АНУ-ын занараас газрын тос үйлдвэрлэх хэмжээ үлэмж нэмэгдэн, түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэй гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлэв. Тодруулбал, 2025 он гэхэд тус улсын үйлдвэрлэл Саудын Арабынхтай дүйхээр байгаа аж. АНУ-ын занараас “хар алт” үйлдвэрлэх хэмжээ дээрх хугацаанд одоогийнхоос даруй 34 хувиар өсөж, өдөрт есөн сая баррельд хүрнэ гэж таамаглажээ.
Одоогоор газрын тосны ханш сүүлийн хоёр жилийнхээ дээд түвшинд хүрэн, баррель нь 65 ам.доллартой тэнцэж буй юм. Нийлүүлэлт ийн нэмэгдэхээр байгаа тул 2025 он гэхэд баррель газрын тосны үнэ дунджаар 83 ам.долларт (өмнө нь 101 “ногоон” байна гэж тооцож байв) хүрнэ хэмээн тооцжээ. Тэгвэл 2040 онд дээрх тоо 111 (125 ам.долларт хүрнэ хэмээн таамаглаж байсан) болно гэж таамагласан гэнэ.
Уг таваарын ханш доошлохоор буй нь эрэлтийг нь өсгөхөөр байгаа аж. Цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдэхээр байгаа ч 2025 он гэхэд дэлхий даяар улс орнууд өдөрт 100 гаруй сая баррель газрын тос “залгих” тооцоо гарсныг “Bloomberg” уламжиллаа.