Үндэсний бахархалт шувуугаар зарласан идлэг шонхроороо манайхан ил, далд аргаар бизнес хийсээр, түүнийг нь байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагынхан нь мэдсэн атлаа таг дуугүй байсаар өдий хүрэв. Магадгүй ямар нэг ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй учраас арабуудад нууцаар борлуулдаг байхыг ч үгүйсгэхгүй. Улсын төсөвт чамгүй мөнгө оруулдаг, арабуудын сонирхлыг ихээр татдаг тул идлэг шонхрын бизнес ашигтай байдаг биз. Катар, Кувейт, АНЭУ-ынхан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу яамнаас идлэг шонхор барих зөвшөөрөл авдаг ч, монголчуудын нүдийг хариулж байгаад тоогоо хэтрүүлэх явдал байдаг аж. Үүнд хэн ч хяналт тавьдаггүйг Үндэсний аудитын газраас хийсэн нийцлийн аудитын шалгалтаар ил болгожээ. “Идлэг шонхор шувуу барих, гадаад оронд гаргах үйл ажиллагааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн нийцлийн аудитын тайлан”-д дурдсанаар холбогдох хууль, журмуудыг хариуцсан байгууллагууд нь зөрчиж буйг онцолжээ.
ШОНХОР БАРИХ, ГАРГАХ ТООГ НУУЦЛАХ ХЭРЭГ БАЙСАН ГЭЖ ҮҮ
ҮАГ-аас хийсэн шалгалтад БОАЖЯ, ГЕГ, МХЕГ, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Архангай, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий, Ховд аймгийн Мэргэжлийн хяналт болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар, зарим сумын ЗДТГ-ын 2013-2014 оны баримт материалыг хамруулсан аж. Уг нь бол 2013-2016 онд идлэг шонхор шувууг тусгай зориулалтаар гадаадад гаргасан байдлыг хамруулахаар Улсын ерөнхий аудитор тушаалаараа баталсан юм билээ. Гэвч төрийн бахархалт шувуу барих тоо хэмжээг тогтоосон Засгийн газрын 2015-2016 оны тогтоол нь нууцын зэрэглэлтэй гарсан учраас нягталж чадаагүй гэнэ. Уг нь уг нууц тогтоолуудтай танилцах хүсэлт тагнуулын байгууллагад тавьсан ч “хуульд заасан зохицуулалтын дагуу ил болгох хүртэл танилцуулах боломжгүй” гэсэн хариу өгчээ. Нууцалсны цаана ямар ашиг сонирхол нуугдаж буй нь бүрхэг өнгөрсөн гэсэн үг.
Харин түүнээс өмнөх жилүүдэд Монгол Улсаас гадаадад амьдаар нь гаргах идлэг шонхор шувууны тоо хэмжээг Засгийн газраас тогтоохдоо нууцалсан зүйл байгаагүй аж. Тухайлбал, 2010-2011 онд 240 толгой, 2012 онд 150 толгой байхаар тогтоож байж. Харин 2013 онд 20 хүртэл толгой, 2014 онд 40 хүртэл толгой идлэг шонхор шувууг тусгай зориулалтаар гаргахаар шийдвэрлэсэн байв. Ингэж тоо нь эрс багассан нь “Үндэсний бахархалт шувуу”-гаар зарлаж, Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор Идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гадаадад гаргахыг таван жилийн хугацаатай хориглох тухай шийдвэр гарсантай холбоотой. Шийдвэр гарсан онд л тоо нь эрс багассанаас бус, түүний дараах жилүүдэд өссөн үзүүлэлттэй байна. 2014 онд 40 шонхор гаргасан талаар дээр дурдсан бол 2013-2014 онд, Катар, Кувейт, АНЭУ-ын дээд хэмжээний төлөөлөгчдөд идлэг шонхор шувуу бариулах, гаргах талаарх гэрээг тухайн үеийн БОНХЯ байгуулан, 55 толгой шонхор экспортлох тусгай зөвшөөрөл олгосон аж. Тодруулбал, Кувейтэд 35, Катар, АНЭУ-д тус бүр 10-ыг гаргах гэрчилгээ өгчээ. ҮАГ-ын дүгнэлтэд дурдсанаар БОНХЯ (хуучнаар) идлэг шонхор шувуу барих, гадаад оронд гаргах үйл ажиллагаанд тавих хяналтын чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэжээ.
Арабууд барих шонхрынхоо тоог хэтрүүлдэг талаар нийтлэлийн эхэнд дурдсан. Зөвхөн 2014 оны аудитын дүгнэлтээс харахад Баянхонгор аймгаас шонхор барих зөвшөөрөл олгоогүй байхад хоёрыг барьсан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Дундговь аймгаас тусгай зөвшөөрөлд заасан тоо хэмжээнээс хэтрүүлсэн зөрчил гаргаж байж.
САЙД НАР ДҮРЭМ, ЖУРМАА ЗӨРЧИЖ БАЙВ
“Монгол Улсын нутаг дэвсгэрээс идлэг шонхор амьдаар барих, тээвэрлэх, арчлах, экспортод гаргах үйл ажиллагаанд мөрдөх журам” гэж хууль эрх зүйн акт бий. Үүгээр идлэг шонхор барих, гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох, гадаадад гаргах, хяналт тавихтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулж байгаа ч эрх бүхий төрийн өндөр албан тушаалтнууд уг журмын заалтыг зөрчсөн байх юм. Тухайлбал, 2013 онд Кувейт улсын төлөөлөгч Монгол Улсад айлчилж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны сайд шонхор бэлэглэх хүсэлт гаргасан аж. Уг хүсэлтийг нь харгалзан ямар ч гэрээ байгуулалгүй шонхор барих зөвшөөрөл өгч байсан нь аудитын шалгалтаар илэрхий болжээ. Мөн 2014 онд Засгийн газраас АНЭУ-ын төлөөлөгчид идлэг шонхор шувуу бэлэглэх тухай албан бичгийг үндэслэн гэрээ байгуулахгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь мөн л дээрх журмын заалтыг зөрчсөн байх юм. БОНХЯ-ны дэргэд Шонхор барих, гаргах ажлыг удирдан зохицуулах зөвлөл гэж байдаг аж. Гэтэл тус зөвлөлийнхөн идлэг шонхор шувуу барьсан орон нутгийн тодорхойлолт, төлбөр, хураамж тушаасан баримт бичгийг харгалзахгүйгээр экспортлох зөвшөөрөл олгосон нь байгалийн нөөц ашигласны төлбөр төлөхгүй байх, нутгийн захиргааны байгууллагын хяналтаас гаргах нөхцөл бүрдүүлжээ.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 12.1.6-д “Гадаадын иргэнд агнуулсан болон гадаад улсад амьдаар нь аливаа зориулалтаар гаргасан ан амьтны төлбөрийг тухайн ан олзворын гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнээр тооцно” гэж заасан. Мөн хуулийн 17.1.2-т “Ахуйн, үйлдвэрлэл, соёл, шинжлэх ухааны зориулалтаар агнасан бусад ан амьтны төлбөрийг тухайн ан амьтны толгой тутмын экологи-эдийн засгийн үнэлгээний 20- 40 хувиар”, 17.1.6-д “Амьдаар нь гадаад оронд гаргасан ан амьтны төлбөрийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцох”-оор зааж, ан амьтны нөөцийг гадаад улсад гаргах тохиолдолд нөөц ашигласны төлбөр өндөр дүнтэй байхаар хуульчилсан аж.
Эрх зүйн энэ зохицуулалтаас үзэхэд аливаа зориулалтаар гадаад оронд гаргаж буй идлэг шонхор шувууны байгалийн нөөц ашигласны төлбөрийг эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнээр тооцохоор байгаа юм. Тодруулбал, идлэг шонхрын гадаад зах зээлийн үнэ 12.000 ам.доллар гэж үзээд түүний 90 хувь 10.800 ам.доллар орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр заасан гэсэн үг. Гэтэл БОАЖ-ын сайдын 2012 оны А-299 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрээс идлэг шонхор амьдаар барих, тээвэрлэх, арчлах, экспортонд гаргах үйл ажиллагаанд мөрдөх журам”-д гадаад оронд худалдаалах зорилгоор идлэг шонхор шувуу барихад Засгийн газрын 2009 оны 112 дугаар тогтоолоор баталсан төлбөрт 960 ам.доллар авахаар, харин судалгаа шинжилгээ болон бусад зорилгоор барихад Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан экологи-эдийн засгийн үнэлгээ 16 сая төгрөгийг баримтлахаар зааж, хоёр өөр төлбөр тогтоосон нь хуулийн заалтыг зөрчжээ.
БОНХЯ (хуучнаар)-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газраас (хуучнаар) идлэг шонхор шувуу барих тусгай зөвшөөрлийг гадаадын иргэдэд олгохдоо хуулийн заалтыг буруу хэрэглэж Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон экологи-эдийн засгийн үнэлгээ болох 16 сая төгрөгийн 40 хувиар тооцон 6.4 сая төгрөгийг төлүүлж, төсвийн орлого дутуу төвлөрөх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Аудитад хамрагдсан хугацаа болох 2013- 2014 онд нийт 1.181.0 сая төгрөг орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээс 279.3 саяыг оруулж, 901.7 саяыг дутуу тушаажээ. Өгөөшийн төлбөр болох тагтааны үнийг бол бараг л төлдөггүй юм байна. Катар Улсын анчид 2014 онд Хэнтий аймгийн Мөрөн суманд 300 тагтааны үнэд 512 мянган төгрөг төлснийг эс тооцвол шүү дээ. Уг нь бол өгөөшийн төлбөрт 12 сая төгрөг орон нутгийн төсөвт төвлөрөх ёстой байж. Энэ мэтээр олон хууль, тогтоомж, дүрэм, журмаа төрийн байгууллагууд зөрчсөн нь ил болжээ.
Аудитын шалгалтын явцад илрүүлсэн дээрх зөрчлөөс үзэхэд БОНХЯ (хуучнаар) Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Амьтны тухай хууль, Ховор амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулиудад заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хуульд заасан журмуудыг батлаагүйгээс идлэг шонхор шувууг гадаад улсад гаргах үйл ажиллагааны хяналт суларч, хууль тогтоомж зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн байна.