Хүн төрөлхтөн архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх, буруу хооллох, орчны бохирдол, хөдөлгөөний дутагдлаас болж хавдар гээч хавханд орсоор байна. Хорт хавдар нь дэлхий дахинд нас баралтын тэргүүлэх, манай улсад хоёр дахь шалтгаан болж байгаа юм. Элэгний хорт хавдар эмэгтэй, эрэгтэй гэж хүйс ялгалгүй хамгийн элбэг тохиолддог. Харин эрчүүдэд ходоод, эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар удаалж байна. Умайн хүзүүний хавдар гэж юу вэ. Умайн хүзүүний гадаргыг бүрхсэн хучуур эсүүдэд хэвийн бус өөрчлөлт гарахыг анагаахын шинжлэх ухаанд ингэж нэрлэдэг. Ийм өөрчлөлтөд оруулах гол шалтгаан нь хүний хөхөнцөр вирусийн халдвар юм. Энэ вирусийн тээгч нь эрчүүд гэнэ. Гэхдээ хөхөнцөр вирусээс гадна хэт эрт эсвэл хожуу үедээ анхны хүүхдээ төрүүлэх, олон удаа үр хөндүүлэх, удаан хугацаанд ерөндөгтэй байх, умайн хүзүү үрэвсэх, шархлах, тамхи татах, хоол хүнсэнд жимс, ногоо бага хэрэглэх зэрэг олон шалтгааны улмаас энэ хавдраар өвчлөх магадлалтай.
Нийслэлийн дүүрэг болон орон нутгийн өрхийн эмнэлэгт 30-60 насны эмэгтэйчүүдийг умайн хүзүү, хөхний хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулж буй. Гэвч энэ шинжилгээнд эмэгтэйчүүдийн хэд нь хамрагддаг бол. 2016 оны байдлаар умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн үзлэгт зорилтот насны 73 706 эмэгтэй хамрагдсан нь хамрагдвал зохих эмэгтэйчүүдийн 44.9 хувийг эзэлж байна. Өвчилсөн хүний 96 хувь нь 30 болон түүнээс дээш насных бол хавдраар нас барж буй 13 эмэгтэйн нэг нь умайн хүзүүний хавдраар амьсгал хурааж байна.
Шинжилгээ өглөө гэхэд хариу нь найдвартай, цагтаа гарч чадах уу, хэрэв ямар нэг эмгэг илэрвэл эмчилгээ хийлгэх боломж бий юү зэрэг олон асуулт хөвөрсөөр. ХСҮТ-ийн Бодлого, төлөвлөлт хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан “Эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдсан эмэгтэйчүүдийн цөөнгүй нь хүндрэхээсээ өмнө буюу хавдар дөнгөж эхлэх үедээ өвчнөө мэдэж байгаа нь сайшаалтай. Өнгөрсөн онд умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх шинжилгээгээр 400 орчим хавдар илрүүлсэн. Харамсалтай нь эрт илрүүлэх, найдвартай хариу гаргах, оношлох, эмчлэх тогтолцоо манай улсад алга. Илрүүлэх шинжилгээ аваад байдаг хариу нь цаг тухайдаа гардаггүй. 2015 онд 16, 2016 онд 14 мянган хүний шинжилгээний хариу гараагүй. Энэ харамсалтай ч гэсэн бодит тоо. Шинжилгээний хариуг цагт нь гаргах ёстой хүчин чадал хүрэлцэхгүй байна. Боловсон хүчнээ тогтвортой ажиллуулах эдийн засгийн нөхцөл бүрдээгүй. Эсийн шинжээч, лабораторийн ажилтан бэлтгэдэг ч шинжилгээ хийх урвалж бодис авах төсөв байдаггүй. 2012 онд Мянганы хөгжлийн сангийн хөрөнгөөр аймаг болгон лабораторитой, боловсон хүчинтэй болсон. Нөхцөл бүрдсэн ч тогтмол санхүүжилт байхгүй учраас зарим газар доголдол үүсээд байна. Тогтолцоо бүрдүүлэхэд төр засгаас анхаарч, хуульчилж, тухайн орон нутаг, дүүрэг, хорооны Засаг даргад хариуцлага тооцдог тогтолцоо хэрэгтэй байна” гэж ярив.
“Умайн хүзүүний хорт хавдрын 80 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Дахиад 20 жил болоход залуу эмч нар бас л ингээд яриад сууж байх вий. Шинжилгээний хариуг найдвартай, цагт нь гаргадаг, зөв оношилдог, эмчилдэг тогтолцоо бий болгох хэрэгтэй. Өнгөрсөн онд илэрсэн умайн хүзүүний 400 орчим хавдрын дийлэнх нь 3-4 дүгээр шатандаа илэрч, туяа эмчилгээ хийх боломжгүй болсон байсан. Эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдахад нэг эмэгтэй 20 мянган төгрөг зарцуулах бол өвчилсний дараа эмчилгээнд 12 сая орчим төгрөг зарлагаддаг. Материаллаг талаас нь авч үзэхэд л ийм байна. Гэтэл ийм шинжилгээнд зориулсан төсөв гэж байдаггүй. Үүнийг хуульчилж, төсөвтөө суулгах хэрэгтэй” гэж ХСҮТ-ийн эмч нар хэлэв.
Насанд хүрээгүй охид ээж болох, үр хөндүүлэх нь олширч, бэлгийн замын халдварт өвчтэй хүний 40 орчим хувийг 15-24 насныхан эзэлж байгаа энэ үед умайн хүзүүний хавдрын талаар ярихгүй өнгөрч болохгүй. Яриад зогсох бус, үр дүнтэй арга хэмжээ авч, тогтолцоо бий болгохгүй бол бид ниргэсэн хойно нь хашхирсаар л байх нь. Уг нь бол энэ хавдрын үүсгэгч нь тодорхой, Монголд хамгийн сайн судлагдсан гэж эмэгтэйчүүдийн эмч нар хэлдэг юм билээ. Гэтэл энэ хавдраар өвчилж, нас барж буй эмэгтэйчүүдийн тоо буурахгүй байна. Яагаад гэхээр умайн хүзүүний хавдрын үед шинж тэмдэг төдийлөн илэрдэггүй учраас хүндэрсэн хойно эмнэлэгт ханддаг аж. Хожуу үедээ оношлуулсан эмэгтэйчүүдийн 50 орчим хувь нь шинжилгээ өгсөн жилдээ нас барж буй нь эрт илрүүлэх арга хэмжээ хангалтгүй байгааг харуулж байгаа юм. Тэгвэл яах ёстой вэ. Бэлгийн харилцаанд орсноос хойш гурван жилээс хэтрэлгүй эсийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Харин та 30-60 насных бол гурван жил тутамд заавал шинжилгээнд хамрагдаарай. Хариунд ямар нэг өөрчлөлт илэрсэн бол сандрах хэрэггүй. Умайн хүзүүний дуранд харуулах эсвэл эдийн шинжилгээ өгч, оношоо тодруулдаг юм байна. Манай улс энэ хавдрын өвчлөл, нас баралтаар Азидаа хоёрдугаарт орж буй ч эрт оношлуулж, зөв эмчилгээ хийлгэснээр бүрэн эмчлэгдэх боломжтой. Дэлхий дахинд гурван хүн тутмын нэг нь хорт хавдартай гэсэн аймшигтай тоон мэдээллийг ДЭМБ-аас гаргасан байдаг.
Хүн төрөлхтнийг занахийлсэн энэ өвчнөөс сэргийлэх боломж бидэнд бий. Хавдар нь халдварт өвчин бус учраас бид бие эрхтнээ эрүүл байлгахад багахан цаг зарцуулахад л болох юм, уг нь. Харин төр засгаас иргэдээ эрүүл, эсэхийг эрт илрүүлж, хэрэв өвчилсөн бол зөв эмчлэх тогтолцоо бүрдүүлэхэд анхаарах цаг хэдийнэ болжээ. Багаж, урвалж хангалтгүй, мэргэжилтэн нь тогтвортой ажилладаггүй, иргэдийн оролцоо сул байгаа нь тулгамдсан асуудал бол аймаг, дүүрэг бүрт эрт илрүүлэх үзлэгийн нэгжтэй болох, хүний нөөцийг чадавхжуулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах нь энэ өвчнөөс сэргийлэх гарц гэдгийг мэргэжилтнүүд нь хэлнэ лээ.
Гэтэл нийслэлийн дүүрэг болон аймгийн Нэгдсэн эмнэлгүүдэд шинжилгээ авах лаборатори бий ч урвалж бодис нь хүрэлцэхгүй байна. Шинжилгээний хариугаа цагт нь авч чадахгүй хүлээж буй хэдэн мянган хүн бий. Ингэж нүд хуурахын оронд бодит байдалтай нүүр тулж, хэдэн зуун хүнийг хариу нь гардаггүй шинжилгээнд хамруулсан гэхээс илүү нэг ч гэсэн хүнийг хорт хавдартай болохоос нь урьтаж эмчилсэн гэвэл илүү сайхан биш үү.
Өвчний хожуу үед ямар шинж илрэх вэ
- Үтрээнээс сарын тэмдгийн мөчлөг бусаар цус алдах
- Бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус гарах
- Идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
- Хэвлий доогуур, ууц нуруугаар чилж хөших
- Гуя руу дамжиж өвдөх
- Тодорхой шалтгаангүй турах
- Бие сульдаж, ядарч тамирдах
Шинжилгээ өгөхөд юунд анхаарах вэ
- Сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед өгнө
- Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй, эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэхгүй, бэлгийн хавьталд орохгүй, жирэмслэхээс сэргийлэх эм уухгүй, үтрээгээр лаа, тампон, цацлага эмчилгээ хийгээгүй байх хэрэгтэй.