Татварын ерөнхий газрын хэрэгцээ шаардлагыг тусгасан татварын мэдээллийн нэгдсэн системийг бий болгох зорилго бүхий “Татварын удирдлагын нэгдсэн систем” төсөл хэрэгжүүлж буй. Энэ талаар төслийн менежер Я.Батжаргалаас тодрууллаа.
-Уг төслийг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой вэ. Хэдий хугацаанд үргэлжлэх бол?
-2017 оны наймдугаар сард “Татварын удирдлагын нэгдсэн систем” төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсан. Бид 18 сарын хугацаанд татварын алба тус бүрт байгаа мэдээллийн баазыг нэгдсэн системд шилжүүлнэ. Ингэснээр татварын албаны үйл ажиллагаа ил тод, шуурхай болж татвар төлөгчид мэдээллээ цахимаар хянах, төлбөрөө төлөх зэрэг олон давуу тал бий болно.
-Систем шинэчлэхэд хэр хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ. Хөрөнгийг хаанаас гаргаж байгаа вэ?
-Татварын ерөнхий газрын хэрэгцээ шаардлагын дагуу Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв системийг шинэчилнэ. Энэ системийг ашиглаж эхлэхтэй холбоотойгоор дэд бүтцийг сайжруулах шаардлагатай. Үүнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа.
-Татварын ерөнхий газар 60 тэрбум төгрөгөөр шинэчлэл хийх гэж байгаа тухай мэдээлэл цахим орчинд түгсэн. Энэ талаар тодруулна уу?
-Татварын удирдлагын нэгдсэн системийг хийхэд ийм их хөрөнгө зарцуулахгүй. Харин интернэтэд холбогдоогүй сумдын татварын байцаагч нарт тоног төхөөрөмж, интернэт холболт хийх үндсэн болон нөөц сервер бий болгох зэрэг дэд бүтцийг сайжруулахад тодорхой хэмжээний хөрөнгө шаардлагатай. Уг санхүүжилтийн эх үүсвэрийг төсөвт аль болох дарамт болохгүйгээр хийх боломжийг судалж байна.