Сая гаруй хүн амтай нийслэл хотын маань нэн түрүүнд тулгамдсан асуудлуудын нэг бол яах аргагүй агаарын бохирдол. Гэхдээ үүнтэй эн зэрэгцэхүйц хүн амын эрүүл мэндэд аюул учруулж буй "чимээгүй тахал" бол хөрсний бохирдол юм. Айл өрхүүдийн бие засах газар, бохир усны нүх зэрэг ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ, ашиглалт, хог хаягдлын зайлуулалт хангалтгүй зэргээс болж хөрс бохирдож, үүнээс улбаалан ус бохирлогдож байдаг.
Өнөөдөр Улаанбаатарын гудамж талбайгаар явж байхад нийтийн бие засах газар, хогийн сав хангалттай байдаггүйгээс иргэд ил задгай бие засаж, хогоо хаях нь энгийн үзэгдэл болсон. Тэр дундаа гэр хорооллынхон хашааныхаа үүдэнд угаадсаа асгадгаас болж, өвөл нь хальтиргаа гулгаа үүсэж, хавар, намартаа шавар шавхайтай хутгалддаг нь нууц биш. Ялангуяа агаарт цацагдаж байгаа элдэв хорт хийнүүд хөрсөнд бууж улмаар ургамлын нөмрөгийг устгах, усыг их хэмжээгээр бохирдуулж байгаа учраас хөрсний бохирдолт нь хотын экосистемийн бохирдолтын төлөв байдлыг тодорхойлдог. Иймдээ ч нийслэлийн иргэдийн хувьд улирлын чанартай утаанаас илүү тулгамдаж буй нэгдүгээр асуудал бол хөрсний бохирдол юм.
Улаанбаатар хотын эрчимтэй суурьшлын бүсэд хамаарах эдэлбэр газрын хөрсний тогтоосон 50 гаруй цэгээс жил бүрийн 5, 10 дугаар саруудад дээж авч, шинжилгээ хийлгэж, хөрсний бохирдлын түвшинг тогтоох үнэлгээг хот суурин газрын хөрсний ариун цэврийн үнэлгээний үзүүлэлтийн норм / MNS3297-91/ -тай харьцуулан үнэлгээг өгдөг байна. Тус судалгаагаар 100 айл орчимд хром, хар тугалга, никель, Сонгинохайрхан дүүргийн Сонгины амралт орчим E.Coli бактер, мөөгөнцөр их хэмжээтэй харин Нарантуул захын орчим Аммоний азот 50 дахин их байгаа судалгаа гарсан байна.
Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын жорлон, үхсэн мал, нохойны хүүрийг ил хаях, автомашиний задгай угаалгын газар, эмнэлгийн аюултай хог хаягдал байдаг гэнэ. Хамгийн аймшигтай нь өвчин дамжих зам нь хүн бохир хөрснөөс ялаагаар дамжин халдвар авч болдог. Хүн төрөлхтөн ялааны хөлийг хорьж дийлэхгүй учраас хөрсний бохирдлыг багасгах нэг арга нь айл өрх иргэн бүр угаадсаа ил задгай асгахгүй байх, бохир усны цооногт асгах, эко жорлон ашиглах нь чухал юм. Гэвч энэ бүгдийг шийдвэрлэх дэд бүтэц манай улсад муу учраас хөрсний бохирдол их байна гэж ярьсаар хэдэн жилийг үдлээ.
Хэдийгээр хөрс бохирддог ч өөрөө цэвэрших чанартай. Органик хаягдал, нян, химийн бодисын нөлөөгөөр хөрсний өөрөө цэвэрших процесс хөрсний гадаргаас доош 0.2-0.25 метрийн гүнд явагддаг байна. Хөрсний өөрөө цэвэршилт нь бохирдолтын хэмжээ аль хэр байгаа, ямар төрлийн зүйлээр бохирлогдсон, цаг агаарын байдал, хөрсний бүтэц зэргээс хамаардаг байна. Манайд хөрсний бохирдол өөрөө цэвэршихээр хэмжээнээс давсан байдалтай болж байгаа билээ.
Ялангуяа хог хаягдал нийслэлийн толгойны өвчин хэвээр байна. Гэр хорооллынхон битгий хэл орон сууцныхан ч орцондоо хогоо хаячихдаг. Мөн манай хуулиуд ерөөс хэрэгжихгүй байна. 2012 онд батлагдсан хог хаягдлын хууль гэж бий. Тэнд зориулалтын бус газар хог хаясан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор заасан ч өнөөдөр хэрэгжиж байгаа юм алга.
Бохирлогдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг гэдгийг мэргэжилтнүүд улирал тутамд сануулсаар ирсэн. Мөн хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг.
Дэлхийн бусад улс орнууд био жорлон болон бохирын системийг хэдийнэ хэрэглээндээ нэвтрүүлсэн байдаг. Түүнээс суралцаж, туршлагаас судалж, өөрийн хөрсөндөө буулгах, тэр технологийг нь нэвтрүүлэх нь хамгийн шалгарсан арга ч байж мэдэх юм. Манай улсын, ялангуяа нийслэл, аймгийн төвийн гэр хорооллын айлууд, аялал жуулчлалын баазуудад бохирын системийг нэвтрүүлэх бүрэн боломжтой болжээ.
Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээр зэрэглэлд багтдаг юм байна. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг согогтой хүүхэд төрөх, цаашлаад үргүйтүүлэх хор уршигтай. Тиймээс нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах Төрийн бодлого, зохицуулалт шаардлагатай байгаа юм.
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗӨВЛӨМЖҮҮД
- Угаадсаа ил задгай асгахгүй байх
Угаадас нь гэр хороолол амьдардаг айлуудад төдийгүй орон сууцны айлуудад хамааралтай. Орон сууцанд амьдардаг хүмүүс орцныхоо гадаа хивс, автомашинаа угааж буй дүр зураг дулааны улиралд их элбэг харагддаг.
- 1900-аад оны хоцрогдсон газар ухаж жорлон гаргах технологиос татгалзах
Орчин үеийн боловсон жорлон ашигласнаар та хүйтний улиралд давсагны үрэвсэл /цестит/-т өвчин тусахгүй, дулааны улиралд ялаа зэрэг шавьж шавахгүй тав тухтай бие засах боломжтой.
- Хогоо ил задгай хаяхгүй байх
Ахуйн хог хаягдалаа зориулалтын хогийн уутанд савлаж, боож хаях
- Автомашинаа ил задгай угаахгүй, ус зайлуулах шугамтай зориулалтын угаалгын газраар үйлчлүүлэх
Автомашин угаалгын жижиг газруудын ихэнх нь ус зайлуулах шугамгүй байдаг
- Айл өрхүүдийн бие засах газар, бохир усны нүх зэрэг ариун цэврийн байгууламжийн хүрэлцээ, ашиглалт, хог хаягдлын зайлуулалт хангалтгүй зэргээс болж ус бохирлогдож байгаа учир ундны усаа баталгаатай газраас авах, усаа буцалгаж хэрэглэх, гэрийн нөхцөлд усыг зөөвөрлөх, хадгалахад онцгой анхаарах шаардлагатай
- Нэгэнт хөрсний бохирол ихтэй энэ үед дулааны улиралд хүүхдүүдээ гадаа тоглуулахдаа ариун цэврийг сайн сахиулах, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол угааж хэвших