Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр, 27-ны өдөр төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 28-ны өдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна.
Цаг агаарын энэхүү төлөв байдалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын дарга, захирагч нарт,
- Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нарт “Анхааруулах” мэдээг олон удаагийн давтамжтайгаар шуурхай хүргэх,
- Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваанд хальтиргаа гулгаа үүсэх, цасанд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарах зэрэг эрсдэл үүсдэг тул сум, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, үүрэг гүйцэтгүүлэх;
- Бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай мэдээ, мэдээллийг харилцан шуурхай солилцож ажиллахыг үүрэг болголоо.
Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:
- Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;
- Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учир хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.