвчний шинж тэмдэгийг аль болох богино хугацаанд анзаарах нь эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг гэдгийг эмч нар сануулж байна. Нэгдүгээрт, өрөөсөн гар, хөл, нүүрний тал хэсэг саажих, мэдээгүй болох.
Хоёрдугаарт, хэл орооцолдох, үг хэлж чадахгүй болох, өөр хүний хэлж байгааг ойлгохгүй болох. Гуравдугаарт, зогсож, эсвэл алхаж чадахгүй болох, тэнцвэрээ олоход төвөгтэй болж бие ганхах. Дөрөвдүгээрт, өрөөсөн нүд юм харахгүй болох, юмс 2 болж харагдах, эсвэл тал, хагас харагдах. Тавдугаарт, толгой хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрдэг байна.
Хэрхэн эмчлэгдэх вэ?
Мэдээж тархины даралтын цус харвалттай өвчтний эмчилгээнд харвалтын эхний цагуудад цус гоожилтыг зогсоох, тархины эд, ховдолд хурсан цусыг зайлуулах, гавлын дотоод даралт ихсэлтийг бууруулах, тархины цусан хангамж перфузийг сайжруулах болон бусад суурь эмчилгээний яаралтай арга хэмжээ хамаарна. Үүний зэрэгцээ амьсгалын үйл, хүчилтөрөгчийн ханамж, цусны эргэлт, цусан дахь сахар, биеийн халуун, шим солилцлыг зохистой хянаж эмчлэх, гүн венийн тромбозоос урьдчилан сэргийлэхэд анхаардаг гэнэ.
Харин харвалтаас сэргийлэх аргыг хоёр хувааж үздэг. Нэгдүгээрт, анхдагч урьдчилан сэргийлэх. Энэ нь харвалт болох эрсдэлт хүчин зүйлээс өөрийгөө хамгаалах аргыг хэлдэг. Хоёрдогч нь дахин харвалтаас сэргийлэх арга юм. Үүнд дараах аргууд багтдаг байна.
- Цусны даралтаа тогтмол хянах.
- Давсны хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Биеийн жингийн илүүдлээс сэргийлэх
- Архи тамхи гэх мэт хорт зуршлаас сэргийлэх
- Дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх
- БНЛП- хэвийн хэмжээнд байлгах. Холестрол багатай хоол хүнс хэрэглэх Цусан дах холестролын хэмжээг хэвийн байлгах арга зам Өөхгүй махыг сонгож 7 хоногт 2 оос доошгүй удаа загас хэрэглэх
- Сахарын хэмжээг тогтмол хянах юм.