Тариалан эрхлэхэд таатай бүсэд тооцож, газар нутгийнх нь 60 гаруй хувийг малын бэлчээрт ашиглах боломжтой гэж 1980, 1990-ээд онд мэргэжлийн хүмүүс тодорхойлсон Төв аймгийн Заамар суманд өдгөө алтны компаниуд, техникжсэн нинжа нарын хөлд сүйдээгүй, эрүүл газар бараг үлдсэнгүй. Ган зуд хэр барагтай тохиодоггүйгээс үүдэн иргэд Тосон Заамар гэж нэрийдэн, хайрлан хамгаалж ирсэн нутаг нь алтанд шунагсдын балгаар танигдахгүй болтлоо доройтож, өвөл, зунд малчдыг үе үе сандаргах болжээ. “Ухаагүй үлдсэн газар манай суманд хоёрхон байгаа нь малын гол бэлчээр Түмэнгийн дөрөлж, Өвөр наймган. Энэ бүсийн 21 мянган га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор АМГТГ-аас өнгөрсөн долдугаар сард сонгон шалгаруулалт зарласныг иргэд эсэргүүцэж, тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн. Гэвч дийлэнхийг нь хаалттай тендер нэрээр олгочихсон байсан. Нэг л өглөө компаниуд малчдын бэлчээрийг булааж мэднэ” хэмээн нутгийн иргэд ярьсан юм.
“Ил тод байдал сан” ТББ-аас авсан мэдээллээр Заамарт ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 123 компани байгаагаас 21-ийг нь сүүлийн гурван жилд олгожээ. Алт-ны шороон орд, хууль бусаар ашигт малтмал олборлогчид тус суманд хэтэрхий олон төвлөрснөөс байгаль орчин хэрхэн доройтож, сүйдэж буйг нутгийн иргэд үргэлж ярьж, анхааруулсаар ирсэн ч төр, засаг үл тоон, тус нутагт лицензтэй компанийн тоо улам нэмэгдсээр байгаад иргэд эмзэглэж сууна. Уурхайнуудаас хэдэн арав дахин олон нинжа, нөхөрлөл ч тэнд үүрлэдэг. Газар нутгийнх нь гагнаас болсон баялгийн мөрөөр Заамарт ирж суурьшсан иргэд хүн амынх нь цөөнгүй хувийг эзэлдгийг нутгийнхан хэлсэн юм.
Уул уурхай зөвхөн байгаль орчинд бус, иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд хэрхэн уршиг тарьдгийн тод жишээ Тоосон Заамарт нүүрлээд байна. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн тасгийн эмч нар тус сумын III багийн 520 иргэнийг үзлэг, оношилгоонд хамруулахад 400 гаруй нь тоосжилтоос үүдэлтэй амьсгалын замын өвчтэй байжээ. Нэг багийн иргэдийн 75 хувь нь ийм эмгэгтэй байна гэдэг тоолгүй орхиж, дуу алдаад өнгөрөх асуудал яавч биш. Гэвч аймаг, сумын удирдлага нь энэ талаар ганц ч үг ган хийлгүй өнгөрсөн нь хачирхалтай.
“Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” хэмээн Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл Заамар сумын зарим иргэн эх нутгаа бохирдол, доройтлоос хамгаалуулж, сэргийлэх байтугай өөрсдөө ч нутаг заагдахад хүрчээ. Тодруулбал, “Уулс Заамар” компанийн ашиглалтын талбай иргэдийн суурьшлын бүстэй давхацсан байж болзошгүйгээс уурхайнхан болон орон нутгийнхны дунд зөрчилдөөн үүсчээ.
Төв аймаг дахь “Мөнх ногоон хас” ТББ- ынхан өнгөрсөн наймдугаар сард энэ тухай бидэнд мэдээлж байв. Тэд “Хайлааст багийн нутаг, Туулын гүүр орчимд амьдардаг айлуудын суурьшлын бүс рүү уурхайнхан халдаж, эсэргүүцсэн өрх бүрт 500-900 мянгөн төгрөг өгөхөөр амлажээ. Биднийг очиход иргэд өнөөх мөнгийг нь хэрхэн хуваах талаар маргалдаж байлаа. Тус компанийнхан айлуудаас хоёр метр хүрэхгүй зайд торон хашаа татаж, шуудуу ухахаар зэхэж байна” хэмээснийг бид тухайн үед мэдээлсэн. Гэвч энэ асуудал нэг их удалгүй намжсан юм. Хайлааст багийнхны энэ тэмцэл ямар үр дүнд хүрснийг бид өнгөрсөн долоо хоногт газар дээрээс нь сурвалжлав.
Дунд галт нэртэй эл талбайд олборлолт явуулах зөвшөөрлийг “Булган ганганат” компани анх 2005 онд авсан ч хожим “Уулс Заамар”-т шилжүүлсэн байна. MV-00009305 дугаартай ашиглалтын талбай нь 167.6 га-г хамардаг бөгөөд лицензийн хүчинтэй хугацаа нь 2035 онд дуусах аж. Дахиад 18 жил тухайн бүсийг ухна гэсэн үг. Тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Оргилмаа энэ талаар medee.mn сайтад өнгөрсөн намар өгсөн ярилцлагадаа “Туулын гүүр орчимд буусан айлуудын дийлэнх нь нинжа, газар эзэмших бичиг баримтгүй. Манай компанийн мэдлийн газар. Мөнгө салгах гэсэн хүмүүс элдэв хэл ам гаргаж, худлаа зүйл яриад байгаа. Бид хуулийн дагуу ажиллаж, тэнд зөвшөөрөлгүй буусан хоёр айлыг нүүлгэх зардал болох 500, 500 мянган төгрөг өгсөн” хэмээн ярьжээ. Тэндхийн бүх айл газар эзэмших зөвшөөрөлгүй гэсэн атлаа хууль бусаар буусан хоёр айлд мөнгө өгсөн гэсэн зөрчилтэй зүйл ярьсан нь анхаарал татна. Энэ талаар тодруулахаар тус компанийн цахим хуудас дахь 880957XX дугаараар холбогдоход “Эргээд хариу өгье” гээд таг чиг болсон. Харин нутгийн иргэд арай өөр зүйл ярьж байна.
Хайлааст багийн иргэн Э.Ягаанцэцэг “Энэ компанийнхан биднийг нохой шиг үздэг. Юм хэлээд ч тоодоггүй. 100 гаруй хүнд мөнгө өгч гарын үсэг зуруулчихаад нөгөөхөө АМГТГ-т аваачсан сураг байна лээ. Хүмүүсийн гарын үсгийг хууль бус ажиллагаандаа ашигласан байх. Тэд хууль зөрчөөгүй бол иргэдэд мөнгө өгөх шаардлагагүй шүү дээ. “Уулс Заамар”-ын эзэн нь гадаад хүн байдаг гэсэн. Монгол талыг нь хариуцсан Оргилмаа гэх эмэгтэйтэй олон удаа ярьсан. Бид тэдний ажиллагааг эсэргүүцээд дийлэхгүй, аргаа ядаад экскаваторынх нь шанагатай шороонд хүртэл сууж байлаа. Нэмэр болоогүй. Заамар олон уурхайтай ч айлын хашаанд ингэтлээ тулгаж ухсан тухай би сонсоогүй. Монгол хүн ингэхгүй. Энэ талбайг өмнө нь эзэмшиж байсан компани суурьшлын бүсэд халдалгүй, тойруулж ухдаг байсан бол эднийх айлын хашаанд тулгаж байна. Ажилчдад нь “Та нар арай хэтэрхий ухаж байна” гэж хэлэхээр “Дарга тэг гэсэн юм чинь яалтай. Уначихгүй л бол тултал ух гэдэг юм” хэмээдэг. Цахилгааны утас таслах нь энүүхэнд. Энэ газар ашиглалтынх нь талбайд хамаардаг байлаа ч суурьшлын бүс рүү халдах эрх тэдэнд байхгүй” гэсэн юм. Харин “Мөнх ногоон хас” ТББ-ын тэргүүн “Тэр хавьд 48 айл бий. Бүртгэлгүй өрх ч бий. 10-аад нь газар эзэмших албан ёсны бичиг баримттай юм билээ. Тийм байтал тус компанийнхан манай эзэмшлийн талбай хэмээн дайрсаар байгаа. Тэндхийнхний хэлж буйгаар “Уулс Заамар” бүх айлд мөнгө өгсөн гэсэн” хэмээн ярилаа.
Айлуудын хашаанаас хэдхэн алхмын зайд хүнд машин механизм ажиллана. Тэнд хэсэг хором зогсоход л хамар загатнан, найтаалгаж, дуу чимээ нь тээртэй санагдсаныг нуух юун. Гэтэл Хайлааст багийнхан ийм орчинд хэдийнэ дассан бололтой. Уурхайн зэргэлдээх дэлгүүрийн эзнээс “Танай газрыг хэзээ мөдгүй ухах нь. Яах бодолтой байна вэ” гэтэл “Бид юу хэлэх вэ дээ. Тэртээ тэргүй тоохгүй шүү дээ. Чамд элдэв юм ярьж, эд нартай муудалцаж байснаас дуугүй байсан нь дээр” гээд бухимдангуй ярив. Ямар эмгэнэлтэй вэ. Бодсон санаснаа хэлэхээс ч айж жийрхэн, амаа үдүүлнэ гэдэг. Нэгэн үед “Хууль бус олборлогчидтой тэмцье, үйл ажиллагааг нь таслан зогсооё” гэж хүчтэй дуугарч байсан ч шударга бус явдалд дөжирч тоохоо больсон, “Одоо нэмэргүй дээ” гэж итгэл алдарч, үгээ залгих хүн олширсныг нутгийн иргэд хэлж байлаа.
Иргэдийн хэлснээр “Уулс Заамар”-ынхан олборлолт хийх явцдаа цөөнгүй байгууламжийг “арчсан” гэх. Нутгийнхан өөрсдийн гараар бүтээсэн хүүхдийн тоглоомын талбай болон худгийг нь нүүлгэн шилжүүлжээ. Өмнөх худгийнх нь ус үе үе тасардаг байсан бол шинээр барьсан нь түүнээс ч дор аж. Үүнийг тэд уурхайн олборлолтоос болсон гэж үзэж буй. Иргэн Д.Бямбаа “Биднийг яаж амьдар гэж байгаа юм бол, бүү мэд. Доорх алтыг нь авахын тулд нүүлгэсэн худгаас нь ус гарахгүй юм. Уух усгүй байхад бид 900 мянган төгрөгөөр яах юм бэ. Манай эндхийнхэн бүгд харшилтай болсон. Сумын байгаль орчны байцаагч нь ч тоодоггүй. Хэнд хандах учраа мэдэхгүй байна” гэсэн юм. Машин, мотоцикл хөлөглөсөн залуус худаг руу чиглэхээс урьтан хэвийн ажиллаж байгаа, эсэхийг нь Д.Бямбаагаас лавлах аж. Худаг нь бүрмөсөн ажиллахаа больж, усны гачаалд нэрвэгдэх аюул нүүрлэснийг хэн хүнгүй мэддэг болсон бололтой.
“Уулс Заамар” компани иргэдийн эзэмшил газрыг булаасан уу, эсвэл тухайн хэсгийн айлуудтай давхцуулан газар олгосон уу гэдэг маргааныг цэглэх гол байгууллага нь АМГТГ юм. Энэ асуудлын учрыг олохоор тус газрын Кадастрын хэлтсийнхэнтэй уулзсан нь нэмэр болсонгүй. Хариуцсан дарга нь хөдөө ажлаар явсан учир тэд ам нээхийг хүсээгүй юм. Бид энэ тухай дараагийн сурвалжилгадаа хөндөх болно.
Үргэлжлэл бий.