Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын Хүн Амын Хоол Тэжээлийн Байдал” үндэсний V судалгааны эцсийн үр дүн, тайланг өнөөдөр танилцууллаа.
Судалгаанд Монгол Улсын эдийн засгийн дөрвөн бүсийн 21 аймаг, нийслэлийн 8 дүүргээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 94 сум, 30 хороо хамрагджээ.
Хоол тэжээлийн тулгамдаж буй томоохон асуудал болох төмөр, А, Д аминдэм, иод дутал, илүүдэл жин ба таргалалтын тархалт, өрхийн хүнсний баталгаат байдалд тусгайлсан дүн шинжилгээ хийж, тэдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд одоо хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрт оруулбал зохих өөрчлөлт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон “Бодлогын зөвлөмж” бүхий 6 бүлэг сэдэвчилсэн үнэлгээний тайланг боловсруулсан байна.
Үндэсний V судалгаагаар аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны түвшингээс буураагүй байна.
- 5 хүртэлх насны хүүхдийн 26.6%, эхчүүдийн 16.1%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21.4% тус тус цус багадалттай,
- 6-59 сартай хүүхдийн 27.7%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 29.6% төмөр дуталтай байгааг тогтоосон.
- Д аминдэм дутлын тархалт хүүхэд, насанд хүрэгчдийн дунд маш түгээмэл, 6-59 сартай хүүхдийн 61% дуталтай, 28.9% нөөц дутмаг, жирэмсэн эмэгтэйчүүдийн 75.4% дуталтай, 20.2% нөөц дутмаг, 15-49 насны эрэгтэйчүүдийн 40.4% Д аминдэм дуталтай,41.9% нөөц дутмаг байдалд байгааг илрүүлсэн.
Мөн 5 хүртэлх насны хүүхдийн 9.5% А аминдэм дуталтай, 60.1% А аминдэмийн нөөц хангалтгүй, дуталд өртөхөд ойрхон байгааг судалгааны дүн илтгэж байв.
Нийт өрхийн 78.9% зохистой түвшинд иоджуулагдсан давс хэрэглэж байгаа бөгөөд, Баруун болон Хангайн бүсийн хүн ам, жирэмсэн эмэгтэйчүүд иодын дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байна.
Илүүдэл жин ба таргалалтын тархалт нь бүс нутаг, амьжиргааны түвшинг үл харгалзан, бүх насны хүн ам, ялангуяа насанд хүрэгчдийн дунд маш өндөр,хүүхдийн дунд нэмэгдэж байгаа нь онцгойлон анхаарвал зохих асуудал болжээ. Тодруулбал,
- 5 хүртэлх насны хүүхдийн 11.7% илүүдэл жинтэй,
- 6-11 насны хүүхдийн 22.2% илүүдэл жинтэй, 6.4% таргалалттай,
- 15-49 насны эмэгтэйчүүдийн 46.2% илүүдэл жин ба таргалалттай, 16.5% тарган,
- 15-49 насы эрэгтэйчүүдийн 48.8% илүүдэл жин ба таргалалттай, 14.6% тарган байгааг тогтоосон.
Хоол тэжээлийн үндэсний V судалгаагаар Монгол улсад хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоосон.Тухайлбал, нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй, нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, аминдэм, эрдсийн дутлын тархалт өндөр, 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувь хүнсний баталгаат байдал нь ямар нэг хэмжээгээр алдагдсан, илүүдэл жин ба таргалалтын асуудал нийгмийн эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар учруулах түвшинд хүрсэн байна.