Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд өчигдөр 14.00 цагт ам.долларыг 2444 төгрөгөөр худалдан авч, 2447-гоор зарж байв. Мөн юанийг 368.5 төгрөгөөр аваад, 369.6-гаар борлуулж байлаа. Сүүлийн өдрүүдэд тэнд төгрөгийн эсрэг “ногоон” болон урд хөршийн мөнгөн тэмдэгтийн ханш суларсаар буй юм.
Тухайлбал, ченжүүд долоо хоногийн өмнө ам.долларыг 2452 төгрөгөөр аваад, 2454-өөр худалдаж байв. Бас юанийг 371 төгрөгөөр аваад, 371.5-аар зарж байлаа. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд төгрөгтэй харьцах ам.долларын ханш 0.3, юанийнх 0.7 хувиар сулрав. Монголбанкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханш ч доошилсоор буй.
Энэ сарын эхэнд гэхэд ам.доллар 2456.22 төгрөгтэй тэнцэж байсан бол баасан гаригийн байдлаар 2444.96-д хүрэв. Тэгвэл төгрөгийн эсрэг юанийн ханш энэ сарын 10-нд 369.13 төгрөг байснаас хойш доошлон, баасан гаригт 368.56 боллоо.