Монгол Улсын хэмжээнд 381.8 мянган иргэн Нийгмийн даатгалын сангаас сар бүр тэтгэвэр авч байна. Тэдний 60 хувь нь буюу 230.8 мянган хүн тэтгэврээ барьцаалж арилжааны банкнаас 680.9 тэрбум төгрөгийн зээл авсан гэсэн мэдээллийг ЭМНДЕГ-ын цахим хуудаснаас харж болно. Ахмад настны олонх нь тэтгэврээ барьцаалан зээл авч, сар бүр гар дээрээ бэлэн мөнгө тавьж чаддаггүйг эндээс харж болно. Ялангуяа Цагаан сарын өмнөхөн өвөө, эмээ нар тэтгэврээ олон сараар нь барьцаалж, зээл аваад хаврын хавсаргатай өдрүүдэд цайны сүүгээ авах мөнгөгүй суух нь бий. Эцэг, эхийнхээ тэтгэврийг зээлүүж, амьдардаг хүн ч цөөнгүй.
Тэгвэл ХНХЯ, Монголбанк болон арилжааны банкуудын хооронд энэ сарын 5-нд тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурсан билээ. Санамж бичгийн хүрээнд энэ сарын 16-наас ХААН, Төрийн банк тэтгэвэр барьцаалсан зээлийн жилийн хүүг 12 хувь болгон бууруулж, албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтын хүрээнд хийсэн уг ажил эхнээсээ үр дүнд хүрч буйд иргэд ам сайтай байгаа. Энэ хүртэлх хугацаанд Засгийн газраас тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ямар арга хэмжээ авч ирснийг сонирхуулъя.
2016 оны сонгуулийн өмнө, жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэврийн зээлийн хүүг ХНХЯ банкны удирдлагуудтай хэлэлцээр хийсний үр дүнд 2017 онд 15 хувь болгож бууруулсан. Үүний хүрээнд ХААН, Төрийн банкаас жилийн 15 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөлөөр өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн арванхоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт 91.7 мянган тэтгэвэр авагч 73.6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Энэ нь тэтгэвэр авагчдыг зээлийн хүүгийн 927.1 сая төгрөгийн дарамтаас чөлөөлсөн гэсэн үг. Үүний дараа энэ онд тэтгэвэр барьцаалсан зээлийн хүү жилийн 15 хувьтай байсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн санаачилгаар 12 хувь болгон буулгах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Ахмадуудын 92 орчим хувь нь ХААН, Төрийн банкаар дамжуулан тэтгэвэр авч буй. Үлдсэн найман хувь нь өөрсдийн сонгосон арилжааны бусад банкаар дамжуулан авдаг. Тэд банкаа сольж, ХААН, Төрийн банкны үйлчлүүлэгч болж, 12 хувийн зээлд хамрагдах боломжтой. Арванхоёр сар хүртэлх хугацааны тэтгэврийн зээл энэхүү 12 хувийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болж буй. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах энэ ажлын хүрээнд нэгэн шинэ бодлого баримталж буй нь ахмад настны хүсэлтээр тэтгэврийнх нь 70 хувийг зээл хэлбэрээр олгож, үлдсэн 30 хувийг гар дээр заавал очихоор зохицуулжээ.
Ингэснээр сар бүрийн тэтгэврээ бүхэлд нь банкинд “өгөх” биш, өөртөө бага ч болов мөнгө үлдээх боломжтой болов. Үүний үр дүнд нийт ахмадын тэтгэврийн зээлийн хүүгээс жил бүр хоёр тэрбум орчим төгрөгийн хүүгийн хөнгөлөлт тэдний гар дээр үлдэх гэнэ. Ингэснээр ахмадуудад ирэх тэтгэврийн зээлийн хүүгийн дарамт багасна.
Засгийн газрын өнгөрсөн баасан гаригийн ээлжит хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Нийгмийн даатгалын болон халамжийн сангаас тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Улсын хэмжээнд 382 мянга орчим ахмад дунджаар 380 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. 2018 оны улсын төсөвт Нийгмийн даатгалын сангаас 119.5 тэрбум төгрөгийг төсөвт тусгаж, хөрөнгийн эх үүсвэрийг шийдсэн. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс ахмадын тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.
Мөн Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч буй иргэдийн асаргаа, тэтгэмжийн хэмжээг 15 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Нийгмийн халамжийн тухай хуулиар ахмадад Цагаан сар, Улсын баяр наадмыг тохиолдуулан насны хишиг тэтгэмж олгодог. Жараас дээш насны ахмадад насны хишиг олгох юм. Цагаан сараас өмнө амжиж олгохоор Сангийн яамтай хамтран ажиллаж байна” гэж ярив.
Ахмад настны тэтгэврийн зээлийн жилийн хүүг ингэж шат дараатай буюу 18-иас 12 хувь болгож буурууллаа. Харин арванхоёр сараас урт хугацаагаар зээлэхийг хүсвэл банкны эх үүсвэрээр олгож буй 18 хувийн хүүтэйгээр авах боломж нь тэтгэвэр авагчдад нээлттэй үлдэх гэнэ. Зээлийн хүүг бууруулах, хугацааг нь уртасгах, тодорхой хэсгийг нь үлдээж байх зэрэг санал ахмадуудаас ХНХЯ-нд олноороо ирдэг байсан нь ийнхүү биеллээ олжээ. Хэдийгээр өмнө нь хүүг бууруулсан ч зургаан сараас доош хугацаагаар авч буй зээлд хамаарахаар зохицуулсан нь ахмадуудын хэрэгцээг хангаж чадахгүй байж. “Банкны салбарынхантай дахин ярилцаж ийм шийдэлд хүрсэн нь эхний алхам. Цаашид ямар боломж байгааг хамтдаа судалж, хэрэгжүүлэхээр тохиролцсон” гэдгээ С.Чинзориг сайд хэлнэ лээ.