Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт эко парк байгуулах ажлын явцын талаар “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал П.Цэндмаагаас тодрууллаа.
-Хог хаягдлыг дахин боловсруулах, үйлдвэрлэл технологийн эко парк барих тухай 2013 оноос ярьж эхэлсэн ч үр дүн төдийлөн харагдахгүй байна. Ажлын явц ямар байна вэ?
-Хог хаягдал дахин боловсруулах 28 аж ахуйн нэгжийн барилгын эскиз зургийг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар руу нэгдсэн журмаар өгсөн. Эхний ээлжийн хөрөнгө оруулалт орж ирээд байна. Арваннэгдүгээр сараас үйлдвэрүүд хөрөнгө оруулалтаа авах юм. Дээрх аж ахуйн нэгжүүд Нарангийн энгэр болон Цагаан даваанд эргэлтийн цэгээ тодорхойлж, газраа хөндсөн. Газар шорооны ажлаа эхлэх гэхээр эскиз зураг батлагдаагүй учраас хүлээж байна. Гэхдээ одоо газар хөлдсөн тул ирэх оны гуравдугаар сараас үйлдвэрүүдээ барьж эхлэх юм.
-“Эко парк” төслийн хүрээнд хэчнээн үйлдвэр байгуулах билээ?
-Суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж буй, дахин боловсруулах үйлдвэрүүдийг төвлөрсөн хогийн цэгт цогцоор нь байгуулахыг эко парк гэж ойлгож болно. Төслийн хүрээнд нийт 20 үйлдвэр барина. Үүний тав нь Монголд өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй чиглэлийн үйлдвэр байх юм. Тодруулбал, барилгын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулах, органик хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх, хаягдал шилийг дахин боловсруулж ус шингээж, чийг гадагшлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Энэ нь борооны усыг шингээж зам эвдрэхээс хамгаалахаас гадна газар тариаланд ус чийгийг тэнцвэржүүлнэ. Мөн нохойны арьс боловсруулж, БНХАУ руу экспортлохоос гадна электрон хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах юм. Эко парк 2020 он гэхэд ашиглалтад орно. 2019 онд 10 гаруй үйлдвэр ажиллаж эхэлнэ.
-Хог хаягдлыг баялаг болгоход тулгамдсан асуудал юу байна?
-Гол хөдөлгөх хүч нь төрийн бодлого, урамшуулал. Хог хаягдлын тухай хуулийг өнгөрсөн тавдугаар сарын 12-нд баталсан. Дагаж мөрдөх журмыг нь боловсруулах ажлын хэсэгт нь манай байгууллагаас оролцож байгаа. Дотооддоо үйлдвэрлэж буй ижил төрлийн бүтээгдэхүүнийг гадаад улсаас оруулж ирвэл татвар өндөр тавих шаардлагатай.
-Иргэд хогоо ангилан хаядаг болох нь үйлдвэрлэл явуулахад тус дөхөмтэй. Үүнтэй холбоотойгоор ямар ажил хийж байна вэ?
-“Экологийн боловсрол” гэсэн төсөл хөтөлбөрийг өнгөрсөн оноос эхлэн нийслэлийн Боловсролын газартай хамтран хэрэгжүүлж байна. Ерөнхий боловсролын 40 сургуулийн сурагчдад “Хоггүй сургууль-эко орчин” сэдэвт сургалт явуулж, хүүхдүүдийн анги танхим, орчиндоо хаяж буй хогийг дахин боловсруулах үйлдвэр рүүгээ нийлүүлж байгаа. Энэ жил нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгээр 200 гаруй сургуулийн сурагчдад эко боловсрол олгох ажлыг зохион байгуулж байна. Хүүхдүүд багаасаа хог хаягдлыг ангилан ялгаж, баялаг болдог гэдгийг ойлгох нь чухал. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь буюу аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, гэртээ байхдаа зөв ангилан ялгачихвал дахин боловсруулах үйлдвэрт очоод нэмүү өртөг шингэхэд бүтээгдэхүүний үнэ хүртэл буурна шүү дээ. Бохирдсон хогийг ялгаж, дахин угааж цэвэрлэх гээд ажиллагаа ихтэй. Японд иргэд нь ундааны саваа угааж цэвэрлээд хогийн саванд хийх жишээтэй. Энэ менежментийг бий болгох үүднээс багш нараар дамжуулан сурагчдад, сурагчдаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьж байна. Мөн аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаад сурчихвал байгаль орчин бохирдохгүй гэдгийг ойлгуулахын тулд албан байгууллагуудад зориулсан журам гаргасан. Түүнчлэн хог хаягдлын талаар мэдээллийн сан үүсгэж байна. Дахин боловсруулах үйлдвэр хаана байрладаг, ямар төрлийн бүтээгдэхүүн авдаг, машин нь хаагуур явж байгааг мэдээлэх аппликейшн бүтээсэн.