Бөөнцагаан болон Орог нуурын сав газрын дагуу суурьшдаг Баянхонгор аймгийн Баянхонгор, Богд, Өлзийт, Жинст, Эрдэнэцогт сумын нутгаар урсдаг гол горхи, нуур, цөөрөм, булгийн тоо сүүлийн жилүүдэд цөөрч, урсац нь багасаж буйтай холбоотойгоор Орог нуур, Түйн голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлгийг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулжээ.
Усны түвшин буурахад хүний буруутай ажиллагаанаас гадна дэлхийн дулаарал эрчимтэй нөлөөлж байгааг мэргэжилтнүүд энэ үеэр онцлоод, усны нэгдсэн менежментийн төлөвлөгөө нэн даруй боловсруулж, зохисгүй хэрэглээг хялгаарлах шаардлагатай гэсэн шийдэлд хүрсэн байна. Бөөнцагаан, Орог нуурын сав газрын усны чанар маш цэвэр гэсэн ангилалд саяхныг хүртэл багтдаг байсан ч өдгөө эрс мууджээ.
Голын онцгой хамгаалалтын бүсэд иргэд дураараа халдаж, тухайн хэсэг дэх ургамлын бүрхүүлийг ихээхэн доройтуулсан нь үүнд нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзсэн аж. Эдгээр асуудлыг юуны түрүүнд шийдвэрлэсний үндсэн дээр төлөвлөгөө боловсруулах үүрэг даалгаврыг аймгийн удирдлага холбогдох албаныханд өгчээ.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн гадаргын усны нөөцийг 450, гүнийхийг 100 сая шоо км гэж тогтоосон байдаг гэнэ.