Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын төлөөлөл Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээлийн төслийн хүрээнд олгох 32 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурна. Уг санхүүжилтийг ЖАЙКА манай улсын Засгийн газарт энэ сард багтаан олгохоор төлөвлөж буй аж.
Зээлийн жилийн хүү 0.8 хувь, эргэн төлөх хугацаа 20 жил бөгөөд үндсэн төлбөрөөс зургаан жил чөлөөлөх гэнэ. ОУВС, Дэлхийн банк, АХБ-ны голлох оролцоотой олгох 5.6 тэрбум ам.долларын багцын хүрээнд олгож буй дээрх санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газраас макро эдийн засгийн тогтвортой удирдлагыг хангах, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх дэмжлэгийг эрчимжүүлэх, ДНБ-ий өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн арга хэмжээнд зарцуулах аж.