Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах тухай буюу Боннын конвенцын талуудын XII бага хурал өнгөрсөн сарын 23-28-нд Филиппиний Манила хотод боллоо. Гурван жил тутам болдог тус хурлын үеэр Монгол Улс нэн ховор зарим амьтныг конвенцод бүртгүүлэх санал гаргаж, оролцогч талуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. Уг конвенцод бүртгүүлснээр тэдгээр амьтныг устахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлж, олон улсын байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж буй юм байна. Тус конвенцын үндэсний зохицуулагч, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяагаас энэ талаар тодруулахад, амьтныг Боннын конвенцын нэгдүгээр хавсралтад оруулах санал гаргасан нь олон улсад дэмжигдлээ. Түүнчлэн тус конвенцын нэгдүгээр хавсралтад хэдийнэ оруулчихсан байсан хонин тоодог шувууг хамгаалах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөгөө танилцуулж, баталгаажууллаа. Устах аюулд өртсөн амьтдыг тус конвенцын нэгдүгээр хавсралтад багтаадаг журамтай. Монгол Улс уг конвенцод 1999 онд нэгдсэн. Конвенцод нэгдэн орсон улс орнууд хууль тогтоомжийнхоо хүрээнд тухайн амьтдыг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Түүнээс гадна бусад улс оронтой хамтрах шаардлага ч бий. Хонин тоодог гэхэд нүүдэллэж амьдардаг, Монгол, Кыргыз, Казахстан, Иран, Тажикистан зэрэг 12 оронд тархсан. Манай Засгийн газар санал өргөн барьсан гэдэг утгаараа хонин тоодгийг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр бүс нутгийн хэмжээнд санаачилга гарган ажиллах ёстой. Ирэх жил төрийн бус байгууллага, судлаачид, бусад улс орноос мэргэжлийн хүмүүсийг урьж, хэрхэн хамтран ажиллахаа тогтоохоор төлөвлөсөн гэв.